Цэс

Холбоо барих

ХЗБХ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.07.03) хуралдаан 09 цаг 48 минутад гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг өнөөдрийн хуралдааныг даргалсан юм. Эхлээд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноотой холбогдох зохицуулалтыг хасах, хүчингүй болгох зохицуулалт тусгасан 7 зүйл бүхий нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Л.Соронзонболд нар асуулт асууж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат нар ажлын хэсгээс хариулт өгсөн.


Автозамын нэгдүгээр эгнээд машинаа байрлуулах зэрэг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж буй үйлдлүүдэд торгууль бичихдээ сайн дурын ажилтнуудыг оролцуулах гэх зэргээр, мөн торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч энэ мэт үйлдлийг таслан зогсоох арга замын талаар Г.Уянгахишиг гишүүн тодруулсан. Олон нийтийн цагдаа болон иргэн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж буй үйлдлүүдийг илрүүлж мэдээлснээр торгууль оногдуулах зохицуулалт хэрэгжиж байгаа гэдгийг М.Үнэнбат дарга тайлбарлав. Цаашид мэдээлснийх нь дагуу баталгаажсан арга хэмжээтэй уялдуулан урамшууллын системийг иж бүрнээр шийдвэрл иргэдийн оролцоо нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж. “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх автоматжуулсан систем”-ээр 10 зөрчлийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтгы цахим гарын үсгээр баталгаажуулсан торгуулийн хуудсыг цахимаар хүргүүлэх зохицуулалтыг хуульчилна гэв. Одоогоор энэ арга хэмжээ туршилтын хэлбэрээр ажиллаж байгаа, 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс албан ёсоор ажиллаж, хүчин төгөлдөр хяналт тавьж эхлэнэ гэв. Үүгээр олон давтагддаг зөрчлүүдийг шийдвэрлэх боломжтой хэмээн тооцсон байна.


Хариуцлагын төрлийн хувьд эхний удаад торгууль оногдуулах, удаа дараа үйлдвэл жолоодох эрхийг хасах хүртэл хариуцлага тооцох асуудлыг хуульчлах саналаа холбогдох судалгаанд үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн гэлээ. Нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих эрх бүхий орон нутгийн иргэдийн төлбөртэй холбоотой зохицуулалт болон жолоочийн даатгалын хураамжийг нэмэгдүүлэх шаардлагын талаар Л.Соронзонболд гишүүн тодруулсан. Нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих эрх бүхий орон нутгийн иргэдийн төлбөрийг аймгуудаас авах зохицуулалт байгаа бөгөөд нийслэл 315 сая төгрөгийн авлагатай байгаа гэв. Үүнийг орон нутгийн төсвийн хуваарилалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой хэмээн М.Үнэнбат дарга хариулахдаа дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Иргэдийн картын мэдээллээр аль аймгийнх гэдгийг нь ялгах боломжтой байдаг байна.


Нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн нийтийн тээврийн зорчилттой холбоотой Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтийг үндэслэн өр,  авлагуудаа шийдэх зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад харьяалал харгалзахгүй ахмад настнууд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ зарчмаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуульд энэ удаагийн өөрчлөлтийг оруулснаар нийслэл болон 21 аймаг хооронд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхтэй холбоотой өр, авлага үүсэхгүй, харьяалал харгалзахгүй төлбөрийг нь тухайн аймаг, нийслэл нь хариуцаад явах боломжтой болох юм байна.

Хуулийн төслийн бусад 6 зүйлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм.

Жолоочийн даатгалын тухай хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй тухай хууль зөрчсөн зарим үйлдэлд ногдуулах шийтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх болон Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар уулзвар нэвтрэх журам зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалтуудыг тусгасан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх автоматжуулсан систем”-ийн талаарх тодорхойлолт, холбогдох зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх ажиллагааг автоматжуулсан системээр гүйцэтгэж болох зохицуулалтыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Мөн зөрчлийг цаг алдалгүй шалгаж шийдвэрлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг ажиллагаа шуурхай явагдах, хүний эрх хангагдах нөхцөлийг бүрдүүлэхээр тодорхой төрлийн зөрчлүүдийг дагнасан албанд харьяалан шалгахаар тус төсөлд тусгасан байна. Хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг холбогдох зохицуулалтын дагуу зүйл бүрээр хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Ийнхүү Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болов.


Дараа нь Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн Үндэсний Комиссын 2026 оны төсвийн төслийн талаарх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Байнгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр хойшлуулснаа өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүллээ. Улсын дээд шүүхийн 2026 оны төсвийн төслийн талаар Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр танилцуулга хийж, гишүүд холбогдуулан асуулт асууж хариулт авч дууссан юм. Иймд уг асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. Х.Баасанжаргал гишүүн 4-5 жилээр төлөвлөгдсөн шүүхийн сургалт, судалгааны зардлын асуудлыг хөндөж, мэдээллээ гишүүдэд дэлгэрэнгүй, цогцоор нь хүргүүлж байхыг хүсэв. Засгийн газраас цомхон, бүтээмжтэй төртэй байхын тулд төрийн албаны орон тоог 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийцүүлэн 9 хувиар бууруулах арга хэмжээнд шүүх эрх мэдлийн байгууллагыг яамтай дүйцүүлэх хамруулах нь оновчтой эсэх дээр байр сууриа илэрхийлсэн. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах агуулгаар асуудлыг харж, Улсын Их Хурал, тэр дундаа Хууль зүйн байнгын хороо анхаарч шийдвэрлэх шаардлагатай болохыг хэлж байв. Б.Энхбаяр гишүүн дээрх байр суурийг нь дэмжиж буйгаа илэрхийлэхийн хамт шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангах Үндсэн хуулийн заалтыг санууллаа. Өнгөрсөн хугацаанд энэ агуулгаар шүүхийн эдийн засгийн баталгааг хангах зорилгоор Улсын Их Хурал олон арга хэмжээ авч хэрэгжүүлснийг Б.Энхбаяр гишүүн тооцоод өнөөдөр Улсын Их Хурал огт дэмжихгүй байгаа мэтээр тайлбар мэдээлэл өгч, төсвөө өнгөрсөн оныхоос хоёр дахин ихээр төлөвлөөд хэлэлцүүлж буйг шүүмжилсэн юм. Ийнхүү гишүүд Улсын дээд шүүхийн 2026 оны төсвийн саналыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг тусган улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр хянасныг Улсын дээд шүүхийн төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхийг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь дэмжлээ.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны төсвийн төслийн талаар хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг танилцуулга хийв.

Нийт төсөв 2024 онд 171.1 тэрбум төгрөг байсан бол 2025 онд 329.7 тэрбум төгрөг, 2026 оны санал 579.2 тэрбум төгрөг байгаа гэв. Өмнөх онтой харьцуулахад 76 хувиар нэмэгдэх юм байна. Тодруулбал урсгал зардал 39 хувиар, хөрөнгө оруулалт 229 хувиар нэмэгдэхээр тусгасан гээд дэлгэрэнгүй танилцуулга хийсэн. Цалин хөлс, нэмэгдэл урамшууллын төсөв нэмэгдэхийн зэрэгцээ шүүхийн захиргааны албан хаагчийн орон тоог 437-гоор нэмэгдүүлэх шаардлагатай болжээ.  Монгол Улсын хэмжээнд 88 шүүх, 40 шүүхийн Тамгын газар 40 барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байгааг дурдаад байр ашиглалттай холбоотой тогтмол зардалыг 37 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Шүүгчийн нөмрөг нэг бүрийн үнэ 300 мянган төгрөг болж 60 хувиар өссөн тул холбогдох зардлыг 37 хувиар нэмж төсөвлөжээ. Ашиглах боломжгүй болсон тавилга, эд хогшлийг үе шаттайгаар шинэчлэх ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байгаа учраас 6.1 тэрбум төгрөгийг тусгасан байна. Мөн урсгал засварын зардал 6.6 тэрбум төгрөг, албан томилолтын зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ төлбөр хураамжийн талаар танилцуулсан. Бараа үйлчилгээний бусад зардал дээр 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Гэр бүл, хүүхдийн хэрэг маргааныг шийдвэрлэх анхан болон давж заалдах шатын шүүх байгуулагдах зардлыг төсөвлөсөн байна. Түүнчлэн шүүгчийн чуулган зохион байгуулахтай холбоотойгоор 2025 онд 9.6 тэрбум төгрөгийг 3.1 тэрбум төгрөг болгон бууруулсныг онцлов. Тэтгэмжийн зардлыг төлөвлөхийн хамтаар “Ахмадын сан” байгуулахаар 1 тэрбум төгрөгийг тусгажээ. Хөрөнгө оруулалтаар хэрэгжих барилга байгууламжийн тухайд дэлгэрэнгүй танилцууллаа.



Дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Л.Соронзонболд, П.Сайнзориг, Д.Ганбат нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны төсвийн төсөлтэй холбогдуулан Х.Баасанжаргал, Х.Тэмүүжин нарын гишүүд үг хэлсэн. Хуулиар Гэр, бүл хүүхдийн шүүх байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд өргөн хүрээтэй, хүний ахуй амьдрал, ялангуяа хүүхдүүдийн амьдралын чанарт нөлөөлөх чухал механизмыг бүрдүүлэх гэж буйг онцгойлон анхаарч хүний нөөцийн маш том дэд бүтэц бүхий цогц үйл ажиллагааны бэлтгэл хангах ёстой учраас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам зэрэг холбогдох бүх тал анхаарч, тал бүрдээ манлайлал үзүүлж ажиллахыг хүссэн юм. Шүүх эрх мэдлийг дэмжиж буй нөхцөлд өөрсдийнх нь зүгээр гаргаж буй  явцуу ашиг сонирхол, хандлагыг мөн шүүмжилж байв.


Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 66.7 хувь нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг тусгасан хувилбарыг улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр хянасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхийг дэмжлээ. Хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж, Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Ариунтуяа танилцуулга хийж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл