Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2025.07.02/ өнөөдрийн хуралдаан 12 цаг 56 минутад гишүүдийн 52.0 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтсон.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.
Хуралдаан Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулав.
Тэрбээр, 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэн Р.Шинэгэрэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-т заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1.0 хувь болгож бууруулах” асуудлаар хуулийн төсөл санаачлах өргөдлийг үүсгэн, уг өргөдлийг 100,187 иргэн гарын үсэг зурж, дэмжсэн асуудлыг Төсвийн байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт өргөдлийг шилжүүлсэн. Ажлын хэсэг иргэний гаргасан өргөдлийн асуудлаар онол, практикийн түвшинд нарийвчилан судалж, хувь хүний албан татвартай холбогдох хууль тогтоомж, харьцуулсан судалгаа, лавлагаа, мэдээлэл болон олон улсын байгууллагуудаас ирүүлсэн зөвлөмжтэй танилцсан гэлээ.
Мөн хувь хүний орлогын албан татвар нь эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг дэмжих, өрийн тогтвортой байдлыг хангах, эрүүл мэнд, боловсролын салбар дахь төрийн үйлчилгээ, дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх зэрэгт чухал үүрэгтэйгээс гадна орлогын тэгш хуваарилалтад нөлөөлж байдгийг дурдаад 2022 оны Улсын Их Хурлын намрын чуулганаар батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого болон шууд бус орлогын жилийн татвар ногдуулах орлогын дүнд тодорхой хувь хэмжээгээр албан татвар ногдуулах өөрчлөлтийг тусгасан гэв.
Судалгаагаар хувь хүний орлогын албан татвар нь нь 2024 оны байдлаар нийт татварын орлогын 9.6 хувийг бүрдүүлсэн үзүүлэлттэй байна. Уг татварын орлогын 78-80 хувийг цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, бүрдүүлж байна. Олон улсын байгууллага (ОУВС, Дэлхийн банк, OECD)-аас хөгжиж буй орнуудад хүмүүн капитал, чадварыг нэмэгдүүлэх, бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх, татварын системийг илүү прогрессив болгохыг зөвлөсөн байдгаас гадна ерөнхий, бүх нийтэд хамаарах татварын бууралт хийх нь үр ашиггүй, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө ихтэй, мөн хувь хүний орлогын албан татварыг бүх түвшинд ижил болгож, шатлалгүй хувь хэмжээтэй байх нь өндөр орлоготой хүмүүст илүү ашигтай байдаг талаар ч дурдсан байгааг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа тодотголоо.
Иргэний гаргасан өргөдлийн дагуу албан татварын хувь хэмжээг 1 хувь болгох тооцооллыг хийж үзэхэд сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсвийн татварын орлого 2.6 их наяд төгрөгөөр буурч, улсын төсөвт нөлөө үзүүлэхээр байна. Иймд дээр дурдсан хууль тогтоомж, олон улсын байгууллагын зөвлөмж, судалгаанд үндэслэн нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 06 дугаар 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон татварын багц хуулийн төсөлд багтсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцүүлэх Монгол Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 05 дугаар дүгнэлтийн Үндэслэл хэсгийн 2.3-т заасан “Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд албан татвар төлөгчийн орлогод ногдуулах жилийн албан татварт орлогоос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлэхээр зохицуулсан байх боловч уг татварын хөнгөлөлт нь хүний наад захын хэрэгцээг хангахад шаардагдах орлогыг бүрдүүлэхэд хангалттай дэмжлэг болохуйц биш байх тул Үндсэн хуулийн Оршил хэсэгт дурдсан хүмүүнлэг нийгмийн зарчимд нийцүүлэн хууль тогтоомжийг цаашид боловсронгуй болгох шаардлагатайг дурдах нь зүйтэй.” гэснийг удиртгал болгон нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 06 дугаар 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон татварын багц хуулийн төсөлд багтсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг онцолсон.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Туваан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 292 дугаар захирамжаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Ш.Бямбасүрэн, Д.Ганбат, Б.Заяабал, Ч.Лодойсамбуу, М.Нарантуяа-Нара, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Дав.Цогтбаатар, Б.Уянга, Г.Уянгахишиг, Д.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсныг дурдлаа.
Ажлын хэсэг гурван удаа хуралдсан бөгөөд ажлын хэсгийн гишүүдээс “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолийн төсөлтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татсантай холбогдуулж, мөн Монгол Улсын 2025 оны улсын төсвийг баталсантай холбогдуулан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 52 дугаар тогтоол, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 54 дүгээр тогтоол бүрэн хэрэгжиж дуусаагүй, түүнчлэн Улсын Их Хурлын Улсын Их Хурлын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгээс боловсруулж байгаа “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд дээрх тогтоолын төслийн зохицуулалтууд тусгагдсан учраас төслийг хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг тогтоолын төслийг буцаах зарчмын зөрүүтэй санал, мөн ““Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгагдсан зохицуулалтуудыг холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэн гадаад валютын нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлж, үр өгөөжөө өгөх, Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх боломжтой алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 47 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, гадаад валютын нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлж, үр өгөөжөө өгөх, Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх боломжтой алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг хангах үүднээс хөрөнгө оруулагч, тусгай зөвшөөрөл эзэмшигчид учирч буй хүндрэл, үүний дотор газар ашиглахтай холбоотой асуудлыг судлан, эрх зүйн орчныг сайжруулж, хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зохицуулалтыг тогтоолын төсөлд нэмж тусгах зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулсан гэж байлаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, ““Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжсэн.
Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Байнгын хорооны хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.