Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 26 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газар дахь хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна.

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Хуулийн төсөл буцаах тухай, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай   Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн байна. Тухайлбал,  Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолуудаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нараас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Их Хуралд Цусны донорын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь тус тус буцаасан байна.

Харин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолоор Цэнддаваагийн Амартөгс, Должингийн Баатарсайхан, Бадамцоогийн Идэрчулуун нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөлсөн бол Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолоор Цэнддаваагийн Амартөгс, Лхагвасүрэнгийн Золзаяа, Бадамдоржийн Төгсцэнгэл нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр тус тус томилжээ. Түүнчлэн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн “Эрхлэх асуудлын хүрээ, харьяалал” гэсэн баганын “Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлын хүрээнд” гэснийг, “Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлын хүрээнд” гэснийг, “Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний  хорооны даргын эрхлэх асуудлын хүрээнд” гэснийг тус тус хассан ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл