Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Банкны тухай, Автотээврийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.07.03) хуралдаан 12 цаг 32 минутад гишүүдийн 68 хувийн ирцтэйгээр эхэлж, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэв.


Банкны хөрөнгө оруулалтын талаарх эрх зүйн зохицуулалтад нийслэлийн үнэт цаасыг тусган, банкны өөрийн хөрөнгийн 20 хувийн хязгаарлалтад үл хамаарах үнэт цаасны ангилалд оруулснаар дотоодын арилжааны банкууд нийслэлийн үнэт цаасанд илүү өргөн хүрээтэй хөрөнгө оруулалт хийх боломж бий болох юм. Ингэснээр нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний томоохон төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэх юм. Энэхүү эрх зүйн орчныг бүрдүүлсэн хоёр зүйл бүхий Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Л.Соронзонболд нар төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан юм. 

Үргэлжлүүлэн хуралдаанаар нийслэлийн Засаг даргад нийслэлийн нутаг дэвсгэрт автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажлыг зохион байгуулах, автотээврийн хэрэгслийн улсын бүртгэл хөтлөх чиг үүргийг хариуцуулах, уг чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллага түүний эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахаар боловсруулсан Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны хэлэлцсэн. Байнгын хорооны дарга Р.Сэддорж нийслэлийн нийтийн тээвэр дэх такси үйлчилгээний талаар тодруулж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатараас хариулт авав. 


Нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулаад, ойролцоогоор 40 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлээд байгаа аж. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод худалдан авсан бүх автобуснаас эргэн төлөлт, тодорхой хүүгийн хамт эргэн төвлөрүүлж байгаа аж. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг ийм хэлбэрээр шийдсэн тул Улаанбаатар хотод дутагдаад байгаа нийтийн тээврийн төрөл үйлчилгээ бол стандартын таксины үйлчилгээ хэмээгээд Х.Нямбаатар дарга “Албан ёсны такси үйлчилгээ шаардлагатай байгаа учраас тусгай зөвшөөрөлтэй, байгаль орчинд ээлтэй, 100 хувь цахилгаан таксигаар үйлчилгээ үзүүлэх сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд нээлттэй тендер зарлана. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас таксины үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудад хөнгөлөлттэй зээл олгож, энэ төрлийн нийтийн тээврийн жишиг үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөөд байна. Мөн томоохон зочид буудлууд орчимд таксины зарим төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх төлөвлөгөө гаргасан. Эдгээр бодлогыг хэрэгжүүлэхээр нээлттэй сонгон шалгаруулаад, Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох хэлбэрээр албан ёсны такси үйлчилгээг нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм” хэмээлээ. Одоо хууль дээр Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг зөвхөн автобусанд зориулахаар заасан ч энэ төрлийн хэрэгцээ хангагдсан учраас “такси” гэж нэмэхээр төсөлд тусгажээ. Такси баазын зохион байгуулалттай, хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангасан стандарт үйлчилгээг нэвтрүүлэх юм байна.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг мөн хуралдаанаар хийсэн. Зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлын талаар жолооч нар өөр хоорондоо маргаангүй тохиолдолд мэдээлэл, баримтыг цахимаар хүлээн авч, нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэх, энэ тохиолдолд даатгуулагч ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөх зохицуулалтыг тусгасан гурван зүйл бүхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зүйл бүрээр нь хэлэлцэн явуулсан. Г.Лувсанжамц гишүүн төсөл дэх өөрчлөлтийн үр дүнд түгжрэл хэрхэн буурах боломжтой хэмээн тооцсон талаар асуулаа. Зам тээврийн нэг ослын улмаас ойролцоогоор 40 минут зогсдог, энэ хэрээрээ түгжрэл үүсгэдэг учраас үүний шийдвэрлэхээр төслөөр зарим зохицуулалтыг тусгасан хэмээн Х.Нямбаатар дарга хариуллаа. Машин хоорондоо шүргэлцсэн тохиолдолд хоорондоо тохиролцон хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Дараа нь тохиролцсоны дагуу талууд замын камерын нэгдсэн хяналтын системээс нотлох баримтаа цуглуулаад, даатгалын компани руу ханддаг байхаар зохицуулах нь оновчтой гэж үзсэн байна. "Харин хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой ослын үед заавал цагдаагийн бүрэлдэхүүн дуудах үүрэгтэй. Бусад тохиолдолд шууд хөдлөөд явахаар, тээврийн хэрэгсэл хоорондын ослыг хяналтын камераар тодорхойлж, нотлох баримт болгодог систем рүү бүрэн шилжиж байгаа" хэмээн ажлын хэсгээс хариулт өгсөн. 



Ийнхүү Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл