Цэс

Холбоо барих

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.07.04) нэгдсэн хуралдаанаар 16 асуудал хэлэлцэхээр товлосон бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлт, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, 4 улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцсэний дараа долоо дахь асуудал буюу Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.


Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Байнгын хороо 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцсэн байна. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг үндэслэн Төсвийн байнгын хорооноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Өвгөнхүүгийн Гэрэлт-Одыг Улсын Их Хуралд санал болгожээ. Төсвийн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулахтай холбогдуулан дараах ажиллагааг зохион байгуулжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 130 дугаар зүйл, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2 дахь хэсэгт заасны дагуу Төсвийн байнгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулахаар товлож, 14 хоногийн хугацаанд сонсголд оролцогчдыг бүртгэх болон нэр дэвшигчээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг хүлээн авахаар сонсголын зарыг олон нийтэд хүргэсэн байна.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал даргалж, сонсголд Төсвийн байнгын хорооны гишүүд, нэр дэвшигч Ө.Гэрэлт-Од болон зарын дагуу бүртгүүлсэн 1 оролцогч, 4 ажиглагч иргэн оролцжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийн сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшигч Ө.Гэрэлт-Одыг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн дэмжсэн болохыг Б.Заяабал гишүүн танилцуулав.


Нэр дэвшигчийн сонсголын тайланг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулан, Улсын Их Хурлын нийт гишүүд, нэр дэвшигчид хүргүүлсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй хэмээн дурдаад Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Өвгөнхүүгийн Гэрэлт-Одыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн хэмээн санал, дүгнэлтэд дурдав.



Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, А.Ариунзаяа, Б.Уянга нар асуулт асууж, Б.Заяабал гишүүн болон нэр дэвшигчээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний чиг үүргийн талаар болон уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдаалах үйл ажиллагаанп Санхүүгийн зохицуулах хороо оролцогчийн хувиарх байр суурийн талаар нэр дэвшигч Ө.Гэрэлт-Од хариулт өгөв. Уг асуудлаарх нууц санал хураалтыг хойшлуулсан. Иймд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг танилцууллаа.


Байнгын хорооны 2025 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан ”Малын генетик  нөөцийн тухай хуулийн биелэлтэд хяналт, шалгалт хийх, монгол үүлдэр, омгийн адууны удмын санг хамгаалах асуудлыг судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсэг санал, дүгнэлтээ тус Байнгын хороонд танилцуулж, Засгийн газарт тодорхой асуудлаар чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэнийг Байнгын хороо хүлээн авч төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд малын генетик нөөцийн төлөв байдлыг үндэсний хэмжээнд шинэчлэн тодорхойлох, бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, үржлийн адуу, түүний үр хөврөлийг импортлох тоо хэмжээг 10 жилийн хугацаанд тэг хувьтай байхаар тогтоох зэрэг асуудлыг тусгасан байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасныг болон ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2025 оны 06 дугаар сарын 24, 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа тус тус хэлэлцсэн байна.


Тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, П.Мөнхтулга, Х.Баасанжаргал, О.Саранчулуун М.Бадамсүрэн, Б.Бейсен нар асуулт асууж, үг хэллээ. Махны экспортод адууны махны эзлэх хувь хэмжээ, түүнийг нэмэгдүүлэх талаарх бодлогын арга хэмжээний үр дүнгийн талаарх асуултад М.Ганхүлэг гишүүн хариулахдаа “2024 онд экспортолсон нийт махны 23.8 хувь нь адууны түүхий мах байсан” хэмээгээд малын эрүүл мэндийн асуудлаарх хорио цээрийн хязгаарлалтад адууны махтай холбоотой эрсдэл бага байдгийг тодотгож байлаа. Төсөлд адууны өвчлөлөөс хамгаалах зорилгоор амьд адуу импортлохыг хориглохоор тусгаснаа мөн тайлбарласан юм. Наадамд импортын адуу уралдуулж байгаа нь малчид, уяачдад амаргүй нөхцөл үүсгэж байгаа учраас өв соёл, монгол адууны удмын санг хамгаалах шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Энэ өв соёлыг хамгаалах, биологийн төрөл зүйлийн удмын санг хамгаалах, валютын гадагшлах урсгалыг 100 орчим тэрбум төгрөгөөр сааруулах зэрэг эерэг үр дагавар олон байгааг тайлбарлаж байсан. Үүний зэрэгцээ батлагдсан тохиолдолд хэрэгжих хугацааны талаар тодорхой мэдээллийг лавлав. Энэ квотыг оны өмнө баталдаг бөгөөд 600-г импортлохоор зөвшөөрөл олгосон учраас ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс импортыг хориглохоор тусгасан гэлээ. Морь нь монголчуудын өв соёл, ахуй амьдралд томоохон орон зай эзэлдэг гэдгийг гишүүд тодотгоод унаж эдлэх, уралдуулах, арилжаалахаас гадна эмчилгээнд ашиглах зэрэг олон төрлийн хэрэглээ бусад улс оронд байдгийг хэлж байв. Тухайлбал, хэмнэлтэй алхаа нь хөдөлгөөний мэдрэхүйг сайжруулах, тэнцвэр, хүч чадал, биеийн уян хатан байдлыг нэмэгдүүлэхэд үр дүнтэй гэж “hippotherapy” буюу морин эмчилгээ зэргийг судалж, нэвтрүүлэх, хөгжүүлэх санаачилга гаргахыг уриалж байв. Ийнхүү “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, холбогдох санал хураалтыг түр хойшлуулан дараагийн асуудлаа хэлэлцсэн. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.



Байнгын хороо 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалтыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Хөдөлмөр Нийгмийн Харилцааны дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, зөвлөх багш Горчинсүрэнгийн Адъяаг Улсын Их Хуралд санал болгожээ.


Байнгын хороо Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129,130,131 дүгээр зүйлийг баримтлан Нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.8 дахь хэсэгт заасны дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшсэн гишүүний мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Д.Далхжавыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар томилсон. Хараат бус шинжээч нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг, ганцаарчилсан ярилцлага хийсний үр дүнд нэр дэвшигч Г.Адъяаг мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын хувьд тавигдах шалгуурыг бүрэн хангасан талаарх дүгнэлтээ сонсголд танилцуулсан байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын хоёр өдрийн дотор хуралдаанд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 84 хувийн саналаар нэр дэвшигч Г.Адъяаг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзжээ.


Нэр дэвшигчийн сонсголын тайланг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулан, Улсын Их Хурлын нийт гишүүд болон нэр дэвшигч, түүнийг санал болгосон этгээдэд хүргүүлсэн хэмээн санал, дүгнэлтэд дурджээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн Г.Адъяаг томилох, Үндэсний зөвлөлийн гишүүнээс Ц.Сүхбаатарыг чөлөөлөх саналыг Байнгын хорооны тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлт, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Ж.Батсуурь, С.Эрдэнэбат, Х.Булгантуяа нар нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэллээ. Нэр дэвшигчийн туршлагыг тодотгон, дэмжиж буйгаа гишүүд илэрхийлээд, томилогдсон тохиолдолд бодлогын шинэчлэл эхлүүлэх шаардлагатай байгааг сануулж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь нийгмийн даатгалын бодлогын түвшинд мэргэжлийн оролцоотой байж, сангийн менежментийг сайжруулахыг захиж байсан. Түүнчлэн даатгуулагчийг төлөөлсөн гишүүн гэдгээ санаж, бодлого, эрх зүйн орчны өөрчлөлт дээр тухай бүр нухацтай ажиллаж, идэвх зүтгэлтэй, хараат бусаар ажиллахыг хүсэв.


Байнгын хорооны саналаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн Г.Адъяаг томилох, Үндэсний зөвлөлийн гишүүнээс Ц.Сүхбаатарыг чөлөөлөх талаарх санал хураалтыг хойшлуулаад Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулжээ. Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед дэмжигдсэн зарчмын саналуудыг төсөлд тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.


Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026- 2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг 2025 онд 5.5 хувь, 2026 онд онд 6.0 хувь, 2027 онд 6.5 хувь байх, хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг 2025 онд 9.5 хувь, 2026 онд 7.0 хувь, 2027 онд 6.4 хувь байхаар тооцжээ. Мөн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээг 2025 онд 30,209.9 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.6 хувь, нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээг 31,575.1 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бутээгдэхүүний 35.1 хувь, нэгдсэн төсвийн тэнцэржүүлсэн тэнцлийн алдагдал -1,365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -1.5 хувьтай тэнцэхээр байгааг Х.Ганхуяг гишүүн танилцуулав.


Төсвийн байнгын хорооны дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар, Л.Мөнхбаясгалан, Б.Заяабал, С.Эрдэнэбат, Б.Түвшин нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авсан юм. Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлэв. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 16 асуудал хэлэлцэхээр товлосон бөгөөд 11 дэх асуудал болгон Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухайҮндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухайНийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгээр үргэлжиллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл