Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр (2025.06.24) хуралдаж, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний төсвийн ерөнхийлөн захирагч нар болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангийн талаарх танилцуулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хийлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд дээрх сайд нарын нийт 158 байгууллага, таван төсөл, сан, төрийн өмчийн есөн аж ахуйн нэгж нийт 144 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэсэн гаргасан болно. Хоёр сайдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 909.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч, үүнээс урсгал зардалд 737.2 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 123.6 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд эдгээр салбаруудад 156 төсөл, арга хэмжээнд 265.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 81.6 хувийн биелэлттэй байгаа ажээ.
Тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгдсэн тайлан төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав танилцуулав. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 2024 оны санхүүгийн нэгдсэн тайланд нийт 98 тайлан нэгтгэгдсэнээс 56 байгууллагын санхүүгийн тайлан дүгнэлт гаргаж, 42 байгууллагыг түүвэрт хамруулсан байна. Сайдын санхүүгийн нэгдсэн тайланд “хязгаарлалттай” гэсэн дүгнэлт өгсөн бөгөөд харьяа 44 байгууллагад “өөрчлөлтгүй”, 11 байгууллагад “хязгаарлалттай”, нэг байгууллагын санхүүгийн тайланд “татгалзсан” гэсэн дүгнэлт өгсөн байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын санхүүгийн тайланд нийт 11.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 0.2 тэрбум төгрөгийн есөн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 10.4 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 44 албан шаардлага хүргүүлжээ. 0.8 тэрбум зөрчлийг дахин давтан гаргахгүй байх 36 зөвлөмж өгч, хариуцлага тооцуулах дөрвөн албан шаардлага хүргүүлсний зэрэгцээ нягтлан бодох, бүртгэл тайлагналтай холбоотой 6.9 тэрбум төгрөгийн алдааг аудитын явцад залруулж, 12.6 сая төгрөгийн алдааг арилгах нэг зөвлөмж өгсөн байна. Нийцлийн асуудлаар нийт 10.2 тэрбум төгрөгийн илэрснээс 8.1 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 16 албан шаардлага, 2.1 тэрбум төгрөгийн зөрчлийг дахин давтан гаргахгүй байх 18 зөвлөмж өгч, зөрчил гаргасан хоёр албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар нэг албан шаардлага хүргүүлээд байгаа аж. 2012-2022 онд урьдчилж гарсан зардлын дансанд хуримтлуулан бүртгэсэн ажлуудын тооцоог хянаж баталгаажуулан үлдэгдлийг бууруулах арга хэмжээ авах тухай өмнөх оны аудитын дүгнэлтээр өгсөн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгааг ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав танилцуулгадаа дурдаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 35.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 15 төсөл, арга хэмжээг 2024 онд шинээр хэрэгжүүлэхээр баталснаас санхүүжилтийн гүйцэтгэл 69.1 хувьтай гарсныг мэдээлэв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгдсэн тайланд 64 тайланг нэгтгэснээс 52 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 12 байгууллагыг түүвэрт хамруулсан байна. Сайдын санхүүгийн нэгдсэн тайланд “хязгаарлалттай” гэсэн дүгнэлт өгсөн бол харьяа 38 байгууллагад “өөрчлөлтгүй”, 12 байгууллагад “хязгаарлалттай”, хоёр байгууллагад “сөрөг” гэсэн дүгнэлт өгчээ. Санхүүгийн тайлан нийт 253.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 0,2 тэрбум төгрөгийн зөрчилд 38 төлбөрийн акт тогтоож, 230.8 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 92 албан шаардлага, 22.2 тэрбум төгрөгийн зөрчлийг дахин давтан гаргахгүй байх 98 зөвлөмж өгч, хариуцлага тооцуулахаар нэг албан шаардлага хүргүүлжээ. Мөн нягтлан бодох бүртгэл тайлагналтай холбоотой 147.6 тэрбум төгрөгийн алдааг аудитын явцад залруулж, 14.2 сая төгрөгийн алдааг арилгах дөрвөн зөвлөмж өгсөн байна. Нийцлийн аудитаар нийт 10,1 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 1,5 сая төгрөгийн нэг төлбөрийн акт тогтоож, 6.0 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 17 албан шаардлага хүргүүлж, 4.1 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 31 зөвлөмж өгч, хариуцлага тооцуулахаар нэг албан шаардлага хүргүүлжээ. Төсвийн ерөнхийлөн захирагчийн өмнөх оны санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитаар харьяа байгууллагуудын санхүүгийн тайланд бүртгээгүй 4.5 тэрбум төгрөгийн өр төлбөрийн үлдэгдлийг тооцоо нийлж, баталгаажуулаагүй зөрчлийг арилгах талаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байна. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус салбарт нийт 231.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 2024 онд 120.5 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй шилжин хэрэгжих 80 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан байна. Үүнээс 49.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 38 барилга байгууламж ашиглалтад хүлээж авч, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн буюу нийт төсөл, арга хэмжээний санхүүжилтийн гүйцэтгэл 73.7 хувьтай байна.
Дээрх төсвийн ерөнхийлөн захирагч нарын тайлан, гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн хэрэгжүүлсэн хөтөлбөр, тэдгээрийн үр дүн, чанар, тоо хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулах, төрийн өмчит компаниудын хувьцаа эзэмшигчийн эрхийг үр дүнтэй хэрэгжүүлж, компанийн үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй хөтөлбөр, арга хэмжээг компанийн зардлаас санхүүжүүлэхгүй байх, төсвийн орлогын төлөвлөгөөг өмнөх оны бодит гүйцэтгэлд суурилж үндэслэлтэй төлөвлөн, 2026 оны төсвийн саналыг бэлтгэх, ирэх жилийн төсвийн төсөл дэх тусгах төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн, төлөвлөлтийн шаардлагад бүрэн нийцүүлж төлөвлөх, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хэрэгжилтэд үр дүнтэй хяналт хэрэгжүүлж, хуульд заасан хугацаанд хэрэгжилтийг хангаж ажиллах, аудитын шалгалтаар тогтоогдсон зөрчил, төлбөрийн талаарх албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжүүлж, илтийг хангах алдаа зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллах шаардлагатайг анхаарууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хийсэн танилцуулга болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн үйл ажиллагаанд гарсан зөрчил дутагдлууд, тэдгээрийг арилгах, хариуцлага тооцохтой холбоотой асуудлуудаар тодруулга авч, төсвийн зарцуулаагүй үлдэгдэл, өмнөх жилд гарсан зөрчил, дутагдал хураимтлагдсаар байгаа эсэх зэрэг асуудлуудыг хөндөж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ яам болон төрийн өмчийн асуудал эрхэлсэн агентлагийн хооронд зарим хөгжлийн төв зэрэг байгууллагыг татан буулгах талаар санал зөрөлдөх, үүнээс болж төсвийн ерөнхийлөн захирагч дээр санхүүгийн зөрчил үүсдэг байдлыг анхаарч ажиллах шаардлагатайг дурдсан юм.
Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.
Үүний дараа Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.
Хууль, тогтоолын төслүүдийн талаарх танилцуулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хийлээ. Сайд танилцуулгадаа төсвийн тодотголыг “хэмнэлтийн тодотгол” хэмээн нэрлээд, бүх шатын төрийн байгууллагуудын зардлыг хэмнэх зарчмыг баримталсан талаар онцлов. Үүний хүрээнд төсвийн зардал 1508.4 тэрбум төгрөгөөр буурах юм. Цомхон, бүтээмжтэй ажиллахын тулд төрийн албаны орон тоог 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийцүүлэн 9.0 хувиар бууруулахаар тооцсон болон тээвэр, шатахуун, дотоод албан томилолт, хичээл, үйлдвэрлэлийн зардал, төрийн өндөр дээд айлчлал болон өндөр түвшний зочин төлөөлөгч авахаас бусад гадаад албан томилолт, зочин төлөөлөгч авах зардал, тавилга, эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх, багаж техникийн зардал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгодог татаасын зардал, байгууллагаас олгох нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж, урамшуулал, хөтөлбөр, арга хэмжээний зардал зэргийг хэмнэхээр Засгийн газар тооцож, холбогдох өөрчлөлтийг төсвийн тодотголын төсөлд тусгасан байна.
Эдгээр тооцооллоор байгаль орчны салбарын 2025 оны батлагдсан төсөв нийт 308.6 тэрбум төгрөгөөс 256.4 тэрбум төгрөг болж, хөрөнгийн зардлаас 15.9 тэрбум төгрөг, урсгал зардлаас 36.2 тэрбум төгрөг буюу 52.1 тэрбум төгрөг хасагдсан нь нийт зардлын 17 хувь болж буй бөгөөд салбарын хэмжээнд батлагдсан 3202 орон тооноос 287 орон тоог бууруулахаар төлөвлөжээ. Харин хөдөө аж ахуйн салбарын 2025 оны батлагдсан нийт төсөв 723 тэрбум төгрөгөөс 676.7 тэрбум төгрөг болж, хөрөнгийн зардлаас 2.3 тэрбум төгрөг, урсгал зардлаас 44 тэрбум төгрөг хасагдаж, нийт 46.3 тэрбум төгрөг буюу 7.0 хувиар буурч буй бөгөөд нийт 2117 орон тоо батлагдсанаас 187 орон тоог бууруулах юм.
Бүх шатны төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэх зарчмын хүрээнд төсвийн зардал 1 их наяд 508.4 тэрбум төгрөгөөр буурахаар байгаа ажээ. Ийнхүү 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагыг 1 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 1.5 хувьтай тэнцэх алдагдалтай төлөвлөгджээ.
Төсвийн тодотголын талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт төвлөрүүлэх орлогыг нийт 0.3 тэрбум төгрөгөөр, зарлагыг 98.4 тэрбум төгрөг тус тус бууруулахаар төлөвлөсөн байгааг тэрбээр танилцуулаад, энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ төрийн албан хаагчдын тоог чиг үүргийн давхардал, ажлын байрны ачаалалд дүн шинжилгээ хийлгүй жигд 9.0 хувиар бууруулахаар тооцсон нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулж болзошгүй тул төсвийн ерөнхийлөн захирагч нар хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны ба бүтээмжийн үнэлгээг хийж, ажлын ачааллыг оновчтой хуваарилах үүднээс харьяа байгууллагуудын орон тоонд зохицуулалт хийх боломжийг олгох асуудлыг судалж үзэх, 2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох, мөн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэхээр заасан нь судалгаанд үндэслэн ажлын ачааллыг нягтруулж, орон тоогоо зорилтот түвшинд хүртэл нэгэнт бууруулсан байгууллагад сул орон тоонд нөхөн томилгоо хийх боломжгүй нөхцөл үүсгэж тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй болох эрсдэл үүсгэж болзошгүй байгааг анхаарах, цомхотголд орж буй албан хаагчдад төрийн албаны хуулийн 62.1.4-д заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөний гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зардал шаардагдах учир төсвийн тодотголд хамтад нь шийдвэрлэх шаардлагатайг анхаарахыг Байнгын хороонд зөвлөв. Мөн улсын төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн тохиолдолд төрийн аудитын байгууллага стандартын дагуу хянаж, аудитын дүгнэлт гаргахад цаг хугацааны хязгаарлагдмал байдал гарч байгааг анхаарч, дүгнэлт гаргах, Улсын Их Хуралд хүргүүлэх зохистой хугацааг Төсвийн тухай хуульд тусгаж өгөх нь зүйтэйг санал болгов.
Аудитын байгууллага Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох хуульд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн байна.
Сайдын мэдээлэл, аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Б.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар У.Отгонбаяр, М.Мандхай нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд төрийн албан хаагчдын цомхотголыг хэрхэн тооцсон, хасагдаж байгаа зардлыг яаж нөхөх, чухал ач холбогдолтой ажлын төсвийг хассан нь ямар үр дагавар дагуулж болох тухай, орон тоо хасахгүйгээр зардлыг хэмнэх зарчмаар асуудлыг шийдвэрлэх боломж байгаа эсэх, мөн тодорхой төсөл, арга хэмжээний зардлын өөрчлөлтийн талаар асууж хариулт авсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.