Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.07.07) хуралдаанаар Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Мөн “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
Дараа нь Засгийн газраас 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулав.
Монгол Улс 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбогдуулан 1996 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг анх баталсан бөгөөд уг хууль нь өдгөө нөхцөл байдалтай нийцэхгүй, нийгмийн харилцааны өөрчлөлт, хөгжлөөс хоцорсон тул эрх зүйн шинэчлэл, бодлогын баримт бичигт дэвшүүлсэн зорилтын хүрээнд нийтийн өмч, түүний дотор төрийн болон орон нутгийн өмчийн харилцааны зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, хууль хоорондын давхардал, хийдлийг арилгах, төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, хэлбэрийг зохистой тогтоож, өмчийн удирдлага, бүртгэл, ашиглалт, хамгаалалт, хяналтын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх зорилгоор шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн нэрийг Иргэний хуульд заасан өмчийн төрөлд нийцүүлэн өргөжүүлж, нийтийн өмчийн суурь харилцааг зохицуулах хүрээнд “Нийтийн өмчийн хууль” гэж өөрчилж, нийтийн өмчийг удирдах зарчим, өмчийн зориулалт, ангилал болон өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх нийтлэг харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ. Ингэхдээ төрийн болон орон нутгийн өмчийн харилцааг тус хуулиар, харин олон нийтийн болон шашны өмчийн харилцааг уг хуульд нийцүүлэн тухайлсан хуулиар зохицуулахаар тусгасан болохыг С.Бямбацогт сайд танилцуулсан юм. Энэ хүрээнд хуулийн зорилтыг “нийтийн өмч, түүний ангилал, өмчийн удирдлага, нийтийн өмчид хөрөнгө олж авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бүртгэл, тооллого, тайлагнал, хяналт, ил тод байдлыг хангахтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулах”-аар өргөжүүлэн тодорхойлсон байна.
Хуулийн төсөл нь 9 бүлэг, 81 зүйлтэй хэмээгээд тэрбээр зарчмын өөрчлөлтүүдийн талаар Байнгын хорооны хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулав. Нийтийн өмч, түүний дотор төрийн болон орон нутгийн өмчийн удирдлага, зохицуулалт, хяналтын нэгдмэл байдлыг хангах зорилгоор хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэхийн зэрэгцээ хуулийн үйлчлэлд хамаарахгүй боловч тухайлсан хуулиар нарийвчлан зохицуулах харилцааг бусад хууль тогтоомж болон эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан тодорхойлсон байна. Хуулийн нэр томьёог Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд нийцүүлэн шинэчилж, төрийн болон орон нутгийн өмчийн харилцаанд баримтлах зарчимд өмчийн удирдлага нэгдмэл байх, өмчийн удирдлагыг хуулиар тогтоосон хязгаарлалтын хүрээнд хэрэгжүүлэх, тооцоо, судалгаанд үндэслэсэн, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн байх зэрэг тусгай зарчмыг шинээр тусгажээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн ангиллыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн шинэчилж, төрийн өмчийн өмчлөгч нь Улсын Их Хурал, орон нутгийн өмчийн өмчлөгч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал байх зарчмыг хэвээр хадгалж, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч этгээдүүдийн эрх хэмжээний давхцал, ойлгомжгүй байдлыг арилгаж, харилцан уялдаатай байхаар тусгасан байна. Мөн Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газрын хяналтын чиг үүргийг тодруулан хуульчилсан, түүнчлэн, Төрийн өмчийн хорооны бүрэлдэхүүнд хөрөнгийн удирдлага, хөрөнгийн үнэлгээ, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэшсэн иргэнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилж ажиллуулах боломжийг бүрдүүлжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөгч, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч, өмчийн эзэмшигч этгээдийн эрх зүйн байдлыг хөрөнгийн эрхийн байдалтай нь уялдуулан оновчилж тогтоосон байна. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн өмчийн удирдлага болон хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, гүйцэтгэх удирдлагыг томилох зэрэг асуудлыг төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай бие даасан хуулиар зохицуулахаар тусгасан хэмээн Монгол Улсын сайд С.Бямбацогт танилцуулсан юм.
Төрийн болон орон нутгийн өмчид хөрөнгө олж авах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг бусдад ашиглуулах, шилжүүлэх асуудлыг үр ашигтай, нээлттэй, ил тод байдлаар хэрэгжүүлэх журам, аргыг нарийвчлан тусгажээ. Энэ хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, нийтийн эрх ашгийг хангах зорилгоор өмчийг ашиглуулах, шилжүүлэх үндэслэл, зорилго, гэрээний нөхцөл, талуудын хүлээх эрх, үүргийг тодорхой хуульчилж, өмчийг бусдын өмчлөлд шилжүүлсний дараа хэрэгжүүлэх хяналтын зохицуулалтыг төсөлд шинээр тусгасан гэв.
Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлийн нэгдмэл тогтолцоо, түүний бүрдэл хэсгийг тодорхойлж, хөрөнгө бүртгэх, тоолох, үнэлэх үйл ажиллагааг нарийвчлан зохицуулжээ. Төрийн нийтийн өмчийн нэгдсэн бүртгэл, тооллого, төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн дагнасан бүртгэлийг хийх, хөрөнгийн өөрчлөлт, хөдөлгөөн, хөрөнгө эзэмшигчийн мэдээллийг нээлттэй байлгах хууль зүйн үндэслэлийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн ашиглалтын хяналт шалгалт, сахилга, хариуцлагын үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлж, өмчлөгч болон төрийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг нарийвчлан зохицуулж, Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга болон Төрийн өмчийн хороо, орон нутгийн өмчийн газраас хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндэслэл, журмыг тодорхойлсон аж.
Төрийн болон орон нутгийн өмчийг удирдах үйл ажиллагааны ил тод байдал болон олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор өмчийн бүртгэл, тайлагналттай холбоотой журмыг шинэчилж, өмчийн бүртгэл, хөдөлгөөн, өмчийн ашиглалтын менежментийн төлөвлөгөөний гүйцэтгэл, хяналт шалгалтын талаарх мэдээллийг тусгасан төлөв байдлын тайланг гаргаж, Улсын Их Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах, тайланг олон нийтэд нээлттэй байршуулах талаар нарийвчлан тусгасан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, тооллого, үнэлгээ, өмчийн хөдөлгөөн, тайлан, хяналт шалгалттай холбоотой мэдээллийг төвлөрүүлсэн цахим систем, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, эрхлэн хөтлөх, хөгжүүлэх, мэдээллийг баталгаажуулах болон хадгалалт, хамгаалалтыг хэрэгжүүлэх журмыг хуульчлах шаардлагатай хэмээн үзэж, төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчийн төрөл, хөрөнгийн ангилал, өмчлөх эрх болон өмчийн удирдлага хэрэгжүүлэх субьектын чиг үүрэг, үйл ажиллагааны үндэслэл, журам тодорхой болж, төрийн болон орон нутгийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үр ашиг, үнэлгээг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн Монгол Улсын сайд С.Бямбацогт танилцууллаа. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн харилцаатай холбоотой хууль хоорондын хийдэл, зөрчил арилж, төрийн нийтийн өмчид хамаарах газар, байгалийн баялаг болон бусад өмчийн хөрөнгийн удирдлагын нэгдмэл тогтолцоо хангагдаж, Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлсон байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчим бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ хэмээн тооцсон байна.
Төрийн болон орон нутгийн өмчтэй холбоотой шийдвэр хариуцлагатай, ил тод, нээлттэй байх, төрийн үйлчилгээ түргэн шуурхай, хүнд суртлаас ангид байх зарчмын хэрэгжилт хангагдаж, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах болон үнэлэх, бүртгэх, бусад ашиглуулах, шилжүүлэх үйл ажиллагаа нийтийн эрх ашигт нийцсэн, үр ашигтай байх хууль зүйн үндэслэл бүрдэх ач холбогдлыг дурдаж байв.
Үргэлжлүүлэн тэрбээр өмчийн удирдлагын эрх мэдлийн хуваарилалтыг оновчилж, төрийн болон орон нутгийн өмчийн хөдөлгөөний шийдвэр гаргалтын процессыг хялбаршуулж, нэгдсэн хяналтын механизмыг бүрдүүлснээр өмчийн удирдлагын үр ашиг болон зардлын харьцаа сайжирна хэмээн танилцуулсан. Түүнчлэн, төрийн болон орон нутгийн өмчийн үр ашигтай байдлыг дээшлүүлж, хөрөнгийг бүрэн бүртгэж өмчлөх эрхийг баталгаажуулснаар төрийн өмч нэрийн дор хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтан хувьдаа шамшигдуулах, хууль бус үйлдэл гаргахаас сэргийлэх, улмаар төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн гэлээ. Хуулийн төслийг дагалдуулан 41 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 2 төслийг өргөн мэдүүлсэн байна.
Дараа нь хуулийн төслийн талаарх хууль зүйн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын дарга Ч.Дондогмаа танилцуулсан юм. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Л.Соронзонболд, А.Ундраа, О.Номинчимэг, М.Мандхай, Ш.Бямбасүрэн, М.Бадамсүрэн нар асуулт асууж, С.Бямбацогт сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан юм. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн П.Сайзориг төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд төсөл дэх томьёоллуудыг нарийвчлах шаардлага бий хэмээгээд хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг нухацтай ажиллах нь зүйтэй хэмээв. Байнгын хорооны дарга Р.Сэддорж нутгийн өөрөө удирдах ёсыг дэмжих, орон нутгийн хөгжлийг дэмжих зохицуулалтуудыг тусгах, өнөөдрийн хуралдаанаар гишүүдээс гаргасан саналыг анхаарах зэрэг асуудлыг тодотгож, холбогдолтой саналыг хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулах байсан ч түр хойшлуулаад, Монголбанкны бүтцийн талаар Монголбанкны мэдээллийг сонсов.
Монголбанк 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 13 газар, 1 төв, 1 хүрээлэн, 3 бие даасан алба, орон нутаг дахь 5 хэлтэс, 12 салбар, 2 төлөөлөгчийн газартайгаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Төв аппаратад 574, орон нутаг дахь хэлтэс, салбарт 123, нийт 697 батлагдсан орон тоотой ч өнөөдрийн байдлаар 641 хүн ажиллаж байгаа хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. Хүүхэд асрах чөлөөтэй 26, гадаадад суралцаж байгаа 35 ажилтан бий гэв. Хүйсийн харилцааны тухайд төвд ажиллаж буй 521 ажилтны 50.3 хувь нь эрэгтэй, орон нутагт ажиллаж буй 118 ажилтны 40.2 хувь нь эмэгтэй, жендэрийн хувьд тэгш байгаа гэдгийг тодотгож байсан. Нийт ажилтнуудынхаа ажилласан жил, дундаж наслалт, мэргэжил, мэргэжлийн зэрэг болон сургалт хөгжүүлэлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Төв дэх нийт ажилтнуудын 117 нь эдийн засагч, 106 нь бизнесийн удирдлага, 63 нь нягтлан бодогч, 42 нь санхүүгийн мэргэжилтэн, 45 нь эрх зүйч, хуульч, үлдсэн нь бусад мэргэжлийнх байдаг байна.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Б.Найдалаа, Л.Соронзонболд нар асуулт асууж, Монголбанкны удирдлагуудаас хариулт, тайлбар аван, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар, Р.Сэддорж нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ийнхүү Монголбанкны бүтцийн талаарх мэдээллийг сонсож дууслаа. Хуралдаанаар үргэлжлүүлэн “Монголбанкны бүтцийн өөрчлөлтийн талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Р.Сэддорж дарга төслийн талаар танилцуулсан юм.
Эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдал болон учирч болзошгүй эрсдэлийг харгалзан төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах зорилгоор орон тоог цөөрүүлж, бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн зохион байгуулах чиглэлээр арга хэмжээг авч ажиллахыг Төв банкны удирдлагад даалгахаар төсөлд тусгажээ. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхдээ байгууллагын хэвийн үйл ажиллагаанд доголдол үүсгэхгүй байхад анхаарч, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа Улсын Их Хуралд танилцуулахыг мөн үүрэг болгохоор холбогдох зохицуулалтыг тусгасан байна.
Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Найдалаа, Ө.Шижир, Б.Жаргалан нар үг хэлсэн бол Л.Соронзонболд гишүүн найруулгын санал хэлсэн юм. Төсөлтэй холбогдуулан гаргасан гишүүдийн саналыг тусгаад, батлах санал хураалт явуулах байсан ч түр хойшлуулаад өнөөдрийн (2025.07.07) хуралдаанаар хэлэлцэхээр товлосон 11 асуудлыг долоо дахь буюу Эдийн засагт тулгамдаж буй асуудлууд болон холбогдох байгууллагуудын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн мэдээллийг сонсов.
Монгол Улсын санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахтай холбоотойгоор тогтолцооны шинжтэй эрсдэлийг илрүүлэх, хянах, бууруулах талаар хэлэлцэж, гишүүдийн үйл ажиллагааг уялдуулах чиг үүрэг бүхий тус зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирал байдаг аж. Зөвлөл нь зөвлөмж хэлбэрээр шийдвэрээ гаргадаг болохыг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч дурдав. Монголбанкны зүгээс 2025 онд авч хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагааны талаар товч мэдээллийг Байнгын хорооны гишүүдэд танилцууллаа. Оны эхний 5 сарын байдлаар Монгол Улсын гадаад валютын орох урсгал өнгөрсөн оны мөн үеэс 1.8 тэрбум ам.доллароор буурсан бөгөөд үүний 1.6 тэрбум ам.доллар нь нүүрсний экспортын орлого буурсантай холбоотой юм байна. Энэ нь эдийн засгийн идэвхжил, валютын ханш, төсвийн орлогод, улмаар эдийн засагт бол нөлөөлж байгааг тэмдэглэсэн. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл нь Монгол Улсын эдийн засаг санхүүгийн салбарын өнөөгийн байдал тулгамдаж буй эрсдэлийн талаар хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гарган ажиллаж байгаа хэмээв. Улиралд нэг удаа хуралдах товтой ч эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан оны эхнээс 5 дугаар сар хүртэлх хугацаанд ээлжит бусаар 5 удаа хуралдаж, холбогдох асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргасан байна. Зөвлөлийн хуралдаанаар макро эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн байдал, цаашдын төлөв, хөгжингүй орнуудын худалдааны бодлогод гарч буй өөрчлөлтийн Монгол Улсын эдийн засаг үзүүлж буй нөлөө, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого болон гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээ, санхүүгийн зохицуулалттай салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг агуулгын хүрээнд тодорхой асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Эдийн засагт үүсэж буй эрсдэл, эмзэг байдлыг бууруулах чиглэлд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс тодорхой шийдвэрүүдийг гаргахын зэрэгцээ гурван зөвлөмжийг Засгийн газар болон зөвлөлийн гишүүн байгууллагуудад хүргүүлжээ.
Тодруулбал, дотоодын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах, экспортыг орлогыг нэмэгдүүлэх, экспортод учирч буй бэрхшээлийг арилгах тухай зөвлөмжийг 2025 оны 3 сарын 18-нд гаргасан байна. Засгийн газрын үнэт цаасны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Хадгаламжийн даатгалын корпорацын эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг олон улсад арилжаалах мөн сарын 25-ны өдөр гаргажээ. Гадаад валютын нөөц, банкны салбарын урт хугацаат гадаад эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор урт хугацаат своп хэлцлийн зохицуулалтад өөрчлөлт оруулах, гадаадын банк санхүүгийн байгууллагуудтай санхүүгийн хэлцэл хийх замаар гадаад валютын улсын нөөцийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангах зөвлөмжийг 4 дүгээр сарын 01-нд гаргасан аж.
Үүний зэрэгцээ Банкны тухай хуулийн 36.1 дэх хэсэгт заасан банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийн хязгаарлалтын арга хэмжээг хангуулах хугацааг 2028 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болгон хойшлуулах хуулийн нэмэлт, өөрчлөлтийг шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаарх зөвлөмжийг 4 дүгээр сарын 01-ний зөвлөмждөө тусгасан байна.
Монголбанкны зүгээс гадаад орчны тодорхой бус байдалтай холбоотойгоор эдийн засагт учирч болзошгүй эрсдэлтэй уялдуулан эдийн засгийн гадаад болон дотоод тэнцвэр алдагдахаас сэргийлсэн бодлогыг 2024 оны сүүлийн хагасаас хэрэгжүүлж байгааг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч дурдаад “Энэ нь нийлүүлэлтийн шинжтэй инфляц өдөөгдөж, ужгирахаас сэргийлэх эрэлтийн гаралтай инфляцын дарамтыг бууруулах бодлоготой нийцтэй хэрэгжиж байгаа” гэсэн. Гадаад эрэлтийн сөрөг шоктой үед эдийн засгийн хэт тэлэлтээс үүдэлтэй гадаад валютын эрэлтийг саармагжуулж, эдийн засагт үүсэж болзошгүй хүндрэлийг бууруулах зорилготойг тодотгож байв. Энэ утгаараа Монголбанкны зүгээс энэ чиглэлд хэд хэдэн арга хэмжээг бол авч хэрэгжүүлсэн хэмээгээд дэлгэрэнгүй танилцуулсан.
Төсвийн тэлэлт, улс орнуудын сонгуулийн өрнөлтэй холбоотойгоор дэлхийн томоохон эдийн засгийн бодлогод гарч болзошгүй өөрчлөлтүүдийг харгалзан мөнгө, санхүүгийн бодлогыг чангаруулж эхэлснээ дурдав. 2024 оны 9 дүгээр сараас төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг нэмэгдүүлж эхэлсэн бөгөөд нийт 3 удаагийн 5 нэгж хувийн өсөлтөөр 1.7 их наяд төгрөгийн нөөцийг банкны системээс татаж, эргэлтэд орохыг саармагжуулсан гэв. 2025 он гараад Мөнгөний бодлогын хороо 4 удаа хуралдаж, мөнгөний болон макро зохистой бодлогын хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг дурдсан. Хүлээлтээр дамжин үнийн өсөлтөөр эрчимжих 2 дахь үеийн нөлөө нэмэгдэх эрсдэлээс сэргийлэх, гадаад орчны таагүй төлөвийн үед дотоод эдийн засагт хэт тэлэхээс сэргийлэх зорилгоор оны эхнээс бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэснээ мөн тайлбарлав. Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 50 хувьд хүргэх, тэтгэврийн зээлд зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн талаараа мэдээлэлд дурдсан. Цалин, тэтгэврийн орлогын өсөлтийг даган хэрэглээний зээлийн өсөлт эрчимжиж буй нь төлбөрийн тэнцэл, төгрөгийн ханшинд дарамт учруулахын зэрэгцээ эдийн засагт сөрөг шок үүсгэвэл өрхийн санхүүгийн чадамж доройтох эрсдэлийг харгалзан дээрх шийдвэрүүдийг гаргасан байна.
Тэтгэврийн зээлдэгчдээс ирүүлсэн гомдол, Засгийн газар, Улсын Их Хурлын Байнгын хороо, гишүүдээс Монголбанканд ирүүлсэн хүсэлтийг харгалзан өнөөдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хурлаар тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн өр, орлогын харьцааны зохицуулалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэснийг мөн танилцуулгадаа дурдсан юм.
Үргэлжлүүлэн тэрбээр гадаад валютын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах чиглэлээр болон гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Түүнчлэн нөхцөл байдалтай уялдуулан олон улсын байгууллагаас өгсөн, Төв банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг танилцуулсан. Инфляц зорилтот түвшинд буурч, тогтворжих хүртэл хатуу мөнгөний бодлогыг хэвээр хэрэгжүүлэх; Монгол Улсын гадаад валютын нөөцийг хэмжээг зохистой түвшинд хадгалах; Ханшны илүү уян хатан бодлого хэрэгжүүлэхийг зорих; Макро зохистой бодлогын зохицуулалт санхүүгийн салбарын хяналт шалгалтыг бэхжүүлэх нь зээлийн өсөлтийг тогтворжуулах санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал болохыг тус зөвлөмжид дурджээ. Цаашид эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалын хэвийн үйл ажиллагааг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд Монголбанк бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана хэмээн төгсгөлд нь Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэллээ.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Соронзонболд, Г.Лувсанжамц, Р.Сэддорж нар асуулт асууж, Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нараас хариулт, тайлбар, мэдээлэл авсан.
Ийнхүү мэдээлэлтэй танилцаж дуусаад санал хураалтууд явууллаа. “Монголбанкны бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх талаар авах арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд гишүүдийн гаргасан найруулгын саналуудыг тусган, батлахыг дэмжих томьёоллоор санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 14 гишүүний 64.3 нь дэмжснээр Байнгын хорооны дээрх тогтоолын төслийг баталлаа. Дараа нь Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 64.3 хувь дэмжлээ. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын дунд, богино хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн явц, тайлагналтын талаар Эдийн засаг хөгжлийн яамны мэдээллийг сонссонтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг үндэслэн боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Байнгын хорооны дарга Р.Сэддорж төслийг танилцуулсан.
Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар асуулт асууж, санал хэлсэн юм. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргав. Тус горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахаар шийдвэрлэв.
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Хадгаламжийн даатгалын корпорацын өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны талаар болон Хадгаламжийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн талаар мэдээллийг сонсож, тус корпорацын гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн танилцуулав.
Хадгаламжийн даатгалын корпорац нь 2013 онд Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 3.1.1.-т заасны дагуу байгуулагдсан, банкан дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгайлсан чиг үүрэг бүхий төрөөс үүсгэн байгуулсан ашгийн төлөө бус, хуулийн этгээд юм. Иргэдийн банкинд итгэх итгэлийг бэхжүүлэх; Банкны салбарын сахилга батыг сайжруулах; Санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад корпорацын үүрэг оролцоог нэмэгдүүлэх; Зөв засаглалын бүтэц, чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах зорилгын хүрээнд даатгалын хураамжийг төвлөрүүлэх; даатгалын тохиолдол бий болоход хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр төлөх; сангийн хөрөнгийг хуульд заасны дагуу удирдах; сангийн санхүүгийн эрсдэлийг үнэлэх зорилгоор банкны эрсдэлийг үнэлж, хянах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байна.
С.Баатарсүрэн захирал корпорацын талаарх ерөнхий мэдээллийг танилцуулсны дараа удирдлага, зохион байгуулалтын талаар танилцууллаа. Корпорацын удирдах дээд байгууллага нь Хадгаламжийн даатгалын үндэсний хороо юм байна. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Үндэсний хорооны даргаар ажилладаг бол Сангийн сайд, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн санал болгосон 3 гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга, Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирал гэсэн 7 хүний бүрэлдэхүүнд нь багтдаг байна. Корпорац 3 газар, 7 нэгж, 62 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа гэв. Үргэлжлүүлэн тэрбээр онцлох ажлуудаа танилцуулсан. 2013 онд байгуулагдсанаас хойш Капитал банк, Хадгаламж банкыг татан буулгах ажлыг зохион байгуулж, даатгалын нөхөн төлбөр байна. 2018 онд Хадгаламжийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орсноор Хадгаламжийн даатгалын корпорац Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн байгууллага болжээ.
Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө бол 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар 831 тэрбум төгрөг байгаагийн 557 тэрбум төгрөг нь хадгаламжийн даатгалын хураамжийн орлогоос бүрджээ. 345 тэрбум төгрөгийг Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтаас олсон өгөөжийн орлогоор бүрдүүлсэн байна. Хуулийн дагуу нийт хадгаламжийн дүнгийн 10 хувьд Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө хүрэхэд хөрөнгө хуримтлуулах үйл ажиллагааг зогсоож болно гэж заасан байдаг аж. Манайд өнөөдрийн байдлаар 2 орчим хувь байгаа учраас банк, санхүүгийн салбарынхаа эрсдэлийг хаахуйц хэмжээнд хүрээгүй гэдгийг тодотгов. Дэлхийн банктай хамтарсан судалгаагаар шаардлагатай түвшинд ямар хугацаанд хүрэх талаар судалгааг тогтмол хийдэг гэлээ. Үүний үр дүнд 7-12 жилийн хугацаанд Хадгаламжийн даатгалын сан хангалттай хөрөнгөтэй болно хэмээн тооцсон байна. Нийт харилцах хадгаламжийн хэмжээ 44.7 их наяд төгрөг байгаа ба үүнээс даатгагдсан харилцах хадгаламж нь 10.6 их наяд төгрөг юм байна. Даатгагдсан хадгаламжид хадгаламжийн даатгалын эзлэх хувийн хэмжээ нь 7.8 хувьтай байгаа аж. Үүнийг 15 хувьд хүргэснээр Хадгаламжийн даатгалын сангийн хүрэлцээ хангалттай түвшинд боломжтой, үүний тулд 10 орчим жил шаардлагатай гэдэг тооцооллын талаар дурдсан. Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө бол системийн нөлөө бүхий 5 банкан дээр ямар нэгэн байдлаар хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд татан буугдах ажиллагаа хийгдэхэд эрсдэл хаах боломжгүй байгааг Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Л.Соронзонболд, О.Батнайрамдал нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт мэдээлэл авсны зэрэгцээ үг хэлсэн юм. Ийнхүү Хадгаламжийн даатгалын корпорацын өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны талаар болон Хадгаламжийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн талаар мэдээллийг сонсов. Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.