Цэс

Холбоо барих

ЁЗДБХ: 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг, гурван хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр /2025.06.30/ хуралдан Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

2024 оны санхүүгийн тайлан болон төсвийн гүйцэтгэлийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгдсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, төрийн аудитын төв байгууллагаар аудит хийлгэн, УИХ-ын чуулганы 06 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанд анхны хэлэлцүүлгийг танилцуулсан. Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Төрийн албаны зөвлөлийн даргын багцын хоёр төсөвт байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан гэлээ. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 6.7 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч, урсгал зардалд 6.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.  

Төрийн аудитын тухай болон Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын даргын төсвийн 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 3 тайлан нэгтгэснээс 2 байгууллагыг түүвэрт хамруулсан бөгөөд аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгчээ.

Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 14.8 сая төгрөгийн зөрчил илэрснээс 0.6 сая төгрөгийн 1 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 14.2 сая төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 1 албан шаардлага хүргүүлж, зөрчлийг давтан гаргахгүй байх 3 зөвлөмж өгсөн байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 22.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, тайлант онд санхүүжих 2 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан ба төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг хянаж, 86.4 хувийн санхүүжилтийг олгосон байна.

Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 2 тайлан нэгтгэснээс 1 байгууллагыг түүвэрт хамруулсан. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгчээ.

Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн нийт 50.5 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 2 зөвлөмж, аудитаар шалгасан нийцлийн асуудлаар илэрсэн 580.6 сая төгрөгийн зөрчилд 7 зөвлөмж өгсөн байна.    

Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланд дүгнэлт гаргасан. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй”, харьяа 1 байгууллагад “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгчээ.

Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн нийт 7.1 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 2 зөвлөмж өгчээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар оруулалтаар 2.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, тайлант онд санхүүжих 1 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан ба төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг хянаж, 92.1 хувийн санхүүжилтийг олгосон байна.

Дээр дурдсан аудитын дүн, дүгнэлтээс үндэслэн дараах асуудлуудад анхаарал хандуулах шаардлагатай байна гэж үзжээ.

Төсвийг зохистой удирдаагүйгээс авлага, өр төлбөр үүсгэсэн, тооцоо нийлж баталгаажуулаагүй, хугацаа хэтэрсэн, эзэн холбогдогч  нь тодорхой зэрэг авлагыг барагдуулах талаар арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн төсвийн ерөнхийлөн захирагчид худалдан авах ажиллагааг хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, аудитаар тогтоосон төлбөрийн акт, өгсөн албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээг зохион байгуулж, алдаа зөрчил гаргахгүй байх зэрэг асуудлыг зөвлөмждөө тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Очирбат Төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа байн байн өөрчлөлт оруулж буйд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр төсвийн зарлагын шинэчлэл хийе гэж ярьдаг ч энэ нь иргэдийн амьдралд нөлөөлж чадсан эсэхийг лавласан. УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, өнгөрсөн оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг харахад бараг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэмнэгдсэн дүнтэй байна гээд, төсөвлөсөн мөнгөө зориулалтын дагуу зарцуулж ажлаа гүйцэтгээгүйтэй холбоотой эсэхийг тодруулсан. Энэ нь төлөвлөлтийн алдаа мөн эсэхэд хариулт хүссэн юм.

Сангийн яамны Төрийн сангийн газрын Санхүүжилт тайлан бүртгэлийн хэлтсийн дарга Н.Мөнхсүх, Төрийн албаны зөвлөл бараа үйлчилгээний зардлаас 181 сая төгрөг, бараа үйлчилгээний бусад зардлаас 66.1 сая төгрөг, хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардлаас 114 сая төгрөгийг тус тус хэмнэсэн. Энэ нь худалдан авах ажиллагаа болон байгууллагын сургалтын төлөвлөгөөг нэмэлтээр батлаагүй зэрэг шалтгаанаас үүссэн. Мөн тендер шалгаруулалтад тэнцэх оролцогч гарч ирээгүй зэрэг шалтгаанаар хэмнэлт үүсэн гэсэн хариулт өгсөн юм.

Байнгын хороо ийнхүү хэлэлцээд тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Дэлхий дахинд үүсээд буй сорилт, бэрхшээлийн Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, мөн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4 дэх заалтын дагуу Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслийг боловсруулж, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хэмээн Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр, Эдийн засгийн сорилт, хүндрэлийг даван туулахад төсвийн сахилга бат, үр ашигтай зарцуулалт онцгой чухал үүрэгтэй. Тиймээс “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-д бүх шатны төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэх зарчмыг баримталлаа хэмээсэн.

Цомхон, бүтээмжтэй төртэй байхын тулд төрийн албаны орон тоог 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийцүүлэн 9 хувиар бууруулахаар тооцжээ.

Мөн төсвийн байгууллагын тээвэр, шатахуун, дотоод албан томилолт, хичээл үйлдвэрлэлийн зардал, төрийн өндөр, дээд айлчлал болон өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардал, тавилга, эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх болон багаж техникийн зардал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасын зардал, байгууллагаас олгох нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж, урамшуулал, хөтөлбөр, арга хэмжээний зардал зэргийг хэмнэхээр тооцож холбогдох өөрчлөлтийг тодотголын төсөлд тусгасан хэмээлээ.

Төрийн албаны зөвлөлийн даргын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс нийт зардал 4.3 тэрбум төгрөгөөр буурсан. Мөн багцын хэмжээнд 7 орон тоо буурч, 78 орон тоотой байхаар тооцжээ.

Төрийн албаны зөвлөлийн төсөв 2025 оны батлагдсан төсвөөс нийт зардал 3.5 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөж, тус байгууллагын төрийн албан хаагчийн тоог 9 хувиар буюу 5 орон тоогоор бууруулж 56 орон тоотой байхаар тооцсон гэв.

Төрийн албан хаагчийн ёс зүйн хорооны ажлын албаны төсөв 2025 оны батлагдсан төсвөөс нийт зардал 0.8 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөж, тус байгууллагын төрийн албан хаагчийн тоог 9 хувиар буюу 2 орон тоогоор бууруулж 22 орон тоотой байхаар тооцсон байна.

Ийнхүү 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3 их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг 1 их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай болж байна хэмээн тодотголоо.

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд төрийн албан хаагчдын тоог цөөлнө гэсэн атлаа бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардал нэмэгдсэн талаар, төрийн албан хаагчдын тоог есөн хувиар бууруулах асуудалтай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд энэхүү асуудлыг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон юм.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. Ирэх оны төсвийн төслийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдөр өргөн барьж, 11 дүгээр сарын 15-нд батлах хуулийн зохицуулалттай. УИХ-ын намрын чуулган 10 дугаар сард эхэлж эхэлсэн даруйдаа төсвийн төслийг хэлэлцэж эхэлдэг. Хуулийн төсөлд УИХ-ын намрын чуулганы 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж төсвийн төслийг намрын чуулган эхэлсэн өдрөөс эхлэн хэлэлцүүлэх, төсвийн төсөлтэй танилцах хэлэлцүүлгийн шинэ үе шат нэмж нийтдээ 5 үе шаттайгаар хэлэлцдэг байх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуульд хуульд оруулахаар тусгалаа гэлээ. Мөн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь дараа жилийн макро эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлт болох чухал баримт бичиг учраас 4 үе шаттайгаар УИХ-аар хэлэлцүүлэх тусгайлсан дэгийг бий болгож Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар сонсож бүх байнгын хороодоор хэлэлцэж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хуралдаж хамтарсан санал дүгнэлт гаргах зохицуулалтыг бий болгож, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасныг тодотгосон. Засгийн газраас дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөл, хөгжлийн төлөвлөгөөний төсөл, хөгжлийн гүйцэтгэлийн тайлан болон холбогдох бусад баримт бичгийг тодорхой хугацаанд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд хүргүүлэх, УИХ-д танилцуулах эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлагатай байна. Ингэснээр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд хуульд заасан дүгнэлт гаргаж, хяналт тавих, УИХ-д танилцуулах чиг үүргийнхээ хүрээнд ажиллах зохицуулалтыг нэмж тусгаж өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг УИХ хүлээн авсантай холбоотойгоор төсөв хэлэлцэн батлах хугацаа чуулганы хуралдааны дэгийн зохицуулалтыг нэмж тусгасан хэмээлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол ирээгүй гэдгийг хуралдаан даргалагч танилцуулаад Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд Б.Жавхлан, Төсөв хэлэлцэх цаг хугацааны цаглаварт оруулах гэж буй өөрчлөлтийг олон талаас нь харах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд, төсвийг төлөвлөх шатанд гарч болох эрсдэлийн талаар байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Төсвийн төслийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдөр өргөн барьж 11 дүгээр сарын 15-нд батлахаар хуульчилсан боловч Улсын Их Хурлын намрын чуулган 10 сард эхэлж байгаа нь төсвийн талаар Улсын Их Хурлын гишүүд, намын бүлэг, холбогдох талуудын бүрэн танилцах, мэдээлэлтэй байх, үр дүнтэй ажиллах боломжийг хязгаарлаж байгаа талаар жишээ татан тайлбарласан юм. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байв.

Х.Тэмүүжин нарын УИХ-ын 11 гишүүн хуулийн төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцаж, Засгийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнах харилцааг хуулиар нарийвчлан зохицуулж, хууль тогтоох дээд байгууллага нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсөв, түүний гүйцэтгэл болон хуулийн биелэлтэд хяналт тавих эрхээ хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурал Ерөнхий сайдад асуулга тавих, гишүүд асуулт асууж, хариулт авах асуудлыг энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулахаар тусгасан байна.

Тодорхой хэлбэл төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд алдаа мадаг гаргахгүйн үүднээс парламентад худал мэдээлэл өгөхгүй байх, худал мэдээлэл өгөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээдэг байх, олонхын бүлэг буюу түүнээс сонгогдсон Ерөнхий сайдаас асуудаг асуулгын цагийг Улсын Их Хуралд бий болгох, уг асуулга нь нээлттэй, тэгш мэтгэлцээний үндсэн дээр өрнөдөг байх зэрэг зарчмын өөрчлөлтийг Улсын Их Хурлын тухай хууль болон, Улсын Их Хурлын дэгийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд оруулах шаардлагатай гэж үзжээ. 

Улсын Их Хурлын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулж, улмаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлийг Улсын Их Хурлын асуулгын цаг болгон өөрчлөх, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж, мэдээлэл хийж буй Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан нийтийн албан тушаалтан, бусад этгээд үнэн бодит мэдээлэл өгөх асуудлыг үүрэгжүүлэх, хариуцлага хүлээлгэх харилцааг тусгасан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэн Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн сүүлийн асуудал нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байлаа.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцуулга хийсэн.

УИХ-д суудалтай таван намын төөлөл болсон 9 гишүүний санаачилсан уг хуулийн төсөлд иргэд, байгууллагаас Улсын Их Хуралд ирүүлсэн өргөдлийг судлах, шинжилгээ хийх, холбогдох санал бэлтгэх болон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн асуудлыг эрхлэх Өргөдлийн байнгын хороог байгуулахаар тусгажээ. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороог Эдийн засгийн байнгын хороонд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог Нийгмийн бодлогын байнгын хороонд, Ёс зүй, дэгийн байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус нэгтгэх зохицуулалтыг тусгасан талаар хуулийн төсөл санаачлагч танилцуулсан.

Мөн Байнгын хороодын эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Бүсчилсэн хөгжлийн, Эдийн засгийн байнгын хороонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Инновац цахим бодлогын хөгжлийн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаар, орчны бохирдлын, Хүнс хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд Шинжлэх ухааны, Соёл, спорт, залуучуудын дэд хороог тус тус байгуулах зохицуулалтыг оруулжээ.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд зөвлөлийн одоогийн байгаа бүрэлдэхүүнээс гадна УИХ-д суудалтай бүлэг байгуулаагүй нам эвслийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн санал өгөх эрхтэйгээр оролцохнам эвслийн бүлгийн дэд дарга нар санал өгөх эрхгүйгээр оролцох асуудлыг хуульчлах нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Б.Хэрлэн нар Байнгын хороо, дэд хороотой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны дэргэд шинжлэх ухаан, технологи, инновацын дэд хороог байгуулах нь зүйтэй гээд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооын эрхлэх асуудлаас шинэлэх ухааныг хасах нь зүйтэй хэмээсэн юм.

Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүдийн гаргасан саналыг тусган Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл