Цэс

Холбоо барих

“Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2025.07.07) Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.


Тус тогтоолын төсөл нь хоёр заалттай бөгөөд нэгдүгээр заалтад Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд “Нэгдүгээр тойрог зам” төслийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилгоор 260.3 сая ам.долларын хэмжээтэй зээллэгийн үндсэн болон хүүгийн төлбөрийн 85 хувь хүртэлх хэмжээнд “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-т 2025 оны төсвийн жилд багтаан Засгийн газрын өрийн баталгаа гаргахад зөвшөөрөл олгох асуудлыг, хоёрдугаар заалтад тогтоолыг дагаж мөрдөх хугацааг зохицуулахаар тусгажээ.

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал огцом нэмэгдэж, сүүлийн 10 жилд нийслэл дэх бүртгэлтэй автомашины тоо 80 хувиар өсчээ. Нийслэлд өдөр тутам 580-680 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа нь одоо байгаа замуудын хүчин чадлаас хоёр дахин их ачаалалтай байна.

Иймд тойрог замын шинэ сүлжээ байгуулж, хотын төвийг тойруулан тээврийн урсгалыг дамжуулах нь түгжрэлийг бууруулах гол шийдэл болж байгааг албаныхан онцолж байна.

Тухайлбал, хотод бүрэн гүйцэд тойрсон хурдны зам байхгүй, гол чиглэлүүдийн зам уулзварууд хотын төвд огтлолцож байгаа нь ачааллыг төвлөрүүлэхэд хүргэдэг. Харин шинэ тойрог хурдны зам барьснаар авто урсгал хотын зах хэсгээр шууд холбогдож, төвийн дүүргүүдийн хөдөлгөөний ачаалал мэдэгдэхүйц буурах нөхцөл бүрдэнэ гэж тооцоолж байна. Судалгаагаар замын сүлжээг өргөтгөн, шинэ замуудыг нэвтрүүлснээр гол гудамжуудын түгжрэл дунджаар 20 хувиар буурах боломжтой аж.


Шинэ тойрог авто зам нь зөвхөн хот доторх хөдөлгөөнийг зохицуулаад зогсохгүй нийслэл орчмын бүс нутгийн хөгжил, авто замын сүлжээг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой. Тус зам нь Улаанбаатар хот руу чиглэсэн улс, орон нутгийн гол замуудыг захад нь холбох тул хотоос хотоор дайран өнгөрдөг урсгалыг сааруулж, орон нутгийн тээвэр хотын гудамжаар дамжин түгжрэл үүсгэдэг байдлыг зогсооно. Тухайлбал, нэгдүгээр тойрог замын трассыг төлөвлөхдөө баруун хойд зүгт Дархан-Уул аймаг руу гарах зам, зүүн урд зүгт Налайх, Чойр чиглэлийн зам, урд талд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал руу чиглэсэн хурдны замтай тус тус холбохоор тусгасан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл