Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.07.01)-ийн хуралдаан Улсын Их Хурлын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийн тухай болон Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нарын зургаан гишүүний санаачлан, өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлэг, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар буюу нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг бууруулах тухай асуудлаар гаргасан иргэн Б.Батбилигийн өргөдлийг хэлэлцсэнээр эхэлсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа ахлагчтай ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал дүгнэлт гаргах шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа танилцууллаа. Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээлэл судалгаа, дүн шинжилгээ хийлгэх чиглэлээр Улсын Их Хурлын даргын зөвлөхүүд, Эрүүл мэндийн яам (ЭМЯ) болон харьяа байгууллагууд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ), Сангийн яам, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, хөгжлийн төвүүд, анхан шатны болон лавлагаа шатны эмнэлгүүд, Үндэсний статистикийн хороо, төрийн бус болон олон улсын байгууллагууд, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС), мөн бие даасна судалгааны байгууллагууд оролцож ажилласныг тэрбээр танилцуулаад, ажлын хэсэг эрүүл мэндийн тогтолцоо, тусламж үйлчилгээг хүргэх удирдлага, зохион байгуулалт, хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээний зохицуулалт, нэгдмэл, тасралтгүй байдал, төрийн өмчийн эмнэлгийн хагас бие даасан байдал, засаглал, тусламж үйлчилгээний санхүүжилт, чанар, үр дүнг үнэлэх үнэлгээний тогтолцоо, эрүүл мэндийн цахим мэдээллийн нэгдсэн сан, түүнийг бүрдүүлэх, их өгөгдөлтийн ашиглахтай холбоотой асуудлыг судалж, тусламж үйлчилгээг сайжруулж, хүн амд хэрэгцээтэй тусламж үйлчилгээг хаана оршин амьдарч буй болон ямар ажил, бизнес эрхэлж байгаагаас үл хамааран тэгш, хүртээмжтэй хүргэх, мөн энэ салбарын хүний нөөцийн хангамж, ажлын ачаалал, бүтээмж, гүйцэтгэлийн үр дүнтэй холбоотойгоор үүссэн цалин, хөлс, нийгмийн баталгааны асуудлыг тандан судалжээ. Мөн олон улсад ашиглагдаж байгаа эрүүл мэндийн голлох платформууд, засаглал, удирдлагын болон санхүүжилтийн загварууд, чанарын үнэлгээний механизмууд, нөөцийг зохистой удирдах аргачлалуудыг харьцуулан үзсэн байна. Мэдээлэл судалгааны ажлын үр дүнд тус салбарын хууль тогтоомж, дүрэм журам, эмнэлгийн үйл ажиллагааны бодит нөхцөл байдалд нийцэхгүй, хэрэгжүүлэх боломжгүй, зохицуулалт нь тодорхой бус, хоорондоо зөрчилтэй, мөн мэргэжлийн хариуцлагын тогтолцоо сул, үүнийг дүгнэх арга, аргачлал байхгүй, оношилгоо, шинжилгээний заавар хоцрогдсон, 720 гаруй стандарт батлагдсан боловч хэрэглэх боломжтой нь цөөн, төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн шийдвэр нь удаашралтай, дотоод зохион байгуулалт нь ил тод биш, удирдлага нь шат дамжлага ихтэй, хурдан шуурхай бус, эмнэлгийн бие даасан байдал, шийдвэр гарах эрх мэдэл хязгаарлагдмал, гүйцэтгэлд суурилсан цалин урамшуулал, татаасын систем салбарынхаа онцлогт тохирохгүй зэрэг олон тулгамдсан асуудал бугшсан байгааг тодорхойлсон байна. Эдгээр тулгамдсан асуудлуудад тусламж үйлчилгээний хуваагдмал байдал, шаардлагагүй тусламж үйлчилгээг одоо хэт их үзүүлэх байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний дутмаг байдал, эрх зүйн зохицуулалтын салангид байдал, цахим системийн систем үр ашиггүй байдал, захиргааны нэмэлт зардал, ажиллах хүчний төлөвлөлт хангалтгүй, авлига ба луйвар, гүйцэтгэлийн үнэлгээ, хэмжилт хангалтгүй, тусламж үйлчилгээний хүртээмжийн тэгш бус байдал гэсэн суурь шалтгаанууд нөлөөлж буйг ажлын хэсэг дүгнэсэн байна. Иймд ажлын хэсэг эдгээр суурь шалтгааныг арилгах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбгдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, А.Ариунзаяа, Б.Бейсен нар нийгмийн эрүүл мэндийн асуудлаар ямар шинэ шийдлүүд гаргаж байгаа болон үүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусламж, үйлчилгээ хэчнээн хувийг эзэлж байгаа, салбарын эрх зүйн орчныг шинэчлэх эрэмбийг тогтоож, дэс дараатайгаар хурдан шуурхай шийдвэрлэх боломж бий эсэх, Эрүүл мэндийн даатгалын сангийн менежментийг хэрхэн сайжруулах зэргийг асууж, эрүү мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж муу, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж тааруу, эмч нарын цалин хангамж, ажлын ачаалал жигд бус, сахилга хариуцлага сул, ЭМДҮЗ-ийн гаргаж байгаа бодлого, шийдвэр алдаатай, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, бүтэц буруу байгааг засаж залруулахгүйгээр цааш явах боломжгүй гэдгийг хэлсэн юм. Байнгын хорооны дарга Л.Энхнасан эмнэлгүүд ТУЗ-өө байгуулсан байх ёстой боловч зарим нь байгуулахгүй байгаагийн шалтгаан, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны талаар ямар дүгнэлт хийж буйг болон өрхийн эрүүл мэндийн төвийн нутаг дэвсгэрийн хуваарь, тусламж үйлчилгээний долоон төрлийн тусгай төрөлд 1452, мэргэшсэн тусламж үйлчилгээний төрөлд 1304 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаа боловч зохицуулалт нь хангалтгүй байгаа шалтгааны талаар асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, О.Саранчулуун, Б.Бейсен нар үг хэлж, ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцсэнтэй холбоотойгоор хуулийн төслийг боловсруулах чиглэл өгөх, үүний хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангийн удирдлагыг Сангийн яаманд хариуцуулах, ЭМДҮЗ эмнэлгийн байгууллагуудын санхүүгийн байдлыг шалгах эрхгүй байгааг өөрчлөх, осол гэмтлийн болон хүнд өвчний дараах амьдралын жил, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эмчилгээний дараах үйлчилгээг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх талаар сэтгэлтэй, санаачилгатай ажиллах шаардлагтайг онцлон дурдлаа. Мөн мэргэжлийн яамдын удирдлага, зохион байгуулалтын улс төр, намын харьяаллаас ангид байлгах, салбарыг бүхэлд нь хэрсэн өр, авлагын сүлжээг шийдвэрлэх, эмч, эмнэлгийн ажилтны цалин, хөлсийг нэмэгдүүлэх, эмнэлгүүдийн бүтэц, менежментийг сайжруулах ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх шаардлагатайг чухалчилсан юм.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нарын зургаан гишүүний санаачлан, өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа танилцууллаа. Ард иргэдээс ирүүлсэн удаа дараагийн санал, хүсэлтийг үндэслэн хуулийн төслийг боловсруулсан тухайгаа тэрбээр дурдаад, Алдарт эхийн одон бол шагнал биш олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх нийгмийн үнэлэмжийн хэрэгсэл болж ирснийг онцолж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх, нас барсан хүүхэд нь нэг ба түүнээс дээш настай байх гэдэг шалгуур тавьж байгаа нь хүний эрх зөрчсөн, ялгаварлан гадуурхах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байгаа тул эдгээр шалгуурыг хасаж, энэ өөрчлөлтийг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд тусгасныг дурдав. Хуулийн төсөл батлагдсанаар “Эхийн алдар 1” одон авах эхчүүдийн тоо 10154, “Эхийн алдар 2” одон авах эхчүүдийн тоо 27140 болж нэмэгдэх бөгөөд үүнд 7.5 тэрбум төгрөгийн нэмэлт зардал шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоог Үндэсний статистикийн хорооноос хийжээ.
Хуулийн төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам яагаад дэмжээгүй талаарх Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн асуултад тус яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул хариулт өгөв. Тэрбээр хуулийн үзэл баримтлал нь олон хүүхэд төрүүлж, мөн өсгөсөн эхчүүдийг урамшуулахад чиглэж байгаа тул энэхүү концепцийг шинэчлэх, мөн өнгөрсөн 2024 онд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар нарын санаачлан боловсруулж батлуулсан хуулиар хүүхдийн насны хязгаарыг 0-18 гэж өөрчилсөн тул эдгээрийг нийцүүлэх шаардлагатай гэсэн байр суурины үүднээс санал өгсөн гэсэн юм. Мөн хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа Хөдөлмөрийн хуульд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж, амралтын мөнгө олгох зохицуулалтуудтай энэ хуулийг дүйцүүлж ойлгох нь буруу гэсэн тайлбар өгч, энэ бол нэг талдаа хүний эрхийн, хүүхдийн эрхийн асуудал, нөгөө талдаа хүнийг насаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн суурь зарчим хөндөгдөж буйг тодотгов. Одонгийн урамшууллыг тусгай журмаар зохицуулах бөгөөд журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлахаар заасан тул тус журамд санал өгч шийдвэрлүүлэх боломж нээлттэй гэсэн хариултыг тэрбээр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн асуултад нэмж өглөө. Хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үе дэмжээгүй саналын талаар тайлбар хийх үед төсвийн тооцооллыг нарийвчлан гаргасан байхыг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа зөвлөв. Мөн хууль санаачлагчдын нэг, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Монгол Улсын иргэний төрсний гэрчилгээг нэг сарын дотор авдгийг болон нийслэл хотод өвлийн улиралд утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрдгээс шалтгаалан бага насны хүүхдүүд уушгины хатгалгааны хүндрэлээр эндэх тохиолдол их байгаа зэргийг харгалзан хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ мөн дэмжиж байгаагаа илэрхийлж, хүүхэд болон нярайн талаарх эрх зүйн тодорхойлолтыг сануулан, энэ нь хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого гэдгийг тодруулан тайлбарласан юм. Тэрбээр хуулийн үйлчлэлд нутаг дэвсгэр хамаарах эсэхийг асуухад Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа төсвийн тооцооллыг хийхдээ Монгол Улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийн статистик үзүүлэлтээр тооцсоноос бус хуулийн үйлчлэл, зохицуулалтад нутаг дэвсгэрийн хамаарал байхгүй гэлээ.
Асуулт, хариулт дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хууль зүйн нэр томьёо, насны хязгаар, тэрхүү хязгаар доторх хүүхдийн тоо, насны хязгаарыг давсан буюу насанд хүрсэн хүүхдийг одон авах шалгуурт хамааруулах эсэх зэрэг асуудлаар саналаа нэгтгэх нь зүйтэй гэлээ.
Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай иргэний өргөдлийг хэлэлцэж, тогтоол гаргав
Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг бууруулах тухай асуудлаар Нийтийн өргөдөл, гомдлын системд 2025 оны гуравдугаар сарын 12-ны өдөр гаргасан Монгол Улсын иргэн Б.Батбилигийн өргөдлийг 100 мянгаас дээш тооны иргэд дэмжиж, Улсын Их Хурлаар авч хэлэлцэнэ гэсэн шаардлагыг хангасан тул уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Иргэн Б.Батбилиг цахим өргөдлөө нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг 12.0 хувь болгон бууруулах, 1072 хувьцаатай шимтгэл төлөгч хувьцааныхаа ноогдол ашгийг өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын санд шилжүүлбэл ирэх жилийн нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 12 хувь хүртэл бууруулах тухай дурдсан тул үүнтэй холбогдуулан яамнаас тайлбар авсан байна. Тайлбарыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцуулав. 1995 оноос ажил олгогч нийгмийн даатгалын таван төрөлд цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос 29-31 хувь, түүнээс тэтгэврийн даатгалд 13.5 хувь, даатгуулагч цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос 10 хувь, үүнээс тэтгэврийн даатгалд 5.5 хувиар тус тус шимтгэл төлж ирснийг 2008 оноос тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5.0 хувиар, тэтгэмжийн даатгалын шимгэлийг 1.0 хувиар тус тус бууруулсныг сайд танилцуулж, Улсын Их Хурлаас 2017 онд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхээр хуульчилсныг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ажил олгогч, даатгуулагч тус бүрийн шимтгэлийг 1.5 хувиар нэмэгдүүлээд байгааг дурдсан юм. Иргэний гаргасан өргөдлийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувиар буурулах тохиолдолд Нийгмийн даатгалын сан болон улсын төсөвт нийтдээ 3.2 их наяд төгрөгийн ачаалал ирнэ гэдгийг тэрбээр хэлж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааны ногдол нөхөх боломж байгаа эсэхийг тооцолоход уг ногдол ашгийн нийт 2.4 их наяд төгрөг болсон буюу нөхөх боломжгүй гэсэн дүн гарсныг танилцуулсан юм. Нийгмийн даатгалын сангийн орлогыг 3,2 их наяд төгрөгөөр бууруулснаар тэтгэвэр, тэтгэмж, эрүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх боломжгүй болж, улсын төсвөөс ийм хэмжээний нэмэлт татаас шаардагдах, төсвийн орлогыг дээрх хэмжээгээр нэмэгдүүлэхийн тулд татварын хувь хэмжээг өсгөх, эсвэл одоо авч байгаа тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг 50 хувиар бууруулах зэрэг үр дагавар үүсэхийг тайлбарлав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат асуулт асууж, үг хэллээ. Тэрбээр сүүлийн үед иргэд, тэр дундаа залуучууд нийгмийн даатгалын ач холбогдлыг ойлгохгүй, шимтгэл төлбөрийг бууруулах асуудлыг ярьж байгаа нь нийгмийн даатгалын реформ хийх зайлшгүй шаардлага тулгарсныг илтгэж байна гээд, нийгмийн даатгалын үр өгөөжийг сайжруулах, бүгд ижилхэн төлж, шударгаар авдаг систем рүү шилжих цаг болсныг онцоллоо. Мөн энэ асуудлыг иргэд, олон нийтэд зөвөөр ойлгуулах, нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх шардлага байгааг тэмдэглэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нийгмийн даатгалын уян хатан тогтолцоог нэвтрүүлж, аж ахуйн нэгжийн санхүүгийн дарамтыг бууруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гээд, Засгийн газраас нийгмийн даатгалын ямар реформ хийхээр төлөвлөж байгааг асууж хариулт авсан юм. Түүний асуултад хариулахдаа Гэр бүл, хөдөлмөр, ниймийн хамгааллын сайд Т.Аубакир хөдөлмөр эрхэлж буй болон тэтгэвэр авч байгаа хүмүүсийн зохистой харьцааг хангах асуудал чухал болохыг онцолж, Шинэ Зеландын тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх талаар судалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүний санаачилсан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогоос хасах, эдгээр гэрээний үндсэн дээр хүнийг ажиллуулж, цалин хөлс олгосон тохиолдолд тухайн хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор нөхөн төлүүлэх, мөн хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрсний мөнгийг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогоос хасах тухай хуулийн төсөлтэй уялдуулан Нийгмийн даатгалын сан аль болох бага татаастай байх хувилбарыг боловсруулж байна гэв. Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нийгмийн даатгалын сангийн тухай болон тэтгэвэр, тэтгэмж, халамж хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлууд уялдаа холбоотой учир хуулиудыг багцаар шинэчлэх ажлын талаар нийгэмд нэгэнт хүлээлт үүссэн учир яаравчлах шаардлагатайг дурдаж, хөгжлий бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч байгаа бэрхшээлийг арилгахад анхаарах нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ шимтгэлтэй холбоотой асуудлыг зөвхөн Нийгмийн даатгалын сангийн талаас харахгүй байхыг зөвлөж, ажил олгогчдод үүрэгдэж байгаа санхүүгийн дарамт буурвал тэд ажилчдынхаа нийгмийн баталгааг хангах талаар зоригтой алхмуудыг хийж чадна гэв.
Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар буюу нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг бууруулах тухай асуудлаар гаргасан иргэн Б.Батбилигийн өргөдлийг хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хороны тогтоол гаргахаар боллоо. “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Нийгмийн бодлогын байнгын хорооны тогтоолын төсөлд, Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын тэнцвэртэй байдлыг алдагдуулахгүйгээр зарим даатгуулагчийн шимтгэл төлөлтийг уян хатан тогтоох боломжийг судалж, холбогдох хуулийн төсөлд тусган боловсруулж, Монгол Улсын Их Хуралд 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зохистой удирдлагыг төлөвшүүлж тус сангаас “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч “Чингис Хаан банк” ХХК-аас нэхэмжилсэн авлагыг барагдуулах арга хэмжээг яаралтай авч санг алдагдалгүй түвшинд хүргэх, ажил олгогчид ирэх санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор тэдний шимтгэл төлөх цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг даатгуулагчтай ижил байх хязгаарыг тогтоох боломжийг судлах, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.
Тогтоолын төсөлд иргэний гаргасан өргөдөлд тусгасан асуудалтай холбоотой агуулгыг нэмэх тухай Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын саналыг тусгаж батлахаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тогтоол батлагдсанд тооцлоо.
Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2024 ооны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг хэлэлцлээ
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2024 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа нь хэлэлцлээ. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын сан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн сайдын 2024 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангийн талаарх танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан хийв. Эдгээр төсвийн ерөнхийлөн захирагчдын багцын нийт 303 байгууллагын 39 төсөл, сан, төрийн өмчийн дөрвөн аж ахуйн нэгж, 260 төсөвт байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан байна. Тэдгээрийн нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 10 934.0 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч, үүнээс урсгал зардал 12 529.8 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 415.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд Нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагдах гурван төсвийн ерөнхийлөн захирагчийн 312 төсөл, арга хэмжээнд 415.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, гүйцэтгэл нь 72.3 хувийн биелэлттэй гарчээ.
Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Аудитаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын санхүүгийн нэгтгэсэн тайланд “хязгаарлалттай” гэсэн дүгнэлт өгч, харьяа 102 байгууллагад “өөрчлөлтгүй”, 34 байгууллагад “хязгаарлалттай”, хоёр байгууллагад “сөрөг” гэсэн дүгнэлт өгч, нэг байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзжээ. Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн нийт 141.2 тэрбум төгрөгийн зөрчлөөс 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 62 төлбөрийн акт тогтоож, 105.7 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 62 албан шаардлага, 2.8 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах есөн албан шаардлага хүргүүлж, 32.2 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 207 зөвлөмж өгч, 0.2 тэрбум төгрөгийн гурван зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн бол, нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 95.5 тэрбум төгрөгийн алдааг аудитын явцад залруулж, 0.1 тэрбум төгрөгийн алдааг залруулах зөвлөмж өгсөн байна. Нийцлийн асуудлаар нийт 2 53.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс, 2 32.7 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 56 албан шаардлага, 2.2 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах есөн албан шаардлага хүргүүлж, алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх 18.9 тэрбум төгрөгийн 105 зөвлөмж өгчээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 134.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 2024 онд 48.7 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 43 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан ба төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг хянаж, 61.6 хувийн санхүүжилтийг олгосон байна.
Эрүүл мэндийн сайдын санхүүгийн нэгтгэсэн тайланд “хязгаарлалттай”, харьяа 289 байгууллагад “өөрчлөлтгүй”, 59 байгууллагад ‘’хязгаарлалттай‘’, гурван байгууллагад “сөрөг” дүгнэлт өгч, хоёр байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзжээ. Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 113.9 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илэрснээс 1.4 тэрбум төгрөгийн зөрчилд 269 төлбөрийн акт тогтоож, 89.7 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 462 албан шаардлага хүргүүлж, 19.2 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 650 зөвлөмж өгч, 3.1 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах 18 албан шаардлага, 0.5 тэрбум төгрөгийн хоёр асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн ба нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 133.6 тэрбум төгрөгийн алдааг аудитын явцад залруулсан байна. Нийцлийн асуудлаар 235.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 4.5 сая төгрөгийн зөрчилд нэг төлбөрийн акт тогтоож, 226.0 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 103 албан шаардлага, 8.9 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 221 зөвлөмж өгч, 0.3 тэрбум төгрөгийн нэг зөрчилд хариуцлага тооцох албан шаардлага хүргүүлжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 691.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 282.6.0 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 128 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс 80 төсөл, арга хэмжээг 2024 онд шинээр баталсан байна. Нийт 221.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 44 барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс 140.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 30 барилга байгууламж ашиглалтад оржээ. Нийт төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг хянаж, 58.1 хувийн санхүүжилтийг олгосон байна.
Эрүүл мэндийн даатгалын сангийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” гэсэн дүгнэлт өгч, санхүүгийн тайлангийн аудитаар нийт 77.0 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 0.2 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох таван албан шаардлага хүргүүлж, 76.8 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх долоон зөвлөмж өгсөн ба нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 4.3 тэрбум төгрөгийн алдааг аудитын явцад залруулсайн байна. Мөн Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “хязгаарлалттай”, харьяа 15 сангийн санхүүгийн тайланд “өөрчлөлтгүй”, дөрвөн сангийн санхүүгийн тайланд “хязгаарлалттай” гэсэн дүгнэлт өгч, нэг сангийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзжээ. Аудитаар 322.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 0.01 тэрбум төгрөгийн зөрчилд нэг төлбөрийн акт тогтоож, 169.6 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 16 албан шаардлага, 143.4 тэрбум төгрөгийн зөрчилд давтан гаргахгүй байх 27 зөвлөмжийг өгч, 9.4 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах нэг албан шаардлага хүргүүлсэн ба нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 2 794.3 тэрбум төгрөгийн алдааг залруулсан байна. Нийцлийн асуудлаар илэрсэн 720.2 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох дөрвөн албан шаардлага хүргүүлж, зөрчлийг давтан гаргахгүй байх зургаан зөвлөмж өгчээ.
Сангийн сайдын хийсэн мэдээлэл болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, Ж.Баярмаа, Б.Бат-Эрдэнэ, О.Саранчулуун, Д.Үүрийнтуяа, Б.Бейсен, Байнгын хорооны дарга Л.Энхнасан нар асуулт асууж, холбогдох сайд нар болон яам, агентлагийн удирдахалбан тушаалтнуудаас харилут авлаа. Улсын Их хурлын гишүүд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн менежмент, өр төлбөр, арилжааны банкуудаас авах авлага, түүний барагдуулалт, төсвийн зардал, санхүүжилтийн үр дүнд бий болсон ажлын байр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үзүүлэлт, зарлаж амжаагүй тендер, улсын төсөвт буцаж хураагдсан хөрөнгө, түүний алдсан боломжийн тооцоолол, хорт хавдрын өвчлөл, шинээр нэмэгдэж байгаа байдал, хавдрын эмнэлгийн шинэ барилгын ажлын явц, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийн худалдан авалт, аудитаар илэрсэн зөрчил, дутагдлуудын учир шалтгаан, акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, алдаа зөрчлийн давтамж, арилахгүй байгаа байдал зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Түүнчлэн Япон Улс болон БНСУ дахь нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээний нэгжүүд татан буугдсаны шалтгаан, Сургалт, үнэлгээ, судалгааны институц зэрэг байгууллагын чиг үүрэг, ач холбогдлыг тодруулан асууж, зардлын өсөлт, бууралтад үзүүлж байгаа гол нөлөөлөл, аудитын олон улсын стандарт, төлөвлөж, төсөв санхүү нь батлагдсан зарим ажлуудын огт хийгдээгүй байгаагийн хариуцлагыг хэрхэн тооцох, эмнэлгүүдийн санхүүжилт хийгдэхгүй, өр төлбөрт баригдсан байгааг хэрхэн шийдэрлэх, ялангуя хөдөө, орон нутгийн эмнэлгүүдэд шинээр авсан тоног төхөөрөмжүүд, эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний төсвийн хэрэгжилт дөнгөж 10 хувьтай, Эрүүл мэндийн дэмжих сангийн төсөв 4.0 тэрбум төгрөгийн хэмнэлттэй гарсан зэрэг олон асуудлаар асуулт асууж, хариулт тайлбар авав.
Үүний дараа хэлэлцэж байгаа асуудлаар Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Д.Үүрийнтуяа, Б.Бейсен нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.
Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэв
Мөн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Хууль, тогтоолын төслүүдийн талаарх танилцуулгыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хийлээ.Төсвийн тодотголд бүх шатны төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэх зарчмыг баримталж, төрийн албаны орон тоог 9.0 хувиар бууруулахаар, мөн төсвийн байгууллагын тээвэр шатахуун, дотоод албан томилолт, хичээл, үйлдвэрлэлийн зардал, төрийн өндөр дээд айлчлал болон өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолт зочин төлөөлөгч хүлээн авах зардал, тавилга, эд хогшил худалдан авах урсгал засвар хийх болон багаж техникийн зардал төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасын зардал байгууллагаас олгох нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж, урамшуулал, хөтөлбөр, арга хэмжээний зардал зэргийг хэмнэхээр тооцжээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 32.6 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 3.5 тэрбум төгрөгөөр, нийт 36.1 тэрбум төгрөгөөр, Эрүүл мэндийн сайдын багцын төсвийг 2025 оны батлагдсан төсвөөс нийт 151.1 тэрбум төгрөгөөр, үүнээс урсгал зардал 81.2 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 69.9 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар төлөвлөсөн байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын салбарын төрийн албан хаагчийн тоог 541 орон тоогоор бууруулж 5707 орон тоотой байхаар, эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчдын орон тоог 2651-ээр бууруулахаар тооцжээ.
Засгийн газар 16 яам, Ерөнхий сайдаас гадна 19 сайдтай ажиллахаар болж, зарим сайдын чиг үүргийг ойролцоо чиг үүрэг эрхэлдэг харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бусад сайдын эрхлэх асуудалд шилжүүлсэнтэй холбогдуулан төсвийн тодотголд зарим өөрчлөлтийг тусгасан байна. Тухайлбал хилийн бүс дэх тээвэр логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, хилийн боомтын хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлыг Сангийн сайдын чиг үүрэгт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын чиг үүрэгт, 20 минутын хотын хөгжлийн асуудлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын чиг үүрэгт тус тус шилжүүлж холбогдох төсвийн өөрчлөлтийг тусгажээ. Чиг үүргийн өөрчлөлттэй холбогдуулан Монгол Улсын сайд, Хяналт, үйлчилгээний үндэсний хорооны даргын ажлын алба, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын ажлын алба, Монгол Улсын сайд, 20 минутын хот, Үндэсний хорооны даргын ажлын албыг тус тус татан буулгажээ. Ингээд 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3 260.0 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 209,9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагыг 1 856,5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 575,1 тэрбум төгрөгт хүргэн, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 365,2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай болсон байна.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа. Нийгмийн бодлогын байнгын хороонд хамаарах дөрвөн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөвт төвлөрүүлэх орлогыг нийт 68.2 тэрбум төгрөгөөр, зарлагыг 230.4 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар хуулийн төсөлд тусгасныг тэрбээр дурдаад, Байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ төрийн албан хаагчдын тоог чиг үүргийн давхардал, ажлын байрны ачаалалд дүн шинжилгээ хийлгүй жигд 9.0 хувиар бууруулахаар тооцсон нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулж болзошгүй тул төсвийн ерөнхийлөн захирагч нар хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны ба бүтээмжийн үнэлгээг хийж, ажлын ачааллыг оновчтой хуваарилах үүднээс харьяа байгууллагуудын орон тоонд зохицуулалт хийх боломжийг олгох асуудлыг судалж үзэх, 2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох, мөн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэхээр заасан нь судалгаанд үндэслэн ажлын ачааллыг нягтруулж, орон тоогоо зорилтот түвшинд хүртэл нэгэнт бууруулсан байгууллагад сул орон тоонд нөхөн томилгоо хийх боломжгүй нөхцөл үүсгэж тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй болох эрсдэл үүсгэж болзошгүй байгааг анхаарах, цомхотголд орж буй албан хаагчдад төрийн албаны хуулийн 62.1.4-д заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөний гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зардал шаардагдах учир төсвийн тодотголд хамтад нь шийдвэрлэх шаардлагатайг зөвлөв.
Аудитын байгууллага Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох хуульд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл, Аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, Ц.Баатархүү, Д.Үүрийнтуяа, Д.Ганмаа, Б.Бейсен нар суулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд төсвийн тодотголд танагдсан тэвчиж болохгүй зардлууд цөөнгүй байгааг дурдаж, дутагдалтай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжүүд, түргэн тусламжийн автомашинууд зэрэг олон хөрөнгө оруулалт, санхүүжилтэд уян хатан хандах шаардлагатайг ярьж байлаа. Мөн орон тооны цомхотголыг чиг үргийн давхардал, сул орон тоо гэх мэтээр хэд хэдэн ангиллаар авч үзэх, хүүхэд хамгааллын зардлыг бууруулахгүй байх, дулаан, цахилгааны үнийн нэмэгдэлтэй холбоотйогоор ялангуяа эрүүл мэндийн салбарын урсгал зардлыг хасахгүй байх зэрэг зарчмын саналуудыг хэлсэн юм. Төрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх байх асуудал анхаарч ажиллах, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг эргэн харах, эрүүл мэндийн салбар болон боловсролын салбарын төсвийг бууруулсныг буцааж нэмэгдүүлэх, Ерөнхий аудиторын анхааруулсны дагуу цомхотголд орсон албан хаагчдын тэтгэмжийн асуудлыг давхар шийдвэрлэх, сувилагчдыг цомхотгохгүй байх, төсвийг тодотгохдоо бүх зүйлийг хасах бус зарим шаардлагатай зардлыг нэмэгдүүлэх, яаралтай үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг хасахгүй байх, хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, хамгаалал болон хөдөлмөрийн зах зээлийг дэмжих ажилд төсөв тавьж өгөх зэрэг асуудлыг джрдаж, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамжийн газрын барилгын хөрөнгө оруулалт, ЭХЭМТ, ХСҮТ-ийн их засварын ажлууд зэрэг тодорхой төсөл, арга хэмжээний зардал хасагдсаны шалтгаан, нөхцөлийг тодруулан асууж, хариулт авсан юм. Хэмнэлтийг учиртай хийж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн тендерийг зохих журмын дагуу хугацаанд нь хийгээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох, онцгой шаардлагатай гэж төсөвт тусгуулсан төсөл, арга хэмжээний санхүүжилт маш бага хувийн гүйцэтгэлтэй байгаа, нэг бол өндөр хувиар танагдсан байж болохгүй гэсэн саналыг хэлж, хэмнэлт, таналтаа эрэмбэлэх, тулгамдаж байгаа бэрхшээлтэй асуудлуудаа шийдвэрлэх, төсвийн хэрэгжилтийн үр ашгийг дээшлүүлэх, мөн төсвийн таналтаас үүдэх сөрөг үр дагаварыг бууруулах асуудлыг нарийвчлан төлөвлөж хэрэгжүүлэх шаардлагатайг сануулж байлаа. Түүнчлэн эмнэлгийн бүтэц, орон тоог шинэчлэх, Эрүүл мэндийн яамны хяналт, шалгалтыг чангаруулах, эм хангамж, худалдан авалтад цаг хугацааны хүчин зүйлийг тодорхой тусгах, эмнэлгүүдийн захиргааны зардлыг бууруулах зэрэг ажил хэрэгч саналуудыг ч гаргаж байв.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
НДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэж, Г.Адьяаг дэмжлээ
Өнөө өглөө болсон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Тайланг сонгсол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар танилцууллаа. Сонсголд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Баясгалан, Б.Бейсен, Х.Болормаа, Х.Булгантуяа, М.Ганхүлэг, Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун, М.Сарнай Б.Түвшин, Д.Үүрийнтуяа, Л.Энхнасан, С.Эрдэнэбат нар оролцож, өөрөө удирдан явуулсан хэмээн тэрбээр танилцуулж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэл (МҮЭ)-ийн Холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, зөвлөх багш Горчинсүрэнгийн Адьяаг нэр дэвшүүлснийг хэлэлцсэн талаар дэлгэрэнгүй дурдлаа. Нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй туршлагын талаар мэргэжлийн хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Д.Далхжав ажиллаж, Г.Адьяаг мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс, зүй туршлагын хувьд тавигдах шалгуурыг бүрэн хангасан гэж дүгнэсэн байна. Сонсголын үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Түвшин, сонсголд оролцогч Б.Гүнжилмаа, Ч.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд сонсголд оролцсон Улсын Их Хурлын гишүүд үргэлжлүүлэн хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 84 хувийн саналаар нэр дэвшигч Г.Адьяаг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн дэмжсэн байна.
Сонсголын тайлантай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн байгаагүй тул НДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүн Цэндийн Сүхбаатарын хугацаа дууссан тул чөлөөлөх, тус зөвлөлийн гишүүнээр Г.Адьяаг томилох санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээр боллоо.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороог ирэх долоо хоногт хуралдуулахыг үүрэг болгов
Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, С.Эрдэнэбат нарын хүсэлтийн дагуу тэтгэврийн зээлийн зохицуулалтын талаар Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг сонслоо. Хуралдаанд тэтгэврийн зээлийн зохицуулалтын талаар өргөдөл гаргасан иргэдийн төлөөлөл болох иргэн н.ганбаатар, н.Гантөмөр нарыг оролцуулав.
Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг тус банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван хийлээ. Тэрбээр танилцуулгадаа өндөр настай иргэдийн нийгмийн баталгааг хангах, өрийн дарамтад орохоос сэргийлэх, тэтгэврийн зээлдэгчийн санхүүгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, улмаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор 2023 оноос тэтгэврийн зээлд чиглэсэн шат дараатай бодлогын зохицуулалтыг авч хэрэгжүүлж байгааг тэмдэглэж, энэ оны гуравдугаар сард тэтгэврийн зээлийн сарын төлбөр төлсний дараах үлдэгдэл нь амьжиргааны баталгаажих доод түвшинтэй уялдуулахаар шийдвэрлэж, мөн зургадугаар сард өмнөх зохицуулалтыг өөрчлөн, банкнаас шинээр олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээл болон уг зээлийн нөхцөлийг өөрчлөхөд өр, орлогын харьцааг 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар буюу бусад хэрэглээний зээлтэй ижил зохицуулалттай байхаар шийдвэрлэснийг танилцуулав.
Энэ нь тэтгэврийн зээлтэй иргэд тэтгэврийн орлогынхоо 50-аас ихгүй хувийг зээлийн төлбөрт зарцуулах, 50-аас багагүй хувийг өөрт нь үлдээх зохицуулалт гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч тайлбарлаж, өмнө гаргаж байсан амьжиргааны баталгаажих доод түвшинтэй уялдуулах шийдвэртэй харьцуулахад үүгээр бага тэтгэвэр авагчийн зээл авах боломж нэмэгдсэнийг онцолсон юм. Энэхүү бодлогын шийдвэрийг гаргаагүй тохиолдолд тэтгэвэр авагч иргэд өөрийн амьжиргаа, суурь хэрэглээг хангах, сар бүрийн орлогоо зээлийн өр төлбөрт зарцуулах нь эдгээр иргэдийн эдийн засаг, нийгмийн баталгаа алдагдах, ядууралд хүргэх бодит эрсдэл тулгарч байгааг тэрбээр дурдаж, тэтгэврийн зээлтэй иргэд сард дунджаар тэтгэврийн орлогынхоо 84 хувийг зээлийн төлбөрт зориулж, дөнгөж 16 хувийг амьжиргаандаа зарцуулж байна гэсэн тоо баримт танилцуулсан юм.
Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 515.6 мянган иргэний 281.2 мянга нь тэтгэврийн зээлтэй, тэдний 87.7 хувь буюу 246.6 мянга нь зээлээ төлсний дараа амьжиргааны баталгаажих түвшинг хангахгүй амьдарч байна. Фридрих Эбертийн сангаас 2022 онд хийсэн ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо, судалгаагаар тэтгэврийн зээлтэй ахмад настнуудын дийлэнх нь хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, гэр бүлийн гишүүдийн автомашин худалдаж авахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр зээлээ бусдын хэрэгцээнд зориулж байгааг тогтоосон байна. Энэ нь ахмад настны эдийн засаг, нийгмийн баталгаа алдагдлах, санхүүгийн хараат байдал, өрийн дарамтад өртөх шалтгаан болж байгааг судалгааны дүгнэлтэд онцолжээ. Иймд Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос нийгэм ,эдийн засгийн нөхцөл байдал ,санхүүгийн системд учирч буй эрсдэл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн саналыг үндэслэн өндөр настай иргэдийн өрийн дарамтыг бууруулж, амьжиргааг дэмжих зорилгоор тэтгэврийн зээлийг бусад төрлийн хэрэглээний зээлтэй ижил зохицуулалттай байхаар шийдвэрлэсэн гэлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос тэтгэврийн зээлтэй холбоотой огцом өөрчлөлтийг удаа дараа хийж байгаа нь ахмад настнуудын амьдралд ихээхэн төвөгтэй байдал үүсгэж байгааг онцлоод, хэрэглээний зээл хэт ихсэж, инфляц, валютын нөөцөд нөлөөлж байна гэсэн үндэслэлээр тэтгэврийн зээлийг хязгаарлах нь байгаа оноогүй шийдэл болж буйг анхааруулж, уян хатан зохицуулахыг хүслээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир ахмад настуудын амьдралын аюулгүй байдлыг бодох ёстой гэсэн байр суурь илэрхийлж, тэтгэврийн зээлийн зарцуулалт хэрэглээнд зориулагдаж байна гэсэн судалгааны дүгнэлтийг мэдээлэв. Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар энэ оны тавдугаар сард батлагдсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг анхааруулж, Монголбанк холбогдох журмыг нэн даруй баталж, мөрдүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь уг журам батлагдахыг хүлээсэн хүлээлт нийгэмд их байгааг дурдаж, хэзээ батлагдахыг асуухад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван энэ оны есдүгээр сарын 1 гэхэд бүрэн шийдвэрлэнэ гэсэн хариулт өгөв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангиллаас гаргаж, хүүг бууруулах боломжтой талаар санал хэлж, Монголбанк шийдвэр гаргахдаа уг шийдвэрт хамгйин түрүүнд өртөх хүмүүсийн, ахмад настнуудын саналыг сонсдог, тэдний шийдвэр гаргах үйл явцад оролцуулдаг байх ёстой гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ банкны салбарын зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа хүмүүс болон зарим улс төрчдийн хариуцлагагүй байдлыг шүүмжилж, тэтгэврийн зээлийн асуудлыг арилжааны банкинд нь үлдээхийг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа манай улсад тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн зөвхөн 15 хувь нь тэтгэвэр авах боломжтой байдаг болон ялангуяа эрчүүдийн дундаж наслалт дэлхийн дунджаас 10 насаар бага байгааг дурдаад, санхүүгийн үйлчилгээг хүндээ ээлтэй болгоход анхаарах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа хэрэглээний зээлийн өсөлтөд тэтгэврийн зээлийн үзүүлж буй нөлөө, өр, орлогын харьцааг 50х50, 70х30 гэсэн харьцаагаар тооцоход ямар дүн гарч байгаа зэргийг асууж тайлбар аваад, Монголбанкны шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Байнгын хорооны дарга Л.Энхнасан Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны энэ оны зургадугаар сарын шийдвэр зөвхөн шинээр зээл авагчдад хамаарна, өмнө зээл авсан иргэдэд хамаарахгүй байгаа учир ахмад настнууд шинээр зээл авах гэтэл өмнөх зээлээ тэглэх шаардлага тавьж байгаа нь хүндрэл үүсгэж буйг болон зээлийн хугацааг 12 сараар хязгаарласны үндэслэл, үр дагаварын талаар асууж, хариулт авсан юм. Монголбанкны дэд ерөнхийлөгч энэ асуултад хариулахдаа, Мөнгөний бодлогын хорооноос зээлийн хугацаанд ямар нэг хязгаарлалт тавиагүй гэдгийг мэдэгдэв.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа ахмад настныг төлөөлсөн оролцогчдын үгийг сонсов. Иргэн н.Алтанзул олон мянган ахмад настыг төлөөлж байгаагаа дурдаж, Байнгын хороны хуралдаанд оролуох боломж олгосон Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасанд талархал илэрхийлээд, төр засаг, төв банкнаас ахмадуудад чиглэсэн бодлого, шийдвэр гаргахдаа амьдралын бодит нөхцөл байдал, тэтгэврийн хүрэлцээг бодитоор үнэлж, хүний эрхийг дээдлэхийг шаардав. Тэрбээр, Монголбанкнаас гаргасан тэтгэврийн зээлийг 50 хувиар хасах журам нь ахмадуудын тэтгэвэрийг өдөр тутмын хэрэгцээтэй эм тариагаа авахад хүрэлцэхгүй болгож, урьдчилж авсан зээлийг давхар төлүүлэх байдлаар арилжааны банкнууд шударга бус нөхцөл үүсгэж, ахмад настны нэр төр, эдийн засгийн эрх чөлөө зөрчигдөж, бухимдал, итгэл алдрах байдлыг үүсгэж байна гэлээ. Мөн Монголбанк олон нийтэд тодорхой бус, ойлгомжгүй мэдээлэл түгээж байгаа нь төөрөгдөлд хүргэж буйг дурдаад, тэтгэврийн зээлийг 50х50-ийн өр, орлогын харьцаагаар хязгаарлах шийдвэрийг нэн даруй цуцалж, 100 хувийн зээлийн эрхийг сэргээх, Монголбанк болон төрийн байгууллагууд олон нийтэд ил тод, ойлгомжтой, хариуцлагатай мэдээ, асуудлыг мэдээлдэг байх, ахмад нсатны эрх ашиг хөндөгдсөн аливаа бодлого, шийдвэр гаргахдаа ахмадын төлөөллийг оролцуулдаг тогтолцоог бүрэлдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгах нөхцөлийг бүрдүүлэх, зээл авахад арилжааны банкнууд өмнө авсан зээлээ төлөөд дахин ав гэсэншаардлага тавьж буйг болиулах зэрэг шаардлагыг уншиж танилцуулав. Түүнчлэн тэрбээр ахмадууд бидэнд халамж биш шударга хандлага хэрэгтэй, бидний амьдрал зөвхөн статистик биш гээд, бид бол бодит амьдралтай, түүхтэй, нийгмийн зүтгэлтэй иргэд гэсэн юм. Тэрбээр өнөөдрийн хуралдаанаас бидний дуу хоолойг сонсож, дорвитой шийд гаргахыг хүсье гээд, банкнаас тэтгэврийн зээл авч чадахгүй болсон ахмад настнууд банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авахаас өөр аргагүй байдалд орж буйг ярив. Байнгынхорооны дарга Л.Энхнасан ахмад настны төлөөллийг хүлээн авч уулзахыг Монголбанканд даалгаж, асуудлыг ийм болтол ужигруулсанд харамсаж байгаагаа илэрхийлэв.
Дараа нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, С.Зулпхар, С.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, О.Саранчулуун, Д.Үүрийнтуяа, мөн Байнгын хорооны дарга Л.Энхнасан нар үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд тэтгэврийн зээлийн зохицуулалтад уян хатан хандах, асуудлыг тодорхой, нээлттэй ярилцаж шийдвэрлэх, хүүг бууруулах, үйлчилгээг түвэг чирэгдэлгүй үзүүлдэх байх, асуудалд судалгаа, тооцоотой хандах, эрсдэлтэй, эмзэг бүлэгт хамаарах ахмад настнуудыг ядууралд өртүүлэхгүй байх, нөхцөл байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх, шийдвэр гаргагчид иргэдээ сонсдог байх талаар санал хэлж, алдаа гаргасан бол түүнийгээ цаг алдалгүй засаж, залруулдаг байхад анхаарах, Монголбанкны Мөнгөний бодлогын хороог яаралтай хуралдуулах, санхүүгийн хэрэглээг хязгаарлах нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндэд давхар эрсдэл учруулж байгааг анхаарах, мөн халамж, сургалт, зээлийн бүтээгдэхүүн хослуулсан цргц хөтөлбөр хэрэгжүүлэхийг зөвлөн, гаргаж байгаа шийдвэртээ анхаарал болгоомжтой хандахыг сануулав. Тэтгэврийн зээл бол тэтгэвэр хүрэлцээгүй байгааг илэрхийлдэг зүйл болохыг мөн сануулж, тэтгэврийн тогтолцоо, тэтгэврийн даатгалын сангийн менежментийг сайжруулахгүйгээр шууд хязгаарлалт хийж, гэнэтийн шийдвэрийг урьдчилж мэдэгдэхгүй, ямар нэг хугацаа өгөлгүйгээр шууд хэрэгжүүлж байгаагаас ийм хүндрэлтй нөхцөл байдал үүсэж буйг дүгнэн, арга барилаа өөрчлөх цаг болсныг сануулж байлаа. Байнгын хорооны дарга Л.Энхнасан тэтгэврийн зээлийн зохицуулалтын талаар Монголбанк, Засгйн газарт тодорхой шаардлага, үүрэг даалгавар өгсөн тогтоол гаргаж хүргүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргаж, Улсын Их Хурлын гишүүдийн хэлсэн санал, иргэдийн хүсэлтийг тусгасан Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлийг Монголбанканд хүргүүлэхээр тогтлоо. Мөн энэ шийдвэрийг дахин харж үзэж, ирэх долоо хоногт Мөнгөний бодлогын хорооны хурлыг хуралдуулахыг Монголбанканд үүрэг болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.