Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.30) хуралдаан зургаан асуудал хэлэлцэхээр товлосон. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсний дараа Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Алт-3 аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь холбогдох зохицуулалтын дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэхэд гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Ийнхүү дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь “Зээлийн хүүг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл байв. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд төслийн талаар хуралдаанд танилцуулсан юм.
Зээлийн хүүг бууруулах хүрээнд дараах зургаан арга хэмжээг судалж, хэрэгжүүлэхийг Монголбанканд даалгахаар төсөлд тусгажээ. Тодруулбал, эх үүсвэрийн өртгийг бууруулах зорилгоор банкны системийн тухайн хугацааны дундаж хүүгээс өндөр хүүтэй татсан хугацаатай хадгаламжийн заавал байлгах нөөцийн хэмжээг өсгөх, зохистой харьцааг тогтоох асуудлыг судлан, шаардлагатай зохицуулалт хийх арга хэмжээг судалж, хэрэгжүүлэхийг даалгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагын гадаад зах зээлээс татсан валютын эх үүсвэрийг хугацаанаас нь хамаарч үндэсний мөнгөн тэмдэгтэд хөрвүүлэх зардлыг бууруулах; Бизнесийн зээлд ашигласан эх үүсвэрт ногдох заавал байлгах нөөцийг бууруулж, ялгаатай тогтоох талаар судалж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгохоор төслд тусгажээ. Түүнчлэн арилжааны банкнууд эрсдэл багатай зээлдэгчид олгох зээлийн хүүгийн түвшин тогтоож, тогтмол хугацаанд нийтэд мэдээлэх; Зээлийн шимтгэл хураамж тооцсон бодит хүүг тухай бүр харилцагчид мэдэгдэж, нийтэд мэдээлэх; Монгол Улсад гадаадын банк үйл ажиллагаа эрхлэх харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд гадаадын банкны салбар байгуулах, үйл ажиллагаа эрхлэх нөхцөлийн шалгуурыг шинэчлэх, боловсронгуй болгох талаар арга хэмжээг судалж, хэрэгжүүлэхийг Төв банканд даалгахаар төсөлд тусгажээ.
Зээлийн хүүг бууруулж, банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэх хүрээнд хоёр арга хэмжээг судалж, хэрэгжүүлэхийг Санхүүгийн зохицуулах хороонд даалгах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Банк болон банк бус санхүүгийн байгууллагууд хөрөнгийн зах зээлээр дамжуулан эх үүсвэр татахад дэд бүтцийн байгууллагатай холбогдох зардал, хугацааг бууруулах талаар судлахыг үүрэг болгох нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Мөн банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн доод хэмжээг тогтоохтой холбоотой шаардлага, шалгуур нь эх үүсвэрийн зардлыг нэмэгдүүлж буй байдлыг судалж, төв болон орон нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн ялгамжтай тогтоох талаар судлахыг тус Хороонд даалгахаар төсөлд холбогдох чиглэлийг тусгасан байна.
Мөн Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд зээлийн хүүгийн дээд хязгаарыг бизнесийн, хэрэглээний болон бусад зээлийн бүтээгдэхүүн тус бүрээр төрөлжүүлэн судалж, санал боловсруулан танилцуулахыг тус тус даалгахаар Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгажээ. Үүний зэрэгцээ зээлийн үнэлгээг үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанд тулгуурлан тооцох өнөөгийн аргачлалыг судалж, сайжруулах санал боловсруулан танилцуулахыг, тогтоолын хэрэгжилтийг явцыг энэ оны 11 дүгээр сард багтаан танилцуулахыг үүрэг болгож байгаа юм байна.
Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболдын танилцуулсан төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, П.Сайнзориг, С.Эрдэнэбат, Н.Батсүмбэрэл нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авч, төслийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд “Зээлийн хүүг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, эл төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 77.8 хувь нь дэмжсэн. Иймд Эдийн засгийн байнгын хорооны энэ оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал нарын 89 гишүүний 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал төслийн талаар хуралдаанд танилцууллаа. Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдгийг эшлэв. Мөн Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна.” гэж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал цөөнхийн төлөөллийг оролцуулан Улсын Их Хурлын тогтоолоор байгуулна.” гэж тус тус заасныг төслийнхөө танилцуулгын эхэнд дурдсан. Оюутолгой төслийн асуудал нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудал бөгөөд дээрх хуульд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь буюу 89 гишүүн энэхүү асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаж буйг онцлов.
“Жавхлант”, “Шивээ толгой” стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд Монгол Улс төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох “Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ”-ний 11.3(ё)-д 7 жил тутам Санхүүжилтийн хүүгийн хувийн зохистой байдлыг хянан үзэх заалтыг хэрэгжүүлж, 2025 онд багтаан хүүг бууруулах арга хэмжээг авахад Улсын Их Хурлын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллах нэн чухал байгааг О.Батнайрамдал гишүүн танилцууллаа.
Үүний тулд Улсын Их Хурлаас “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг тэнцвэрт мэдээллээр хангах арга хэмжээ авах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.
Иймд “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр асуудлаар дагнасан хяналт, шалгалт эрчимтэй явуулах, цуглуулсан нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулж, иргэдийг мэдээллээр хангах, тайланг Улсын Их Хурлын 2025 оны намрын чуулганы ээлжит хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулахаар төслийг санаачлан боловсруулсан байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул хуралдаан даргалагч Ч.Лодойсамбуу төслийг бүрэн эхээр нь уншиж танилцуулсан юм.
Төсөлд хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийн хүрээ, хязгаарыг “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтуудад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийх хэмээн тогтоохоор тусгажээ. Мөн “Оюутолгой” ХХК-ийн “Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээ”-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах юм байна. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, М.Бадамсүрэн, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Д.Пүрэвдаваа, Б.Жаргалан, Ө.Шижир нар ажиллахаар төсөлд тусгажээ.
Ингээд “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 72.2 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.
Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Монгол Улсын дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн явц, тайлагналтын талаар Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээллийг сонсож, энэ талаар тус яамны Төрийн нарийн бичгийн И.Батхүү танилцуулав. Тус яам Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулж Засгийн газар, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулж үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байгааг танилцуулсан. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын харьяанд шилжүүлснийг дурдав. Үүнтэй холбоотой яамнаас хууль тогтоомжийн хүрээнд хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний хэрэгжилтийн үнэлгээ, явцыг нь хянах ажлыг сайжруулах талаар тодорхой санаачилгууд гарган ажиллаж байгаа гэлээ. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, гүйцэтгэл, санхүүжилт, хяналтын тогтолцоог цогц байдлаар цахим системээр хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Энэ тогтолцоог нэвтрүүлснээр төрийн албаны шат шатны байгууллага төлөвлөлтийн баримт бичгүүдийг давхардсан байдлаар цаасаар боловсруулах шаардлагагүй болох аж. Бүгдийг нь цахимжуулснаар гүйцэтгэл, хэрэгжилтийн явцад өгөгдлийн алдаа гарахгүй, гүйцэтгэлийн тоо баримтууд өөрчлөгдөхгүй учир хяналт сайжрах, хэрэгжилтийн явцын мэдээллийг холбогдох талууд тухай бүрдээ авах боломж бүрдэх аж.
Монгол Улсын дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн явц, тайлагналтын талаарх дээрх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн “Засгийн газарт чиглэл өгөх” Байнгын хорооны тогтоолын төсөл танилцууллаа. Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан, Улсын Их Хурлын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс холбогдох төслийг боловсруулжээ. Зургаан заалт бүхий төслийн талаар тэрбээр хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулсан. Байнгын хорооны уг тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр М.Бадамсүрэн гишүүн горимын санал гаргахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх буюу 72.2 хувийн саналаар дэмжив.
Иймд хуралдаан даргалагч Ч.Лодойсамбуу гишүүн Байнгын хорооны тогтоолын төслийг уншиж танилцуулахад Б.Жаргалан гишүүн төслийг хэлэлцүүлгийг Байнгын хорооны дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэх горимын санал гаргалаа. Горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ. Ийнхүү Эдийн засаг, хөгжлийн яамны Монгол Улсын дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн явц, тайлагналтын талаар мэдээллийг сонссоноор Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.