Цэс

Холбоо барих

АБГББХ: Барбадос Улс, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2025.07.01/ хуралдаж, “Барбадос Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Эсватинийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын  төслүүдийг хэлэлцлээ.

Тогтоолын төслүүдийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулсан юм.

Тэрбээр, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох шийдвэрийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 онд гаргасан.

Энэхүү шийдвэрийн мөрөөр өнгөрсөн хугацаанд Эсватинийн Хаант Улс, Барбадос Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, мөн хамгийн сүүлд Бүгд Найрамдах Ботсвана Улстай тус тус дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурсан.  

Манай дотоодын хууль тогтоомжийн дагуу улс тус бүр дээр дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоол батлуулах шаардлагатай. Ингэснээр манай улсын НҮБ-ын гишүүн бүх 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилт бүрэн хэрэгжинэ гэлээ.

НҮБ-ын бүх гишүүн улстай дипломат харилцаа тогтоосон улс орон цөөн байдаг бөгөөд энэ нь манай улсын идэвхтэй дипломат үйл ажиллагаа, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын чухал илэрхийлэл хэмээн онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, 2025 оны 07 дугаар сарын 1-ний байдлаар хэдэн оронтой дипломат харилцаа тогтоосныг тодруулсан.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улс НҮБ-д 1961 онд элссэнээс хойш бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилт тавьсан. Гадаад бодлогын болон аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг олон баримт бичигт зорилтоо тусган бүх улстай дипломат харилцаа тогтоох эрмэлзэлтэй явсаар ирсэн. НҮБ албан ёсоор манай улсаас гадна 192 гишүүн оронтой. Манай улс дээрх дөрвөн улстай дипломат харилцаа тогтоосноор НҮБ-ын 192 гишүүн оронтой дипломат харилцаатай болох юм. 192 улстай дипломат харилцаа тогтоосон улс орон олон байдаггүй юм билээ. Үүнийг манай гадаад бодлогын нэг ололт гэж зүй ёсоор хэлж байна гэсэн хариулт өглөө.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  Барбадос Улс, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.

Тэрбээр, Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Гадаад харилцааын сайд, Батлан хамгаалахын сайд, Онцгой байдлын ерөнхий газрын нийт 69 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан.

Тус байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 1,082.4 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардалд 912.3 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 170.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд тус байнгын хороонд харьяалагдах 3 төсвийн ерөнхийлөн захирагчийн 19 төсөл, арга хэмжээнд 91.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 86.4 хувийн биелэлттэй байна гэлээ.  

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын төсвийн 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулаад, анхаарал хандуулах шаардлагатай асуудлыг талаар мэдээлсэн.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг аудитын дүгнэлтэд үндэслэн өгчээ. Мөн Засгийн газрын 2022 оны "Шинэ цэргийн анги байгуулах" тогтоолын хүрээнд Зэвсэгт хүчний дугаар ангийн барилга байгууламжийн угсралтын ажилд 2022 онд 1.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос хойш  дахин санхүүжилт хийгдээгүйгээс барилгын ажил царцсан, хийгдсэн ажлын чанар байдал муудах болон анхны төсөвт өртөг нэмэгдэх эрсдэл үүссэн, мөн 2024 онд шинээр баригдаж буй  Зэвсэгт хүчний тусгай байгууламжийн барилга хугацаандаа баригдахгүй байх эрсдэл үүссэнийг сануулсан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд төрийн шийдвэр гаргалтын үе шатанд мэдээллийн нэгдсэн санг эргэлтэд оруулж, шийдвэр гаргалтыг эрэмбэлэх, Үндэсний аудитын газар төрийн шийдвэр гаргалтын үнэлгээг хийх төсөөтэй аргын судалгаа боловсруулж, эрэмбэлэх загварчлал хийх шаардлагатай хэмээсэн. УИХ-ын гишүүн Г.Хосбаяр Өвөрхангай аймгийн цэргийн 256-р ангийн хөрөнгө оруулалт төсөвт суугаагүй байгааг анхаарах, Бүсчилсэн хөгжлийг дэмжих 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 100 хувь гэсэн байгаа нь бодит бус гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Эцэст нь Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтсон юм.

Мөн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.

Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийн талаар танилцуулав. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд харьяалагддаг Батлан хамгаалахын сайдын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 24.4 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 9.6 тэрбум төгрөг, нийт 34.3 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн гэлээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 0.7 тэрбум төгрөг, нийт 0.7 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн. Тус салбарын төрийн албан хаагчийн тоог 9 хувиар буюу 8 орон тоогоор бууруулж, 90 орон тоотой байхаар тооцжээ.

Шадар сайдын багцын 2025 оны батлагдсан төсвөөс хөрөнгийн зардлыг 5.9 тэрбум төгрөг, урсгал зардлыг 26.3 тэрбум төгрөгөөр буюу 32.2 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн нь нийт зардлын 8.3 хувь юм байна. Салбарын төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхтэй холбогдуулан тус салбарын цалингийн санг 10.8 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөжээ. Харин сайдын эрхлэх асуудлын тусгай чиг үүргийн байгууллагуудаас тээвэр шатахуун, дотоод томилолт, нормын хувцас, эрдэм шинжилгээ, судалгаа, байгалийн гамшиг ослын үр, дагаварыг арилгах зардлуудыг бууруулахгүйгээр тусгажээ.

Гадаад харилцааны сайдын багцын 2025 оны батлагдсан төсвөөс эдгээр бодлогын хүрээнд урсгал зардал 8.5 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 1.7 тэрбум төгрөгөөр, нийт 10.2 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн болно. Тус салбарын төрийн албан хаагчийн тоог 9 хувиар буюу 47 орон тоогоор бууруулж, 728 орон тоотой байхаар тооцсон байна.

Гадаад харилцааны сайдын багцын хувьд төрийн өндөр, дээд айлчлал болон өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авах арга хэмжээг зохион байгуулж ажилладаг тул гадаад томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг бууруулаагүй гэв. Мөн суугаа орны инфляцийн түвшин, эдийн засгийн байдал, амьжиргааны түвшинээс шалтгаалан өргөн хэрэглээний барааны үнэ, хэрэглээний зардал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбогдуулан үйл ажиллагааны зардлыг бууруулаагүй аж. Дипломат төлөөлөгчдийн газрууддын орон тоог бусад төсөвт байгууллагуудтай адилхан зарчим баримтлан 9 хувиар тооцсон гэсэн мэдээлэл өгсөн.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцаас Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах арга хэмжээний зардал 9.6 тэрбум төгрөгийг Гадаад харилцааны сайдын багцад шилжүүлсэнтэй холбоотойгоор Гадаад харилцааны сайдын багцын урсгал зардал 2025 оны батлагдсан төсвөөс 1.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Ийнхүү 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3 их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг 1 их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай болж буй юм байна.

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Байнгын хороо энэхүү төслийг хэлэлцэн шийдвэрлэхдээ дараах асуудалд анхаарал хандуулахыг санал болгосон.

Төсвийн тодотголтой хамт Улсын Их Хуралд өргөн барьсан тогтоолын  төсөлд “2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх” гэж заажээ. Энэ нь чиг үүргийн судалгааг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг нягтруулж орон тоогоо зорилтот түвшин хүртэл нэгэнт бууруулсан байгууллагад сул орон тоонд нөхөн  томилгоо хийхгүй байх нь тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэх эрсдэл байгааг анхаарч үзэхийг санал болгосон байна.

Тэрбээр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн хэмээсэн юм.

Төсвийн тодотголтой холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл