Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2025.07.01) хуралдаан 18 цаг 20 минутад гишүүдийн 86.7 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл даргаллаа.
Эхлээд Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төслүүдийн талаар танилцууллаа.
Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус байнгын хороонд харьяалагдах Боловсролын сайд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын харъяаны Шинжлэх ухааны нийт 2349 төсөвт байгуулллага, 1 төсөл, сан, төрийн өмчийн 20 аж ахуйн нэгж нийт 2370 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргажээ.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн дөрвөн их наяд 519.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 3 их наяд 790.3 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 727.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 87.3 хувь буюу 3 их наяд 947.1 тэрбум төгрөгийг Боловсролын сайд, 11.1 хувь буюу 500.1 тэрбум төгрөгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, 1.6 хувь буюу 72.2 тэрбум төгрөгийг Шинжлэх ухааны байгууллагуудын зарлага эзэлж байгаа гэв. Улсын төсвөөс 4 их наяд 520.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 5.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна.
Дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав.
Боловсролын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 1807 тайлан нэгтгэгдсэнээс 956 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 851 байгууллагыг түүвэрт хамруулсан байна. Аудитаар Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 885 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 68 байгууллагад “Хязгаарлалттай”, 2 байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгч, 1 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзжээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 497 тайлан нэгтгэгдсэнээс 162 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 333 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан бол Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа 2 байгууллага аудитад хамрагдаагүй байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 136 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 23 байгууллагад “Хязгаарлалттай”, 2 байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгч, 1 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан гэв.
Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 17 тайлан нэгтгэгдсэнээс 6 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 11 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан. Төсвийн төвлөрүүлэн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй”, харьяа 5 байгууллагад “Өөрчлөлтгүй”, Палеонтологийн хүрээлэнд “Хязгаарлалттай” дүгнэлт өгчээ. Аудитын дүгнэлтэд үндэслэн улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, хэрэгжилтэд тавьж буй захиалагч болон зохиогчийн хяналт, дотоод аудитын нэгжийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарал хандуулах шаардлагатай гэв. Мөн хэрэгжилт удааширсан болон олон жил дуусаагүй байгаа төсөл, арга хэмжээг богино хугацаанд үр ашигтайгаар дуусгаж, ашиглалтад оруулах шийдэл, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх; төсвийн ерөнхийлөн захирагчид худалдан авах ажиллагааг хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах ад анхаарал хандуулах шаардлагатай гэжээ.
Төсвийн ерөнхийлөн захирагч нар хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд зарим журам, аргачлалыг батлан гаргаагүйгээс өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд эрсдэл үүсгэсэн асуудлыг таслан зогсоохыг сануулжээ. Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчлийг өмнөх онтой харьцуулахад, Боловсролын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын зөрчлийн тоо 22.2 хувь, дүн 91.3 хувиар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын эрхлэх асуудлын хүрээний зөрчлийн тоо 35.8 хувь, дүн 283.7 хувиар тус тус өссөн байгааг анхаарахыг хүсэв. Аудитаар тогтоосон төлбөрийн акт, өгсөн албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээг зохион байгуулж, алдаа зөрчил гаргахгүй байхыг анхаарахыг дүгнэлтэд дурдсан байна.
Сангийн сайдын танилцуулга, аудитын дээрх дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Д.Рэгдэл нар асуулт асуусан. Тухайлбал, их дээд сургуулийн тогтмол зардлыг танаж байгаатай холбоотой тодруулга хийж, өөр хувилбар байсан эсэхийг асууж, П.Наранбаяр сайд болон Сангийн сайдаас хариулт авсан бол 2024 оны гүйцэтгэлээс хэмнэгдсэн төсвийн талаар тодруулж, төлөвлөлт, зарцуулалтын талаар санал хэлсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Ингээд Байнгын хороо дээрх төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болсон.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. Сангийн сайд Б.Жавхлан холбогдох танилцуулгыг хийв.
Боловсролын сайдын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 171.0 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 33.7 тэрбум төгрөгөөр, нийт 204.7 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн болно. Тус салбарын багшаас бусад төрийн албан хаагчийн тоог 9 хувиар буюу 3850 орон тоогоор бууруулж, 90.4 мянган орон тоотой байхаар тооцсон байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 66.5 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 19.7 тэрбум төгрөгөөр, нийт 86.2 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн болно. Тус салбарын төрийн албан хаагчийн тоог 9 хувиар буюу 699 орон тоог бууруулж, 7.8 мянган орон тоотой байхаар тооцсон гэв.
Ийнхүү 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3 их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг 1 их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай болж байгаа гэлээ.
Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан.
Төсөлд тус Байнгын хороонд хамаарах 2 Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөвт төвлөрүүлэх орлогыг нийт 1.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, зарлагыг 291.0 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөжээ. Гишүүд энэхүү төслийг хэлэлцэн шийдвэрлэхдээ гурван асуудалд анхаарал хандуулахыг санал болгон танилцууллаа. Төрийн албан хаагчдын тоог чиг үүргийн давхардал, ажлын байрны ачаалалд бүрэн шинжилгээ хийлгүйгээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан бүх төсвийн ерөнхийлөн захирагчнарын орон тоог жигд 9 хувиар бууруулахаар тооцсон нь төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг бууруулж болзошгүй. Иймд төсвийн ерөнхийлөн захирагчид хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны ба бүтээмжийн үнэлгээг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг оновчтой хуваарилах зорилгоор харьяа байгууллагуудын орон тоонд зохицуулалт хийх боломж олгох асуудлыг судалж үзэхийг анхаарууллаа. Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд 2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх гэж заасан. Энэ нь чиг үүргийн судалгааг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг нягтруулж, орон тоогоо зорилтот түвшин хүртэл нэгэнт бууруулсан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах үр дагавар үүсгэх эрсдэлтэйг анхаарах шаардлагатай гэв.
Төсвийн ерөнхийлөн захирагч нарын сул орон тооноос бусад цомхотголд орж буй албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-д заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөний 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зардал шаардагдахаар байгааг хэллээ. Иймд хэлэлцүүлгийн явцад гарц шийдлийг нь тодорхойлох шаардлагатай болж буйг анхаарахыг хүсэв. Үүний зэрэгцээ төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн тохиолдолд төрийн аудитын байгууллагаас аудитын үйл ажиллагааны үе шатын стандартын дагуу хянаж, дүгнэлт гарахад цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байх тохиолдол гарч байгааг анхааралдаа авахыг хүсэв. Аудит дүгнэлт гарган Улсын Их Хуралд хүргүүлэх зохистой хугацааг Төсвийн тухай хуульд тусгаж өгөх шаардлагатай байгаагаа дурдсан.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэжээ.
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр, Б.Хэрлэн, Ж.Галбадрах, О.Батнайрамдал, С.Эрдэнэбат, Д.Рэгдэл нар Засгийн газрын гишүүд, ажлын хэсгээс асуулт асууж, хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.