Цэс

Холбоо барих

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжиж, бие даасан хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгууллаа


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.07.03) хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Мөн Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцсэн.


Үргэлжлүүлэн Шүүхийн сахилгын хороо 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж, тус хорооны дарга Д.Ариунтуяа танилцуулга хийлээ. 2026 оны төсвийн төслийн саналд нийт зарлага 6.8 тэрбум төгрөгөөр тооцож тусгаад буй нь 2025 оны батлагдсан төсөвтэй харьцуулахад 11 хувиар нэмэгдэж байгаа гэлээ. Үүний 5.4 тэрбум төгрөг нь цалин хөлс, нийгмийн даатгалын зардал бол бараа, ажил үйлчилгээний зардлыг 1 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна. Ирэх оны төсөвт Шүүхийн сахилгын хороо хөрөнгө оруулалтын төсөв тусгаагүй гэдгийг тодотгов. Байр ашиглалттай холбоотой зардал, хангамж, бараа материалын зардал 319 сая төгрөг, норматив зардал 20 орчим сая төгрөг, тохижилт, урсгал засварын зардалд 250 орчим сая төгрөг, томилолтын зардалд 120 сая төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамж хураамжид 248.6 сая төгрөг, бараа, үйлчилгээний бусад зардалд 125 сая төгрөг, бусад урсгал шилжүүлэгт 258.9 сая төгрөг гээд нийтдээ төсвийн төслөө 6 тэрбум 848 сая төгрөгөөр төлөвлөжээ. Танилцуулгатай холбогдуулан Х.Баасанжаргал, Д.Ганбат нарын гишүүд асуулт асууж, тодруулсан бол үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзлээ. Иймд санал хураалт явуулахад гишүүдийн 66.7 хувь нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг тусгасан хувилбарыг улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр хянасныг Шүүхийн сахилгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхийг дэмжлээ.


Хүний эрхийн Үндэсний Комиссын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж, тус Комиссын дарга Д.Сүнжид танилцуулга хийлээ. Ирэх оны хөрөнгийн зардлын төсөвт хөрөнгийн зардал болох 25.1 тэрбум төгрөг, урсгал зардал 13.4 тэрбум төгрөг, нийтдээ 38.5 тэрбум төгрөг байхаар тооцож төсвийн төслийн саналыг боловсруулжээ.  Ирэх оны төсвийн төсөл нь батлагдсан энэ оны төсвөөс хөрөнгийн зардал 22.4 тэрбум төгрөгөөр, урсгал зардал 1.4 тэрбум тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Урсгал зардлын нэмэгдлийн 76.8 хувь нь цалингийн сангийн нэмэгдэл, харин орон тоог өмнөхөөс нэмэгдүүлээгүй хэмээлээ.

Танилцуулгатай холбогдуулан П.Сайнзориг, С.Одонтуяа нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа Б.Энхбая гишүүн үг хэллээ. Дараа нь санал хураалт явуулахад гишүүдийн 73.3 хувь нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг тусгасан хувилбарыг улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр хянасныг Хүний эрхийн Үндэсний Комиссын төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхийг дэмжсэн.


Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал бол Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлт байв. Үндсэн хуулийн цэц 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа иргэдээс гаргасан мэдээллийн дагуу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал оролцжээ.

Цэц мэдээллийг хянан хэлэлцээд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.", Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад "... үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, ... өмчлөх ... эрхтэй. ..." гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн шийдвэрлэсэн байна.


Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг тус тус зөрчөөгүй байна хэмээн шийдвэрлэсэн.


Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Г.Уянгахишиг, Д.Ганбат нар асуулт асууж, тус маргаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалаас тодруулга авав. Мөн тус дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсан хуралдаанд танилцуулахаар боллоо.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн дөрөв дэх асуудал нь хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт нь өөр хоорондоо, эсхүл бусад хуультай зөрчилдсөн талаарх хууль зүйн дүгнэлт байв. Эл хууль зүйн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн зүйл, хэсэг, заалт нь өөр хоорондоо болон бусад хуультай зөрчилдсөн эсэх талаар хууль зүйн дүгнэлт гаргуулахаар Ажлын хэсгээс ирүүлсэн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.2 дахь заалтыг үндэслэн энэхүү дүгнэлтийг гаргажээ.

Төслийн 3 дугаар зүйлийн 3-т Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 69.1 дэх хэсгийг өөрчлөн найруулж, төсвийн төслийг хэлэлцэн батлах үе шат “дөрөв” байсныг “тав” болгож нэмэгдүүлэхээр тусгасан боловч мөн зүйлийн 69.2-т төсвийн төслийн талаар хяналтын сонсгол явуулах хугацааны талаарх зохицуулалтад өөрчлөлт оруулалгуй орхигдуулсан байгаа юм байна.


Төслийн 3 дугаар зүйлийн 2-т Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64.1 дэх хэсгийг өөрчлөн найруулж, төсвийн хүрээний мэдэгдлийг дөрвөн үе шаттай хэлэлцэн батлахаар тусгасан боловч уг өөрчлөлттэй шууд холбоотой 64.2 дахь хэсэгт өөрчлөлт оруулаагүй аж.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 21, 23, 24 дүгээр зүйлд төсвийн төслийн хэлэлцүүлгийн үе шатны талаар заасан бөгөөд төсөлд эдгээр зүйлд оруулах өөрчлөлтийг тусгаагүй байгааг дүгнэлтэд дурджээ.

Төслийн 5 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71.13 дахь хэсгийг бүхэлд нь хүчингүй болгохоор тусгасантай холбоотойгоор мөн хуулийн 71.9 дэх хэсгийн эшлэлийг засах шаардлагатай гэжээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх хууль зүйн дүгнэлтийг танилцууллаа.

Төслийн 2 дугаар зүйлд төсвийн төслийн боловсруулалтын, хэлэлцүүлгийн явцад болон төсвийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, санал, дүгнэлт гаргах чиг үүргийг Төсвийн тогтвортой байдлын Зөвлөл гүйцэтгэхээр тусгасантай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22.2, 25.3-т холбогдох өөрчлөлтийг оруулаагүй байгааг тэмдэглэсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалтад Ерөнхий сайдын мэдээллийг Улсын Их Хурлын асуулгын цаг болгон өөрчлөхөөр тусгасантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг түүнд нийцүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалтын “Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороог байгуулах, мөн зүйлийн 7 дахь заалтын тус дэд хорооны эрхлэх асуудлын талаарх заалтын хэрэгжих хугацааг өөрчлөх тохиолдолд Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх хугацааг мөн уялдуулан өөрчлөх шаардлагатайг мөн дүгнэлтэд дурджээ.

Хууль хоорондын нийцэл болон хууль зүйн техникийн шаардлагыг хангах үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаагүй орхигдуулсан зарим заалтыг, түүнчлэн хууль хоорондын уялдааг хангах үүднээс Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх хугацааг өөрчлөх томьёоллыг холбогдох төслүүдэд нэмж тусгах нь зүйтэй хэмээсэн байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн зүйл, хэсэг, заалт нь өөр хоорондоо болон бусад хуультай зөрчилдсөн эсэх талаар дээрх хууль зүйн дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд хууль зүйн дүгнэлтийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 62.5 хувь нь дэмжсэн.


Хуралдааны төгсгөлд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Гүйцэтгэх ажилд тавих Монгол Улсын Их Хурлын хяналтын тухай бие даасан хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг нар ажиллана. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл