Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр (2025.06.27) хуралдаж Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэн, эдгээр хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа.
Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, ““Алт-3” аяны хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулсан талаар тэрбээр дурдаж, төслүүдэд тусгагдсан гол асуулгыг тайлбарласан юм.
Хууль, тогтоолын төслүүдэд Боловсролын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зориулалтаар барилга байгууламж шинээр барьсан бүх аж ахуйн нэгж, байгууллагад татварын хөнгөлөлт олгох, төрийн албан хаагчийн цалин хөлс, нэг удаагийн буцалтгүй тусламжтай холбоотой зарим зохицуулалтыг цэгцлэх, төсвийн хуулиар баталсан төвлөрүүлэх орлогыг дайчлах, төсвийн сахилга батыг чангатгах болон төсвийн зардлын хэмнэлт, үр нөлөөтэй санхүүжилтийн үндэс суурийг тавихад чиглэсэн цогц арга хэмжээ, алтны геологийн судалгаа, эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг идэвхжүүлж, гадаад валютын нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэхтэй холбоотой арга хэмжээг тус тус тусгасан байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, Н.Алтанхуяг нар 14 000 төрийн албан хаагчийг цомхотгох тооцоо болон хуулийн үндэслэлийн тухай, халаа сэлгээнээс өмнө бүтцийн өөрчлөлт хийх бодлого боловсруулж байгаа эсэхийг асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариулахдаа Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг Улсын Их Хурлаас батлахдаа төрийн албан хаагчдын тоог 9.0 хувиар цомхотгохоор тусгасныг дурдаад, үүнд багш, эмч нар хамаарахгүй гэдгийг онцолсон юм. Багш, эмч нараас бусад төрийн албаны сул орон тоог тооцож үзэхэд 6000 гэсэн тоо гарсан байна. Цомхотголыг эдгээр сул орон тоонд тулгуурласан тухай тэрбээр дурдаж, одоо ажлаа хийж байгаа төрийн албан хаагчдыг цомхотголд оруулахгүйгээр сул орон тоо, ажлын байрны давхардал, нягтралтай уялдуулж, сул орон тооноос хэмнэж цалингийн санг гаргахыг Засгийн газраас чиглэл болгосон байна. Энэ чиглэлийн дагуу тооцоо хийгээд улсын хэмжээнд 12800 орон тоог сул орон тоонд хамруулах бололцоотой гэж Сангийн яам үзжээ.
Хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, Б.Түвшин, Ж.Батжаргал, Б.Мөнхсоёл, Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нар үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд төсөв ихээхэн тэлснийг шүүмжилж, уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг зөв удирдаж, урсгал зардлыг бууруулан, эрсдлээс хамгаалах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн төвлөрлийг задлахад чиглэсэн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх, цалин, урамшууллын системийг тэгшитгэх, хөрөнгийн удирдлагыг сайжруулах шаардлагатайг дурдсан юм. Мөн төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, хувийн хэвшилд шилжүүлэх, хөрөнгө оруулалтыг эрэмбэлж, гүйцэтгэл, үр дүнд чиглүүлэх, хүний амьдралын чухал асуудал учир цомхотголыг сайтар судалж, тооцож хийхийг зөвлөж, төсвийн гүйцэтгэлд тавих Улсын Их Хурлын хяналтыг чангаруулах хэрэгцээ шаардлага байгааг тэмдэглэж байлаа.
Санал хураалт явуулахад Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, ““Алт-3” аяны хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хороны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Байнгын хорооны болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталлаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Г.Ганбаатар, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа, Дав.Цогтбаатар, Г.Тэмүүлэн нар ажиллахаар болов.
Дараа нь Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа нарын 16 гишүүний санаачлан, өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зүйл бүрээр явуулсан юм. Улсын Их Хурлаар төсөв хэлэлцэхтэй холбоотой Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний заалтыг хасах тухай Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалын гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл рүү шилжүүлэх тухай зохицуулалтын талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг асуулт асууж, хариулт авав. Бусад зүйл, заалтуудын талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргасангүй гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.