Цэс

Холбоо барих

БОХХААБХ:Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

 

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.07.03/  хуралдаан 11 цаг 24 минутад гишүүдийн 54.2 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Хуралдаан Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ.


Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, М.Ганхүлэг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Уянга,  Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар, Ц.Идэрбат нар  асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийн 3 дугаар зүйлтэй холбогдуулан тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд урамшууллын асуудал хөндөгдөхөөр тусгасныг тодруулахын зэрэгцээ энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж буй талаар лавлав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалтын “амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой” гэдгийг хасахаар  хуулийн төсөлд тусгасан. Учир нь агаарын бүсчлэл тогтоогоод үүндээ улмаар хийн түлш, цахилгаан зуух нэвтрүүлэх гэхээр иргэд амьжиргааны түвшнээс дээгүүр орлоготой тул хуулийн  шаардлагыг хангаагүй байна гээд өнөөх цахилгаан зуух, хийн түлшрүү шилжиж буй өрхүүдэд хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх асуудал хуулиар хязгаарлагдаад байна. Тухайлбал, агаарын бүсчлэлийн хүрээнд Гандантэгчэнлин хийд, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв орчимд хатуу түлш хэрэглүүлэхгүй байх шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд тухайн хэсгийнхэнд тодорхой урамшуулал өгөх шаардлага үүснэ хэмээн хариулав. Мөн тэрбээр, бид есдүгээр сарын 15-наас эхлэн  нүүрс болон өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг хийж эхэлнэ гэсэн тайлбарыг өгсөн.


Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг,  Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд “нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих инженерийн дэд бүтэц, барилга байгууламжаас бусад” гэж нэмэх гэдэгт хувийн хэвшлийн бүтээн байгуулалт орох эсэхийг тодруулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, усны онцгой хамгаалалтын бүсэд төр нь ч, хувийн хэвшил нь ч хууль зөрчөөд бүтээн байгуулалт хийж байгаа. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А230/127 дугаар хамтарсан тушаалаар усны онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих зөвшөөрлийг олгож байгаа. Харин Усны тухай хуульд усны онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барихыг хориглосон зохицуулалттай. Гэтэл нийслэлээс “Туулын хурдны авто зам”-ыг усны хамгаалалтын бүсэд буюу Туул  голын хойд эргээр нэг талдаа 33км, хоёр талдаа дэлгэмэл уртаараа 66км-ын бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. Иймд бид энэхүү бүтээн байгуулалтын ажлаа Усны тухай хуультай нийцүүлж усны онцгой хамгаалалтын бүсэд нийтийн зориулалттай инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламж барихыг зөвшөөрнө гэсэн агуулгатай өөрчлөлтийг төсөлд тусгасан. Харин хувийн хэвшлийн бүтээн байгуулалт, барилга байгууламжтай холбоотой зүйлийг үүнд хамааруулж ойлгохгүй хэмээн тайлбарлалаа.   


Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Ж.Батжаргал, М.Ганхүлэг нараас Усны тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “бүсэд” гэсний дараа “инженерийн дэд бүтэц, нийтийн зориулалттай барилга байгууламжаас бусад” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.

Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон.

Дараа нь “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Ганхүлэг танилцуулав.


Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны шийдвэрийн дагуу таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Малын генетик нөөцийн тухай хуулийн биелэлтийг хангуулах, монгол малын генетик нөөцийг хамгаалах, ашиглалтын тогтвортой байдлыг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай”  таван санал бүхий Улсын Их Хурлын  тогтоолын төслийг  боловсруулж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 гаруй хувийн саналаар баталсан. Гэхдээ ажлын хэсгийн гишүүд зөвлөлдөөд уг асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө төслийн 4 дэх заалт буюу үржлийн мал үржүүлгийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, ашиглах үйл ажиллагааны бүртгэл хяналтыг сайжруулах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх гэсэн хяналт шалгалттай холбоотой заалтыг хасах саналыг оруулж байгааг дурдлаа.  


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, У.Отгонбаяр, Ц.Идэрбат, М.Бадамсүрэн нар үг хэлсний дараа  ажлын хэсгээс гаргасан саналын дагуу 4 дэх заалтыг хасаад “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын  тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.



Уг тогтоолын төсөлд малын генетик нөөцийн төлөв байдлыг үндэсний хэмжээнд шинэчлэн тодорхойлох ажлыг зохион байгуулж, уг арга хэмжээний хэрэгжилтийн үр дүнг 2026 оны 4 дүгээр улиралд багтаан танилцуулах, цаашид хуульд заасан хугацаанд хэрэгжилтийг зохион байгуулах, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д заасны дагуу бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, дэмжин хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулалтын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх; үржлийн адуу, түүний үр, хөврөлийг импортлох тоо хэмжээг 2026-2036 он хүртэлх хугацаанд тэг /“0”/ хувьтай тэнцүү байхаар тогтоох; адуун сүргийн тархац, үүлдэрлэг байдлыг бүс нутгаар гаргах, үржпийн адуунд удам зүйн үнэлгээ хийх, бүртгэлжүүлэх, үндэсний хэмжээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, адуу судлал, төрөлжилт, ашиглалтыг нэгдсэн бодлогоор хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл