Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2025.07.02/ өнөөдрийн хуралдаан Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан /дэлгэрэнгүйг эндээс/ танилцууллаа.
Эдийн засгийн сорилт, хүндрэлийг даван туулахад төсвийн сахилга бат, үр ашигтай зарцуулалт онцгой чухал үүрэгтэй. Тиймээс “Хэмнэлтийн тодотгол”-д бүх шатны төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэснийг Сангийн сайд тодотгоод нэгдүгээрт, оновчтой бүтэцтэй, цомхон, чадварлаг төрийн албыг бий болгох, хоёрдугаарт, төрийн ажил үйлчилгээг цахимд шилжүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх инновацыг салбар бүрийн онцлогт нийцүүлэн нэвтрүүлэх замаар иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанарыг бууруулалгүй бүх шатны төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэх зарчмыг баримталсан гэв.
Энэ хүрээнд “Хэмнэлтийн тодотгол”-оор төсвийн зардлыг 1 их наяд 508.4 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцоолсон байна.
Мөн үүн дээр Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор худалдан авах ажиллагааг бүрэн дуусгах, гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг хэмнэлтэд тооцох, зарцуулахгүй байх зохицуулалтын хүрээнд Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар батлагдсан “Төсвийн хэмнэлтэд тооцох тухай” тогтоолд туссан 535.9 тэрбум төгрөгийг нэмж тооцвол нийт 2 их наяд 44.2 тэрбум төгрөгөөр зарлага буурахаар байна. Уг тогтоолын хүрээнд Эрүүл мэндийн сайдын багцаас 69.9 тэрбум төгрөг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын багцаас 57.7 тэрбум төгрөг, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцаас 36.6 тэрбум төгрөг, Боловсролын сайдын багцаас 33.7 тэрбум төгрөг, Зам, тээврийн сайдын багцаас 33.4 тэрбум төгрөг, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас 19.7 тэрбум төгрөг, Монгол Улсын тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын багцаас 17.4 тэрбум төгрөг, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцаас 12.4 тэрбум төгрөг, бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцаас 255.4 тэрбум төгрөг, нийт 535.9 тэрбум төгрөгийг төсвийн хэмнэлтэд тооцсон гэв.
Нөгөөтэйгүүр, Монгол Улсын олон улсад хүлээсэн үүрэг болон эрчим хүчний найдвартай байдлыг хангах, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай гурван зардлыг төсвийн тодотголд нэмж тусгасан гэв. Тухайлбал,
-Монгол Улсын Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын Байнгын Нарийн бичгийн дарга нарын газар хооронд 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хэлэлцээрийн хүрээнд COP-17 дугаар Бага хурлыг 2026 оны 08 дугаар сард Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан хурлын бэлтгэл ажилд шаардагдах хөрөнгө оруулалт;
-“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цехийн барилга байгууламжид гэнэтийн аваар осол, гал гарч томоохон эрсдэл үүссэнтэй холбогдуулан гамшиг ослын хохирол, хор уршгийг бууруулах, өвлийн их ачаалалд дулаанжуулалтын тоноглолын бэлэн байдлыг хангах зайлшгүй шаардлагын хүрээнд гарах зардал болон дулааны станцууд, эрчим хүчний компаниудын найдвартай ажиллагааг хангах, эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийн хугацааг уртасгасантай холбоотой гарах зардал;
-Зуны үер ус, намрын тариалалт болон өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан урьдчилан тооцож төлөвлөн тусгах боломжгүй, цаг үеийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэх нөхцөл үүсэж болзошгүйг харгалзан үзэж Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг нэмэгдүүлснийг Сангийн сайд танилцуулгадаа онцлов.
Ийнхүү 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3 их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг 1 их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай болно гэж танилцуулгад дурдсан байлаа.
Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан.
Уг дүгнэлтэд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тус Байнгын хороонд хамаарах гурван төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөвт төвлөрүүлэх орлогыг нийт 2.9 тэрбум төгрөгөөр, зарлагыг 356.3 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар төлөвлөснийг дурдлаа.
Байнгын хороо энэхүү төслийг хэлэлцэн шийдвэрлэхдээ уул уурхайн салбарын орлого гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч тодорхой бус эрсдэлтэй байгаа учир уул уурхайн бус орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах, татварын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах, хураалт, үйлчилгээг сайжруулах, төрийн албан хаагчдын тоог чиг үүргийн давхардал, ажлын байрны ачаалалд бүрэн шинжилгээ хийлгүйгээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан бүх төсвийн ерөнхий захирагчдын орон тоог жигд есөн хувиар бууруулахаар тооцсон нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулж болзошгүй. Иймд төсвийн ерөнхий захирагчид өөрийн хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны болон бүтээмжийн үнэлгээг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг оновчтой хуваарилах зорилгоор харьяа байгууллагуудын орон тоонд зохицуулалт хийх боломж олгох асуудлыг судалж үзэхэд анхаарал хандуулахыг санал болгож буйг уг дүгнэлтэд дурдсан байв.
Түүнчлэн төсвийн тодотголын хамт Улсын Их Хуралд өргөн барьсан тогтоолын төсөлд “2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх” гэж заажээ. Энэ нь чиг үүргийн судалгааг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг нягтруулж орон тоогоо зорилтот түвшин хүртэл нэгэнт бууруулсан байгууллагад сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх нь тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэх эрсдэл байгааг анхаарч үзэх, төсвийн ерөнхий захирагчдын сул орон тооноос бусад цомхотголд орж буй албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмжийн зардал шаардагдахаар байгааг энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад гарц шийдлийг олоход анхаарал хандуулахыг санал болгож буйг дүгнэлтэд дурдсан байлаа.
Мөн дээрх саналуудаас гадна төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн тохиолдолд төрийн аудитын байгууллагаас аудитын үйл ажиллагааны үе шатны стандартын дагуу хянаж, дүгнэлт гаргахад цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байх тохиолдол байнга гарч байгааг анхааралдаа авч, дүгнэлт гарган Улсын Их Хуралд хүргүүлэх зохистой хугацааг Төсвийн тухай хуульд тусгаж өгөх шаардлагатай байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор онцолж байлаа.
Хуулийн төслийн танилцуулга, аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр Төрийн сангийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийсэн эсэхийг тодруулж, хариулт авсан. Мөн Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн бусад Байнгын хороод хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтүүдээ ирүүлснийг гишүүдэд тараасныг мэдэгдлээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг хийсэн. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 291 дүгээр захирамжаар хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахлан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, М.Бадамсүрэн, Р.Батболд, Ж.Батжаргал, П.Ганзориг, Б.Заяабал, Ц.Идэрбат, Ц.Мөнхбат, Б.Мөнхсоёл, Ч.Номин, Б.Түвшин, Б.Пунсалмаа, Д.Пүрэвдаваа, Р.Сэддорж, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулан ажилласныг дурдав.
Мөн ажлын хэсэг 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж Урсгал зардал, Хөрөнгө оруулалтын зардал болон Гадаад зээл, тусламж хариуцсан дэд ажлын хэсгүүдэд хуваагдан ажилласныг тодотгоод Ажлын хэсэг дэд ажлын хэсгүүдийнхээ санал, дүгнэлтийг хэлэлцэн 2025 оны 29, 06 дугаар сарын 30, 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд тус тус хуралдсан гэлээ.
Урсгал зардлын тухайд 2025 оны төсвийн жилд хэмнэж болох мөн зарим томилгоог хойшлуулахтай холбоотой зардлыг тодорхой хувиар бууруулах боломжтой байна гэж үзсэн бөгөөд урсгал зардлыг нийт 51,775.6 сая төгрөгөөр бууруулахаар тусгасан гэв.
Түүнчлэн 2025 оны тодотголын төслөөр төсөв нь буурсан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулахад шаардагдах зарим санхүүжилт болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, түүнчлэн Засгийн газраас хуулийн төслийг татаж авсантай холбоотойгоор зарим зардлыг доор дурдсан хэмжээгээр буюу нийт 20,775.6 сая төгрөгөөр нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ.
Харин хөрөнгийн зардлын тухайд 2025 оны тодотголын төслөөр төсөв нь буурсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээг нэвтрүүлэх үйл ажиллагааг тасалдалгүй явуулах, боловсролын байгууллагыг хүүхдэд ээлтэй, хөгжлийн бэрхшээл болон жендерийн ялгаварлалгүй орчин бий болгоход чиглүүлэх мөн дээр дурдсанчлан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулахад шаардагдах зарим санхүүжилтийг доор дурдсан хэмжээгээр буюу нийт 31,000.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн гэв.
Түүнчлэн ажлын хэсгээс гаргасан саналууд нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн нийт зарлага болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зарчимд нийцсэнийг онцолж байлаа.
Ингээд хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсэг, Байнгын хороод, Төсвийн байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураав.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.
Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Хууль тогтоомжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9-д зааснаар хууль санаачлагч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тусдаа үзэл баримтлалтайгаар өргөн мэдүүлэх ёстой. Гэвч 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2026, 2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 онд төсвийн хүрээний мэдэгдэл, 2027, 2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамтад нь өргөн мэдүүлсэн нь дээрх хуулийн заалтад нийцээгүй байна. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д зааснаар дунд хугацаанд төсвийн хүрээний мэдэгдэл, түүний нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш гурван сарын дотор тухайн жилийн төсвийн төсөл, тодотголын төслийг өргөн мэдүүлэхийг хориглосон байдаг. Иймээс 2026 оны төсвийн төслийг хуульд заасны дагуу 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор өргөн мэдүүлэх цаглаварт нийцүүлэн Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027, 2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авсныг онцлов.
Иймээс Монгол Улсын Их Хурлаас 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027, 2028 онд төсвийн төсөөллийн тухай хууль дахь эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн 2026, 2027 оны мэдэгдэл, төсөөллийн дагуу 2025, 2027 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдийг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэнийг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцолсон.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-д заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
Дараа нь Ажлын хэсгээс бэлтгэсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.