Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдсэн үзэл санааг төгөлдөржүүлж, хууль тогтоомж болон хууль тогтоомжийн төслийг боловсруулахдаа бүх үе шатанд хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх зарчим, шаардлагыг тэргүүн зорилт болгон дэвшүүлсэн. Энэ хүрээнд Улсын Их Хурлын даргын захирамжаар 60 гаруй ажлын хэсэг байгуулсан. Эдгээрийн нэг болох Улсын Их Хурлын даргын 2024 оны 72 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулж, өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг энэ сарын 26-ны өдөр Улсын Их Хурал баталсан. Тус хуулийн онцлох зохицуулалтын талаар ажлын хэсгийн гишүүн Х.Баасанжаргалаас тодрууллаа.
-Хууль тогтоомжийн хуульд өөрчлөлт оруулах гол үндсэн зорилго нь хүний эрхийг хангасан хууль тогтоомжийг Улсын Их Хурал баталдаг байхыг зорьсон. Ингэхдээ тухайн хууль хүний эрхийг хэрхэн хангаж, баталгаажуулж байгаа гэдгийг шалгах шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчилсан. Өмнө нь эдгээр үзүүлэлт байсан ч хэт ерөнхий байснаас шалтгаалаад хэрэгжилт хангалтгүй байсан. Хэрвээ хууль тогтоогчийн зүгээс хүний эрхийг хязгаарлах, тодорхой хэмжээгээр зорчих эрхийг, аюулгүй орчинд амьдрах эрхийг, чөлөөтэй газраа сонгон суух эрхийг хязгаарлах тохиолдолд ямар шалгуур хангасан байх, хамгийн бага түвшинд тухайн хүний эрхийг хязгаарласан хувилбарыг санал болгоно гэдэг нарийн шалгуур үзүүлэлтүүдийг оруулж ирсэн.
Хууль тогтоогчийн зүгээс өргөн барьсан хууль хамгийн бага түвшинд хязгаарлаж, хүний эрхийг зөв зохистойгоор хамгаалах асуудалд мэргэжлийн институциуд ажиллах механизмыг энэ хуулиар зохицуулсан нь давуу тал болж байна. Тухайлбал, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн Үндэсний Комиссоос энэ тохиолдолд санал авдаг боллоо. Энэ нь хуулийн хэрэгжилтэд үр дүнтэй механизм бүрдүүлж байна. Мөн иргэд, олон нийтээс ирүүлсэн саналыг хуулийн төсөлд бодитоор тусгасан эсэх талаар тайлбарыг заавал багтаана. Энэ нь хуулийн төслийн үндсэн бүрдүүлбэрт орно. Мөн хууль батлагдсаны дараа эдгээр хувийн хэрэг, баримт бичгүүд цахим санд нээлттэй байршина. Хууль хэрэглээний үед тухайн хууль тогтоомжийг эргээд хэрэглэхэд түүхчилсэн дэлгэрэнгүй байдлаар тайлбарлахад чухал ач холбогдолтой юм.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар