Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.25) Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Б.Уянга, Ц.Мөнхтуяа, О.Батнайрамдал, Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Б.Жаргалан, Г.Очирбат нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.


Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар байгуулагдсан Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв, төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, бусад хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг судлан санал, дүгнэлт боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажилласан.

Иймд хуулийн төслөөр нэгдсэн төсвийн цаглаврын хүрээ, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хуульд заасан эрх үүргийг нарийвчлах, нэгдсэн төсөв, төсвийн гүйцэтгэл батлах, УИХ-аас төсвийг буцаах, төсөв хугацаандаа батлагдахгүй байх, ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авахтай холбоотой асуудлуудыг тусган боловсруулжээ.


Төсөв хэлэлцэн батлах үе шатыг цаг хугацаа, агуулгын хувьд өөрчлөх хүрээнд: Төсвийн төслийг жил бүрийн 09 дүгээр сарын 01-ны өдөр өргөн барьж 11 дүгээр сарын 15-нд батлахаар хуульчилсан боловч Улсын Их Хурлын намрын чуулган 10 сард эхэлж байгаа нь төсвийн талаар Улсын Их Хурлын гишүүд, намын бүлэг, холбогдох талуудын бүрэн танилцах, мэдээлэлтэй байх, үр дүнтэй ажиллах боломжийг хязгаарлаж байна. Иймд Улсын Их Хурлын намрын чуулганыг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлж, Төсвийн төслийг 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэлэлцүүлэх. Ингэхдээ Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасан “... Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураалт ...”-ыг хэлэлцүүлгийг тусдаа үе шат болгон 5 үе шаттайгаар хэлэлцдэг байх нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуульд оруулах зэргийг тусгасан талаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл