Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.07.07/ хуралдаж “Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 173 дугаар захирамжаар байгуулагдсан Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгөх тухай ажлын хэсгийн санал, дүгнэлт, холбогдох төрийн байгууллагуудын мэдээллийг Төрийн байгуулалтын байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хороодын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа сонссоны хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.3.6-д заасны дагуу дээрх Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж буйг хуралдаан даргалагч тодотгосон.
Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар танилцууллаа.
Тэрбээр Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 173 дугаар захирамжаар “Төрийн үйлчилгээг хүн төвтэй болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг нэгдсэн арга зүйгээр хангах, санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажилласан юм.
Ажлын хэсэг олон улсын процессын дахин инженерчлэл хийх сайн жишиг, аргачлалыг судлан, улс орнуудын хэрэгжүүлсэн төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэлийн үр ашиг, үр өгөөжийн харьцуулсан судалгаа, төрийн дижитал шилжилтийн хөгжил ба цаашдын чиг хандлагын судалгаа, төрийн мэдээллийн системийн нэгдсэн архитектур болон энтерпрайз архитеотурын судалгааг тус тус хийжээ.
Монгол Улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн экспертүүд, иргэний нийгмийн байгууллагуудтай уулзаж санал солилцон, сайн жишиг нэвтрүүлж буй хувийн хэвшлийн байгууллагатай газар дээр нь танилцаж, туршлага судлан, Засгийн газар, УИХ-ын харьяа байгууллагуудад хийгдэж буй төрийн бүтээмж, процессын дахин инженерчлэлийн хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаар төрийн байгууллага, албаны хүмүүстэй уулзалт хийх, мэдээлэл авч, нөхцөл байдлын судалгааг хийж ажилласан байна.
Төрийн байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл, процессын дахин инженерчлэлийн хэрэгжилтийн нөхцөл байдлын шинжилгээнд үндэслэн ажлын хэрэг доорх дүгнэлтийг гаргажээ.
Ажлын хэсэг УИХ, Засгийн газар, холбогдох төрийн байгууллагуудын шийдвэр гаргах түвшинд процессын дахин инженерчлэл хэрхэн хийх арга зүйн талаар нэгдсэн ойлголт, шийдвэрт хүрээгүй байна хэмээн үзсэн бөгөөд төрийн байгууллагын процессын дахин инженерчлэлийн бодлого, хүрэх үр дүнг тодорхойлох, хэрэгжилтийг хангах, хяналт тавих тогтолцоо үүсээгүй байгаа нь төрийн байгууллагууд нэгдсэн хэрэгжүүлэх боломж бүрдээгүй байна гэж дүгнэсэн байна.
Мөн Төрийн мэдээллийн системийн нэгдсэн архитектур ашиглагдахгүй байгаагаас төрийн байгууллагуудын уялдаа холбоо, зардал, цаг хугацаа, бүтээмжид сөргөөр нөлөөлж байна. Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэлийг хийхдээ хууль, эрх зүйн орчинд хамаарах өөрчлөлтийн бүрэн тусгаагүйгээс зөвхөн цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа нь цогц өөрчлөлт болж чадахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Төрийн мэдээллийн нэгдсэн бүртгэл, сан байхгүй ба иргэний нэгдсэн данс (Natinal ID or Unique ID) байхгүй учир мэдээллийн нэгдмэл байдал, давтагдашгүй байдал хангагдаагүй. Хур системийн ард нэгдсэн өгөгдлийн сан байхгүй бөгөөд төрийн байгууллагуудад дор бүрнээ хөгжүүлж тус тусдаа ашиглаж буй 152 бүртгэлийн мэдээлэл, өгөгдлийн бааз холбогдон ажиллаж байгаа нь төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг дэмжих нэгдмэл байдал хангалтгүй, тусдаа системүүд хоорондоо мэдээлэл солилцох боломж хомс, уялдаа холбоогүй ажиллах нь үр ашиггүй байдлыг үүсгэж байна хэмээн дүгнэжээ.
Тиймээс ажлын хэсэг хүн төвтэй үзэл баримтлалд нийцсэн төрийн үйлчилгээг иргэнд хүргэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх болон иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэх, процесс суурьтай, оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлж, хөгжлийн бодлогo, тухайн салбар, төрийн байгууллагын стратеги, дижитал шилжилт, хууль, эрх зүйн орчин дахь өөрчлөлтүүдийг цогцоор нь уялдуулж, иргэн, хувь хүний хэрэгцээнд тусгайлан тохируулсан, өгөгдөлд үндэслэн проактив төрийн үйлчилгээг бий болгох ажлыг нэгдсэн арга зүйгээр ханган, эрчимжүүлэх талаар чиглэл өгөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан хэмээн ажлын хэсгийн ахлагч Ч.Анар танилцуулав.
Энэхүү тогтоолын төсөл нь төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх хамрах хүрээ, үндсэн зармыг тодорхойлсон 1 хавсралт, нэгдсэн удирдлагаар хангах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний үүрэг даалгавар бүхий 9 заалтаас бүрдэж, хяналт хариуцлагыг хангах хүрээнд тогтоолын хэрэгжилтийг хугацаа зааж эргэн тайлагнахыг үүрэг болгон эргэх холбоог хангажээ.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Төрийн байгуулалтын болон Инновац, цахим бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанд танилцуулж, холбогдох төрийн байгууллагуудын мэдээллийг сонгож, гишүүд асуулт асууж, хариулт авснаар Ажлын хэсгийн зүгээс боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжсэн гэдгийг тэрбээр тодотгосон.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Зулпхар, Процессын дахин инженерчлэлд чиг үүргийн болон ажлын байрны шинжилгээний аргачлалууд багтаж байгаа эсэх, процессын дахин инженерчлэл ямар давуу талтайг тодруулсан. Тэрбээр, УИХ тогтоол батлаад төрийн байгууллагууд процессын дахин инженерчлэл хийхэд ямар хугацаа зарцуулах, процессын дахин инженерчлэлийг хийх мэргэшсэн хүний нөөц бий эсэхийг лавласан.
Ажлын хэсгийн ахлагч Ч.Анар, УИХ-ын тогтоолоор процессын дахин инженерчлэл хийх нэгдсэн арга зүй, үзэл баримтлал, чиглэлийг нь зааж, удирдамж батлах юм. Салбар яамд, байгууллагуудын чиг үүрэг бүхий дотоод процессын нарийн уялдааг УИХ-ын тогтоолоор батлахгүй, харин ямар чиг үүрэг, арга зүй, үзэл баримтлалаар хийх ёстойг заасан ерөнхий зарчмыг баталж өгнө. 2022 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газраас анх процессын дахин инженерчлэлийг хоёр яаманд хэрэгжүүлсэн. Үүнд үндэслээд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт процессын дахин инженерчлэл хийх чиглэл орсон. Процессын дахин инженерчлэлийг төрийн байгууллагууд, яамд өөр өөрөөр ойлгоод байгаа юм. Өөр ойлгосноос үүдээд зарим нь автоматжуулалтыг хийж байна, зарим нь санхүүгийн системдээ өөрчлөлт оруулж байна.
Иргэн, аж ахуйн нэгж төрөөс үйлчилгээ авахдаа хууль дүрэмд заасны дагуу төрд байгаа мэдээллийг яам, төрийн байгууллага тус бүрээс нь авч байгаа нь хүндрэл учруулж байгаа. Өнөөгийн хууль тогтоомж, төрийн байгуулалтын бүтэц нь ийм байгаа учир процессын дахин инженерчлэл хамгийн эхэнд хийгдэх ёстой ажил. Төр өөрөө хууль тогтоомж, бүтэц бүрэлдэхүүндээ дүн шинжилгээ хийгээд, хяналт суурьтай биш хүн төвтэй буюу иргэндээ зориулсан үйлчилгээг шуурхай хүргэхэд чиглэсэн үзэл баримтлалыг тогтоолоор батлах юм. Засгийн газрын харьяа яам, агентлагууд тогтоолд заасан туссан үзэл баримтлалд тулгуурлан процессын нарийвчлалаа боловсруулж судалгаагаа хийгээд, 2026 оны хаврын чуулганы үеэр танилцуулах чиглэлийг тогтоолоор өгнө гэсэн хариулт өглөө.
Эцэст нь “Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Дараа нь Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан 1 санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг чуулганы нэгдлсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Мөн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэв. Тогтоолын төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Эцэст нь Улсын Их Хурлын Тамгын газрын 2024 оны үйл ажиллагааны тайланг сонсов.
Тамгын газрын 2024 оны үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж танилцууллаа.
2024 он бол манай улсын парламентын түүхийн нэгэн шинэ эхлэл болсон 126 гишүүнтэй Монгол Улсын Их Хурлын эрх зүйн орчин, ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлсэн, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд төлөвшүүлэн бэхжүүлэх шилжилтийн жил байснаараа онцлогтойг тодотгов.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг бодитой хэрэгжүүлэх, хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны уламжлалаа хадгалж, Парламент 2.0 “Гурван төгөлдөршил” бодлогыг хэрэгжүүлэхэд нь Улсын Их Хуралд Тамгын газар мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын дэмжлэг туслалцаа үзүүлэх чиглэлээр 2024 онд 268 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн бөгөөд эдгээр арга хэмжээ гүйцэтгэлийн үнэлгээгээр 87.8 хувийн биелэлттэй байна хэмээлээ. Монгол Улсын Их Хурлаас хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд 2019, 2023 онд оруулсан өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллах хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хурлаар хэлэлцэн батлахад мэргэжил, арга зүйн бүх талын туслалцаа үзүүлж, шинээр бүрдэх Улсын Их Хурлын үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлснийг онцоллоо.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан 66 удаа /304 цаг 09 минут/, Байнгын, дэд, хянан шалгах түр хороодын хуралдаан 296 удаа /392 цаг 31 минут/ хуралдаж, давхардсан тоогоор 638 асуудал хэлэлцсэн байна. Байнгын болон дэд хороод 132 тогтоол баталсан бөгөөд олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенц зөвшилцөх 15, хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн 80, анхны хэлэлцүүлгийн 128, зөвшилцөх эсэх асуудлаар 3, соёрхон батлах 13, холбогдох Байнгын хороонд хүргүүлсэн 86, бусад асуудлаар 82 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн 65 танилцуулга, анхны хэлэлцүүлгийн 1329 зарчмын зөрүүтэй саналын томьёолол, эцсийн хэлэлцүүлгийн 66 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлжээ.
2024 онд 475 хууль, Улсын Их Хурлын 140 тогтоол хэлэлцэн батлахад мэргэжил арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлсэн нь 2023 онтой харьцуулахад анхдагч хууль 36.3 хувиар, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 22.4 хувиар, Улсын Их Хурлын тогтоол 13.6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ. Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 435 асуудал хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж, зохион байгуулалтын туслалцаа үзүүлсэн нь өмнөх оноос 10.5 хувиар өссөн гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга танилцуулгадаа онцолсон.
Улсын Их Хурлын хяналт шалгалтын үр нөлөөг сайжруулах эрх зүй, зохион байгуулалтын шинэтгэл хийхэд мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж, үр дүнд хүрч буйг тэрбээр дурдаад энэ чиглэлээр хийсэн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
Түүнчлэн Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, парламентат ёсыг бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Улсын Их Хурал, түүний гишүүдийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үйл ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүнг танилцуулсан юм.
Тэрбээр, Улсын Их Хурал, түүний Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт, Улсын Их Хурлын ээлжит чуулганы хэлэлцэх асуудал, тов, дараалал, нэгдсэн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн ирцийн мэдээлэл, хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нийт хугацааг хувь тэнцүүлэн хуваарилж, чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороо, ажлын хэсгийн хуралдааны товч, дэлгэрэнгүй тэмдэглэл зэргийг parliament.mn цахим хуудаст ил тод, нээлттэй мэдээлж байна.
Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд түгээх ажилд технологийн ололтыг ашиглахаас гадна Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон улсад сурталчлан мэдээлэх зорилгоор Улсын Их Хурлын албан ёсны www.parliament.mn цахим хуудаст англи хэлээр мэдээ, мэдээллийг тогтмол нийтэлж, олон улсад нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаар ярилцлага, мэдээ нийтлүүлж, MediaConnect платформ дээр хэвлэлийн мэдээ байршуулж байгааг тодотгосон.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж танилцуулгын төгсгөлд Тамгын газар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”, Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний 2025 оны төлөвлөгөө”, хууль тогтоомжоор тодорхойлсон чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх, үйл ажиллагааныхаа үр нөлөөг дээшлүүлэхтэй холбоотойгоор 2025 онд 56 арга хэмжээг төлөвлөн, шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагын дагуу тодорхой чиглэлд анхааран ажиллаж буй талаараа мэдээлсэн
Тухайлбал, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ирц, санал хураалтын дүнг ил тод, нээлтэй байлгах, хуралдааны дэгийг боловсронгуй болгох, уялдааг хангах замаар хууль тогтоох үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, өндөр бүтээмжит ажлын албыг бэхжүүлэхэд судалгаа, шинжилгээний үр дүнг ашиглах, албан хаагчдын үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, ажлын гүйцэтгэлийг бодитой үнэлэх арга зүйг нэвтрүүлж, өөрчлөлтийн менежмент, төслийн удирдлагыг хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байгааг тодотгосон юм.
УИХ-ын Тамгын газрын тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Тамгын газар хуульд заасан үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ирсэн гэж дүгнэж байгаагаа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл УИХ-ын Тамгын газар сайн ажиллаж буйг тодотгоод Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэн хэчнээн судалгаа хийсэн, зөвлөх туслахуудыг мэргэшүүлэх чиглэлээр хэрхэн ажилласныг лавласан.
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, Тус хүрээлэн 2024 онд шинэчлэн байгуулагдаж, УИХ-ын дэргэд ажиллах болсноос хойш нийтдээ 42 судалгаа хийж, 11 удаагийн сургалт явуулсан. 2025 он гарснаас хойш хагас жилийн хугацаанд 100 судалгаа хийж, 27 сургалтыг зохион байгуулсан гэсэн хариултыг өглөө.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, УИХ хүн төвтэй хууль, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, дарга төвтэй, авлигажсан гэгдээд буй хуулиас давсан журмуудыг цэгцлэх, хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийдэг байх ажилд анхааран ажиллаж байна гээд, Тамгын газар хүрээнд хийсэн ажлаа, хүний эрхийн зөрчилтэй хууль, журмыг сайжруулсан талаарх мэдээллийг тайландаа тусгаж үнэлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.
Байнгын хороо УИХ-ын Тамгын газрын 2024 оны тайланг хэлэлцсэнээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.