Цэс

Холбоо барих

Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив


Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.06.27) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 11 минутад эхэлж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Тэрбээр салбар бүрээр мэдээлэл танилцуулсан бөгөөд эхлээд мал аж ахуйн үйлдвэрлэлийн талаар танилцуулав. Мал тооллогын 2024 оны жилийн эцсийн дүнгээр улсын хэмжээнд 57.6 сая толгой мал тоологдсон бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 19.0 сая төл хүлээн авч, төл бойжилт 98.6 хувьтай байгаа бол бод малын төллөлт үргэлжилж байгаа гэв. Урьдчилсан төлөвөөр энэ онд 20.0 орчим сая төл хүлээн авч, мал сүргийн тоо 77.6 сая, хонин толгойд шилжүүлснээр 110.0 сая толгойд хүрч, мал аж ахуйн салбарт өсөлт гарахаар байгаа хэдий ч бэлчээрийн даацаас 25.0 сая хонин толгойгоор хэтрэх төлөвтэй байгааг Г.Занданшатар сайд танилцуулсан.


Мал эмнэлгийн хаврын үйлчилгээ, арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 60.0 сая толгой мал хамруулахаас 58.4 сая толгой мал хамруулж, гүйцэтгэл 97.0 хувьтай байна. Гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 46.2 сая толгой мал, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын дархлаажуулалтад 4.2 сая толгой малыг хамруулж, гоц халдварт өвчний голомтын тоог 49.0 хувиар, халдварын гаралтыг өмнөх оны мөн үеийнхээс 98.0 хувиар бууруулсан үзүүлэлттэй байгаа гэв.

Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар Ерөнхий сайд үргэлжлүүлэн танилцуулсан. Энэ оны хаврын тариалалтыг нийт 650.1 мянган га-д хийхээр төлөвлөснөөс зургаадугаар сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд 479.5 мянган га-д тариалалт хийж, 74.0 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Тухайлбал, урьдчилсан байдлаар 300.1  мянган га-д үр тариа, үүнээс 264.8  мянган га-д улаанбуудай, 12.1 мянган га-д төмс, 9.2 мянган га-д хүнсний ногоо, 32.2 мянган га-д малын тэжээл, 126.3 мянган га-д тосны ургамал нийтдээ 479.5 мянган га-д тариалалт хийгдэж байна. Үр тариа, төмсний тариалалт дууссан, малын тэжээл, хүнсний ногооны тариалалт хийгдэж байгаа юм байна. 2024 оны намрын ургацаас 40.5 мянган тонн хүнсний улаанбуудайг хүлээн авч, нийт 70.7 мянган тонн стратегийн нөөцийн хүнсний улаанбуудай, есөн сортын 5.5 мянган тонн үрийн улаанбуудайн нөөцийг тус тус бүрдүүлжээ.

Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор улсын төсвийн 9.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 361.2 мянган ширхэг төмөр бетон шонг нийлүүлж, төр хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд 80.0 мянган га тариалангийн талбайг хашаажуулах ажлыг гүйцэтгэж байгаа гэв. Мөн хөргөлттэй агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 13.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 200-500 тонн багтаамжтай төмс, хүнсний ногооны зоорины барилга, 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 10 га талбайд жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн газрыг байгуулж байгаа аж. Мөн Г.Занданшатар сайд газар тариалангийн техник, тоног төхөөрөмж, үр бордоог дамжуулан борлуулах үйлчилгээг нэвтрүүлсэн талаар, тэжээлийн таримлын үрийн нөөц бүрдүүлэлтийн талаар дурдсан.


Ерөнхий сайд мэдээллээ хүнсний үйлдвэрлэлийн талаар үргэлжлүүлэв. Хүнсний боловсруулах үйлдвэрийн салбарын борлуулалтын орлого 2024 онд 10.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх онтой харьцуулахад 7.25 хувиар өссөн бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувийг эзэлж байгаа аж. Улсын хэмжээнд 17 аймгийн 25 суманд хоногт 904 тонн сүү боловсруулах хүчин чадал бүхий 88 үйлдвэр, цех болон сүү хүлээн авах 82 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд суурилагдсан хүчин чадлын 50 гаруй хувийг ашиглаж, 150.3 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулсан гэв. 940 мянган тонн үр тариа тээрэмдэх суурилагдсан хүчин чадал бүхий 58 гурилын үйлдвэр, цех байгаагаас ес нь тогтмол үйл ажиллагаа явуулж, нийт хүчин чадлын 30.0 хувийг ашиглаж байгаа аж.

2024 онд 148.4 мянган тонн гурил үйлдвэрлэж, гурилын хэрэгцээний 59.1 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасан үзүүлэлт гарлаа.

Энэ ташрамд “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, мах, махан бүтээгдэхүүний экспортын орлого 600.0 сая ам.долларт хүрснийг тэмдэглэсэн. Цаашид мах, махан бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлж, зах зээлийг тэлэхэд онцгой анхаарч, эдийн засаг, хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлнэ гэв. Үргэлжлүүлэн тэрбээр “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтууд, хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулсан нөөцийн мах бэлтгэл, сүү боловсруулах үйл ажиллагаанд оролцсон малчин, фермерт олгосон урамшууллын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.


Чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан мэдээллийнхээ төгсгөлд Ерөнхий сайд Г.Занданшатар хөнгөн үйлдвэрлэлийн талаар мэдээлэл өгөв. Хөнгөн, хүнсний үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл технологийн паркуудыг бүсчлэн байгуулахаар ажиллаж байгаа гэлээ. Манай улс мал аж ахуйн салбарын түүхий эдийн нөөцийн талаар дэлгэрнгүй танилцуулаад 2025 оны ноолуур бэлтгэлийн гүйцэтгэлийг танилцуулсан.   

Дэлхийн эдийн засгийн худалдааны тарифын нөхцөл байдал, зах зээл дэх ноолуурын үнийн бодит байдлыг харгалзан малчдын орлогыг бууруулахгүй байх, ноолуур бэлтгэлийн хугацаанд үндэсний үйлдвэрт хэрэгцээтэй санхүүжилтийг шийдвэрлэх, зээл олголтыг цаг алдалгүй зохион байгуулах зорилгоор арилжааны 2 банкаар 14.0 тэрбум төгрөгийн векселийн гэрээ байгуулжээ.  Цаашид нэмүү өртөг шингээн боловсруулсан 2.5 мянган тонн самнасан ноолуурыг экспортолж, 1.5 мянган тонн ноолуурыг дотоодын зах зээлд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглахаар төлөвлөөд байгаа талаар Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд танилцуулж байв.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн 9.6 мянган хоршоо шинээр байгуулагдаж, 95.1 мянган малчин хоршооны гишүүнээр элссэн. Улсын хэмжээнд 6.8 мянган хоршооны 23.6 мянган малчинд 798.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, 300.0 тэрбум төгрөгийн зээлд батлан даалт гаргасан байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 2024-2025 онд 57.4 тэрбум төгрөгийг эргэн төвлөрүүлсэн бөгөөд нийт 395 төсөлд 55.9 тэрбум төгрөгийн зээл олгож, 1083 ажлыг байрыг шинээр бий болгосон хэмээгээд Ерөнхий сайд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан (бүрэн эхийг эндээс).



Ерөнхий сайдын дээрх мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийн үг хэлэх зохицуулалттай. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурал дахь ХҮН-ыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг нар үг хэлсэн.

Ерөнхий сайд мэдээлэл, цөөнхийн төлөөлөл үг хэлсний дараа дэгийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, Г.Ганбаатар, Ш.Бямбасүрэн, Б.Жаргалан, Дав.Цогтбаатар, С.Цэнгүүн, О.Цогтгэрэл нар Ерөнхий сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав.


“Шинэ хоршоо” хөдөлгөөний үр дүнгийн талаарх гишүүдийн асуултад “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ё.Азжаргал хариулахдаа “Таван жил үргэлжлэх төлөвлөгөөтэй энэ хөдөлгөөн өрнөсөн эхний жилдээ хугацаанд 21 аймаг, 330 сумын  193 мянган малчин өрх буюу 300 мянга гаруй малчинд хүрч ажилласан. 6 хувийн хүүтэйгээр 798 орчим тэрбум төгрөгийн зээл олгожээ. Зээл авсан малчид маш хариуцлагатай, санхүүгийн сахилга баттайгаар зээлээ төлж байгаа. Өнөөдрийн байдлаар хуваарийнхаа дагуух төлөлтөөр 20 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна” гэв. 2024 онд 8000 гаруй хоршоо татварын тайлангаа өгсөн бөгөөд 402 тэрбум төгрөгийн борлуулалттай ажилласан учраас 570 орчим төгрөгийн татвар төлсөн гэдэг мэдээлэл өгсөн. Шинээр байгуулагдсан хоршоодод одоо зээл авах боломж бий эсэхийг тодруулахад холбогдох шаардлагыг хангасан хоршоо зээлээ хэвийн аваад явж байгаа хэмээн хариулсан.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бодлогын томоохон өөрчлөлт хийх, боловсон хүчнээ шинэчлэх тал дээр анхаарал хандуулахыг гишүүд хэлж байв. Мал аж ахуйн орон атлаа иргэд нь жилийн ихэнх хугацаанд нөөцийн, хөлдөөсөн мах хүнсэндээ хэрэглэдэг тогтолцоог өөрчлөх саналаа Д.Амарбаясгалан дарга хэлээд “Шинэ хоршоо хөдөлгөөний гол зорилго нь малчид урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл аваад, боломжоороо үйл ажиллагаагаа өргжүүлээд, төрөөс хамааралгүйгээр аж амьдралаа авч явдаг бололцоог бүрдүүлэх юм” хэмээв. Үр дүнтэй бодлого, арга хэмжээгээ бүх шатандаа дэмжин хэрэгжүүлж, хамтран ажиллаж илүү бүтээмжтэй, бүх тал харилцан ашигтай, өгөөжтэй байх нь чухал гэдгийг тэмдэглэж байв. Шинэ хоршоо хөдөлгөөнийг эхлүүлэхээс өмнө малчид жилийн 24 хувийн хүүтэй зээл авах л боломжтой байсан нь салбарын хөгжил, өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж байсныг хэлэв. Урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авах нөхцөл бүрдсэнээр бизнес эрхлэх боломжтой болсон хэмээлээ. Манай улсын нийт хөдөлмөр эрхлэгчийн 4 нь хүний нэг тутам нэг нь мал ахуйн салбарт ажилладаг, “Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилт болох 798 тэрбум төгрөгийг хуваахад нэг малчинд 2.6 сая төгрөг ногдоно гэдэг тооцооллыг хэлж байв. Үр дүнгийн талаар ярихад эрт байгаа хэдий ч зорилтот бүлэгтээ хүрч буй эсэхэд тал бүрдээ хяналт тавьж ажиллах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байсан.


Ноолуурын бэлтгэл ажил, дотоодын худалдан авалтыг зохион байгуулах ажлын явцын талаарх асуултад Ж.Энхбаяр сайд хариулт өгсөн. Тэрбээр ноос, ноолуур, арьс ширний бэлтгэл, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөнгөн үйлдвэрийн салбараа шинэ шатанд гаргах зорилготой “Цагаан алт” үндэсний хөтөлбөр батлагдсан болохыг дурдав. Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлийн 50 хувийг дангаараа бэлтгэн нийлүүлж байгаа, өөрөөр хэлбэл бидний өрсөлдөх чадвар өндөр гэж ойлгож болно хэмээгээд “Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас бодлогын дэмжлэг, техникийн зохицуулалтууд хийсэн. Монгол Улс түүхий ноолуур экспортод гаргахгүй, угаасан, самнасан ноолуураа экспортлох бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Сүүлийн 30 жил үндэсний үйлдвэрүүд ноолуурын худалдан авалтыг амжилттай зохион байгуулж чадлаа” гэдэг хариулт өгсөн.  

Үйлдвэрлэл технологийн паркийн талаарх гишүүдийн асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар хариулт өгсөн. Аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц инженерийн бүтцийн санхүүжилт тодорхойгүй, хангалтгүй, татвар, зээлийн хөнгөлөлтийн бодлого хангалтгүйгээс аж үйлдвэрийн паркууд бүрэн утгаараа ажиллаж байгаа парк байхгүй гэв. Эдгээрийг бодлогоор дэмжиж, байгуулж чадвал 400-500 тэрбум төгрөгийн орлого оруулах бололцоотой гэсэн тооцооллыг дурдав. Иймд аж үйлдвэрийн паркийн эрх зүй орчныг нэгтгэх, уялдаа холбоог сайжруулах цогц бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэлээ.


Улаанбуудайн энэ хаврын тариалалтын нөхцөл байдал, ирэх намрын хүлээгдэж буй гүйцэтгэлийн талаарх гишүүдийн асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хариулт өгөв. Монгол Улс 2024 онд гурилын хэрэглээнийхээ 59.1 хувийг, дотоодын үйлдвэрлэлээр, үлдсэн 40.9 хувийг импортоор хангасан. Урьдчилсан тооцооллоор гурил үйлдвэрлэлд 154 мянган тонн улаанбуудай ноогдохоор байгаа нь гурилын хэрэгцээнийхээ 44 хувийг дотоодын үйлдвэрээр хангах төлөвтэй байна. Иймд 150-160 мянган тонн улаанбуудай импортоор авна гэдэг тооцооллыг танилцуулсан. Нөхцөл байдал ийм байгаа учраас Засгийн газар, салбарын яам улаанбуудай, гурилын хангамжийн асуудалд онцгой анхаарч байгааг Ерөнхий сайд хэлж байв.


Гишүүдийн нөөцийн мах бэлтгэлийн талаарх асуултуудад дараах хариултыг өгч байв. Мах бэлтгэлийн ажлыг орон нутаг хариуцан, өөрсдийн эх үүсвэрээр нөөцөө бэлдэх тогтолцоотойгоор ажиллаж байгаа юм байна. Нөөцийн мах бэлтгэх үйл ажиллагаанд яам ямар ч оролцоогүй, харин экспортыг бүх одоо чиглэлээр урамшуулж байгаа гэв. Мах экспортлоход татварын болон квотын хязгаарлалт байхгүй байгаа нь махны экспортыг идэвхжүүлж байна. Жилдээ 10-20 сая ам.доллароос илүү гарч байгаагүй махны экспорт сүүлийн 2 жилийн хугацаанд нийт 600 сая ам.долларт хүрсэн гэв. Бэлчээрийн даац хонин толгойд шилжүүлснээр 20-25 сая толгой малаар хэтэрч байгаа учир хонь, ямаа, адуу гэсэн гурван төрөл дээр сүргийн бүтцээр, тоо толгойг  багасгах бодлого, стратеги барьж байгаа. Үүний үр дүнд бэлчээр ашиглалт зохистой түвшин рүү сайжрах, бэлчээрийн доройтлоос сэргийлэх, малын эрүүл ахуйн асуудалд анхаарах, нөгөө талдаа малчдын орлогыг нэмэгдүүлэх гээд олон талын ач холбогдолтой байгаа гэв.


Монгол Улсын сүүний жилийн хэрэгцээ 170 мянган тонн, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ 190 мянган тонн байдаг. 17 аймгийн 25 сумд сүү хүлээн авч, боловсруулах хүчин чадал бүхий 88 үйлдвэр, цех байгаа бол сүү хүлээн авах хөргөлттэй 82 төв үйл ажиллагаа явуулдаг гэдгийг асуултынхаа үеэр гишүүд хэлж байсан. Гэвч нийт хүчин чадлынхаа 50 хувийг ашиглан зах зээлийнхээ 53 хувийг хангаж, үлдсэнийг нь импортоор авдаг. Эрэлт, үйлдвэрлэлээ ашигтай түвшинд нийцүүлэх чиглэлээр авч болох арга хэмжээний талаарх асуултад Ж.Энхбаяр сайд хариулсан. Газар тариалангийн бүс нутгийн тэжээлийн бааз дээр тулгуурлаж байнгын саалийн горимд байдаг фермүүд хөгжүүлж байж дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангах боломжтой гэлээ. Үүний тулд “Атрын IV аян”-ы хүрээнд газар тариалан, мал аж ахуйг хослуулан эрчимжсэн аж ахуй байгуулах төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа аж. Юуны өмнө үхэр сүргийнхээ чанарыг сайжруулах, ашгийг нь нэмэгдүүлэх үүднээс 200 хүртэл мянган толгой мах, сүүний чиглэлийн үхэр авах шаардлага байгаа гээд энэ чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцын талаар мэдээлэл өгсөн.


Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсаар иргэдээс ирүүлсэн асуултыг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар, М.Мандхай нар танилцуулж, Ерөнхий сайд Г.Занданшатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ё.Азжаргал нар хариулт, мэдээлэл өгсөн юм. Иргэд “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд олгогдож буй зээл зорилтот бүлэгтээ очиж буй эсэхийг, энэхүү хөдөлгөөний үр дүнд малчдын орлого хэрхэн өссөн талаарх тоо баримтыг, үр дүнгийн талаар, бэлчээрийн даацыг зохист түвшинд хүргэх чиглэлээрх бодлогын арга хэмжээний талаар, мах боловсруулах үйлдвэрлэлийг сайжруулах, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээрх бодлогын дэмжлэгийн талаарх асуултуудад хариулт өгсөн.


Ийнхүү Ерөнхий сайд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд мэдээлэл танилцуулах дэгийн дагуу өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаар мэдээлэл танилцуулсан юм.

Дараа нь санал хураалт явууллаа. Үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулаад, үдээс хойших хуралдаанаар санал хураалт явуулахаар товлосон. Энэ дагуу санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 99 гишүүний 57.6 хувь нь дээрх төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.


Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл