Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.07.04/ хуралдаан Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Хууль тогтоолын төслүүдийн эцсийн хувилбарын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Х.Ганхуяг, Б.Мөнхсоёл, Б.Уянга, О.Номинчимэг нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Алт-3 аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тотоолын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал олонхын дэмжлэг авсан тул зарчмын зөрүүтэй санал дахин гаргах шаардлагатай байна. Учир нь уг дэмжигдсэн санал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.2-т заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх суурь зарчимтай нийцэхгүй байна гэв. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орд байрлаж буй аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт хуваарилахаар, Төсвийн тухай хуульд заасан тухайн орон нутагт олборлож борлуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хүртлэх хувийг орон нутгийн төсөвт хуваарилахаар заасныг дурдаад тогтоолын төсөлд туссан дэд заалтыг хуульд нийцүүлэх үүднээс зарчмын зөрүүтэй санал гаргаж, шийдвэрлэх нь зүйтэй гэлээ.
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т “Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн”-ий дагуу Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Х.Ганхуяг, Б.Мөнхсоёл нараас хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй хоёр санал гаргалаа. Харин хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дахин санал хураахыг дэмжсэнгүй. Иймд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг энэ хуульд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх журмын дагуу хэлэлцэн баталж болно” гэснийг Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн тодотгоод УИХ-ын даргын 291 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсныг дурдав.
Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, 2025 оны төсвийн жилд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төрийн үйл ажиллагаа, үйлчилгээний тасралтгүй хэвийн үргэлжлэх зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хөрөнгийн зардлыг шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх дээрх төсөл, арга хэмжээнүүдийн төрийн худалдан авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, ажиллах шаардлагатай байна гэлээ.
Түүнчлэн хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх ёстой гэж үзэн төрийн албан хаагчийн цалин хөлс, тусламж, тэтгэмжийг бүх салбарт шударгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгах нь зүйтэй. Тогтоолын төслийн нэг дэх заалтад Засгийн газарт үүрэг болгосон зохицуулалтыг, хоёр дахь заалтад тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах асуудал тусгасныг Х.Ганхуяг гишүүн танилцуулгадаа онцолсон.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.9 хувь нь дэмжлээ.
Хуралдааны төгсгөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал танилцуулсан. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг 2025 оны 4 дүгээр сард боловсруулах үед Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 12 тоот албан бичгээр ирүүлсэн Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд нэг тонн нүүрсний экспортын үнийг 2025 онд 85 ам.доллар, 2026 онд 88 ам.доллар, 2027 онд 92 ам.доллар, 2028 онд 96 ам.доллар байх таамаглал ирүүлсэн. Тухайн үеийн олон улсын зах зээлийн нөхцөл байдал, мэргэжлийн шинжээчдийн боловсруулан зарласан төсөөлөл зэргийг харгалзан нүүрсний үнийн төсөөллийг тус зөвлөлөөс ирүүлсэн төсөөллөөс бууруулж, 2025 болон 2026 онд 80 ам.доллар, 2027 болон 2028 онд 77 ам.доллар байхаар тус тус тооцсон гэдгийг Тэргүүн Шадар сайд танилцуулгадаа дурдсан.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш зарлагдсан статистик мэдээллээр манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын үнэ 2025 оны эхний 5 сард дунджаар 72 ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 39 хувиар буурахын зэрэгцээ эдийн засгийн өсөлт 2025 оны эхний улиралд 2.4 хувь болж саараад байна. Цаашид төсвийн орлого, дунд хугацаанд бидний төсөөлснөөс бага байх эрсдэл өндөр байна гэлээ.
2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгааг Н.Учрал сайд танилцуулгадаа тодотгоод тус хуульд 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өөрчлөлт оруулсан тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газар жилийн төсвийн төслийг 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх боломжгүй болох нөхцөл үүсэхээр байгааг онцлов.
Хуулийн төсөл батлагдсанаар макро эдийн засгийн болон төсвийн төлөв байдалтай уялдуулан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ болон нийт зарлагын дээд хэмжээг бууруулах өөрчлөлт орсонтой холбоотойгоор жилийн төсөв болон төсвийн тодотголын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Г.Тэмүүлэн, Б.Мөнхсоёл, Ж.Баясгалан, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль нь төсвийг дунд хугацаанд зөв төлөвлөх, төсвийн сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлэх, эдийн засагт онцгой чухал гэдгийг тодотгохын зэрэгцээ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэв. Гэхдээ дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлагын дээд хэмжээнд бууралт үүссэн бол өөрчлөлт оруулахаар тусгасан уг заалтыг хэлэлцүүлгийн шатанд тодорхой, давтагдашгүй эсхүл урьдчилан таамаглах боломжгүй нөхцөлд гэх зэргээр хэмжээстэй болгож, нарийвчлан тусгах шаардлагатай гэж байлаа. Мөн цаашид төсвийн төслийг хэт өөдрөгөөр төсөөлж оруулж ирэхгүй байхад Засгийн газар анхаарах шаардлагатай гэсэн санал хэлж байв.
Ингээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.