Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 27 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хууль болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын (Эрчим хүч-3 төсөл буюу Тогтвортой эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх хөтөлбөр)-ийн Зээлийн хэлэлцээрийг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хуулиар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан бөгөөд төслийн зорилт нь төсөл хэрэгжүүлэх тухайн газарт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй холбох цахилгаан дамжуулах шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх, түүний найдвартай байдлыг сайжруулахад оршино.

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай, Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэлсэн. Тухайлбал, Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай  Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Сандаг-Очирыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгож, Монгол Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ. Мөн Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжиж үнийг зохистой түвшинд тогтворжуулах зорилгоор импортоор оруулах мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонтой холбоотойгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна. Үүнд: “1/Өрсөлдөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Худалдааны тухай болон Демпингийн эсрэг хуулийн төслийг тус тус боловсруулж, 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 2/улсын стратегийн нөөцөд шаардлагатай 100.000 тонн улаанбуудайн нөөцийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэх; 3/гурил үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний улаанбуудайн чанарыг итгэмжлэгдсэн, лавлагаа лабораторийн сорилтын үр дүнд үндэслэн баталгаажуулах; 4/гурилын үйлдвэрийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлж, улаанбуудайн гурил, үр тариаг татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох боломжийг бүрдүүлэн ажиллах; 5/баруун бүс нутгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх, гурил, тэжээлийн үйлдвэрлэл, хангамжийн тогтвортой байдлыг бий болгох, төлөвлөгөө гаргаж, “Атрын 4 дүгээр аян”-ы хүрээнд хэрэгжүүлэх; 6/алслагдсан бүс нутгийн гурил, тэжээлийн үйлдвэрлэл, хангалтыг хэвийн түвшинд хүртэлх хугацаанд үнийн өсөлтөд голлон нөлөөлж буй тээврийн зардлыг бууруулах, шаардлагатай гурил, малын тэжээлийг тухайн бүс нутгийн хилийн боомтоор оруулж үнийн болон хангалтын тогтвортой байдлыг бий болгох; 7/мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилын хангамж, нийлүүлэлт хомсдох, үндэслэлгүйгээр үнэ өссөнийг эрх бүхий байгууллагаас тогтоосныг үйлдвэрлэгчдэд мэдэгдэх, үйлдвэрлэгчдийн зүгээс холбогдох арга хэмжээ аваагүй тохиолдолд гурил, тэжээлийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд яаралтай горимоор өргөн мэдүүлэх.” ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл