Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.07.04/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ талаарх Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан.
Байнгын хороо 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсныг дурдаад бусад Байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлтийг нэг бүрчлэн танилцуулав. Мөн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Байнгын хороодоос ирүүлсэн 3, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Д.Батбаяр нарын гаргасан 4, нийт зарчмын зөрүүтэй 7 саналын томьёоллоор санал хураалт явуулсныг Ц.Сандаг-Очир гишүүн онцолж байлаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Г.Лувсанжамц, А.Ариунзаяа, Г.Хосбаяр, Р.Батболд нар асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “71 дүгээр зүйлийн 71.2.1 дэх заалтыг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн агуулгатай 3 дугаар зүйл нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 16.7 дахь хэсгийг "Энэ хуулийн 16.6-д заасан тохиолдолд даатгагч энэ хуулийн 15.2-т заасан үүргээс чөлөөлөгдөх ба хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулахдаа үнэлгээний тайлан шаардахгүйгээр эд хөрөнгийг засуулахаар тохиролцож болно” гэж өөрчлөн найруулах Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишигийн санал болон төслийн 2 дугаар зүйлийн 2 дахь заалтын 16.6 дахь хэсгийг “Даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, холбогдогч талуудын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгийн хохиролгүй, холбогдогч талууд өөр хоорондоо маргаангүй тохиолдолд даатгагч, жолоочийн даатгалын сан нь даатгалын тохиолдлын талаарх мэдээлэл, баримтыг цахимаар даатгуулагч болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.6-д заасан автоматжуулсан системээс хүлээн авч, нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ." гэж өөрчлөн найруулах Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаярын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. Иймд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Дараа нь Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хийв.
Төсвийн байнгын хорооны 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон ““Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу хийснийг Д.Цогтбаатар гишүүн дурдаад нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг холбогдох хууль, тогтоолын төсөлд нэмж тусган, төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэснийг онцлов.
Төслүүдийн эцсийн хувилбартай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын Төсвийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаантай байсан тул чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн хууль тогтоолын төслүүдийн талаарх түр хойшлуулсан санал хураалтыг явуулав. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлт (Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай)-тэй холбоотой санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжив.
Мөн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Барбадос Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Эсватинийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг нэг бүрчлэн явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.
Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Ө.Гэрэлт-Одыг томилох, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээс Ц.Сүхбаатарыг чөлөөлж, Г.Адьяаг томилох нууц санал хураалтыг тус тус явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Хуралдааны төгсгөлд баталсан хууль тогтоолуудын эцсийн найруулгыг сонслоо. Ингээд Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудыг хэлэлцэж дууссан тул хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.