Цэс

Холбоо барих

Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв


Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.07.08) нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад, гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, 11 асуудал хэлэлцэхээр товлов. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороодод хуваарилсан талаар танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангийн энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг нарын 13 гишүүний өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, Засгийн газраас энэ сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн байнгын хороонд тус тус хуваарилжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлнэ” гэсний дагуу “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр хүсэлт ирүүлсний дурдаад, холбогдох санал хураалт явуулахад гишүүдийн 63.2 хувь нь дэмжив. Иймд Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


Дараа нь Засгийн газраас энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулав.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төсөлд нэгдсэн төсвийн 2025 оны тэнцвэржүүлсэн орлогыг 3.3 их наяд төгрөгөөр, нийт зарлагыг 1.9 их наяд төгрөгөөр тус тус бууруулахаар тусгасан юм. Нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулахтай уялдан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026-2027 оны төсвийн төсөөлөл өөрчлөгдөх, улмаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгааг танилцуулав. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг 2025 оны 4 дүгээр сард боловсруулах үед Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд нэг тонн нүүрсний экспортын үнийг 2025 онд 85 ам.доллар, 2026 онд 88 ам.доллар, 2027 онд 92 ам.доллар, 2028 онд 96 ам.доллар байх таамаглал ирүүлсэн. Тухайн үеийн олон улсын зах зээлийн нөхцөл байдал, мэргэжлийн шинжээчдийн боловсруулан зарласан төсөөлөл зэргийг харгалзан нүүрсний үнийн төсөөллийг тус зөвлөлөөс ирүүлсэн төсөөллөөс бууруулж, 2025 болон 2026 онд 80 ам.доллар, 2027 болон 2028 онд 77 ам.доллар байхаар тус тус тооцсон гэдгийг С.Бямбацогт сайд танилцуулгадаа дурдсан. Гэсэн хэдий ч 2025 оны 4 дүгээр сард сэргэж эхэлж байсан уул уурхайн биржийн арилжааны идэвхжил 5, 6 дугаар саруудад саарч, нүүрсний үнэ үргэлжлэн буурсаар энэ оны эхний 5 сарын байдлаар нүүрсний дундаж үнэ 72 ам.долларт хүрчээ.


Энэ нь өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар буурсан үзүүлэлт бөгөөд үүнтэй зэрэгцэн эдийн засгийн өсөлт 2025 оны эхний улиралд 2.4 болж саараад байгааг онцоллоо. Цаашид дунд хугацаанд төсвийн орлого төсөөлснөөс бага байх эрсдэл өндөр байгааг дурдсан.  Тухайлбал, ОУВС нүүрсний үнийг 2025 онд 68 ам.доллар, 2026 онд 73 ам.доллар, 2027-2028 онд 72 ам.доллар байх төсөөллийг зарлаад байгаа аж. Энэ хүрээнд макро эдийн засгийн болон төсвийн төлөв байдал, цаашдын хандлага, төсөөлөлд үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэн байна. Гэтэл тус хуульд 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өөрчлөлт орсон тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт заасан хязгаарлалтаас шалтгаалан Төсвийн тухай хуульд заасны дагуу Засгийн газар төсвийн төслийг 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх боломжгүй болоод байгаа хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хууль санаачлагчийн илтгэлдээ танилцуулсан.


Иймд макро эдийн засгийн болон төсвийн гүйцэтгэлийн төлөв байдал, дунд хугацааны эдийн засгийн болон төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөлд үндэслэн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ болон нийт зарлагын дээд хэмжээг бууруулах өөрчлөлт орсонтой холбоотойгоор жилийн төсөв болон төсвийн тодотголыг өргөн мэдүүлэн батлахад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт заасан хязгаарлалт хамаарахгүй байх зохицуулалтыг бүрдүүлэх шаардлага үүсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Сүүлийн 10 жилд зөвхөн нэг удаа буюу 2015 онд экспортын түүхий эдийн үнийн уналттай байсан шалтгаанаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон нийт зарлагын хэмжээг нэгэн зэрэг бууруулах байдлаар төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилж байсан талаарх баримтыг дурдав. Бусад жилүүдэд нь орлого, зарлагыг нэмэгдүүлэх өөрчлөлт хийж байсан гэдгийг тодотгосон.

Төсөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ болон нийт зарлагын дээд хэмжээг бууруулах өөрчлөлт орсонтой холбоотойгоор жилийн төсөв болон төсвийн тодотголын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлахад энэ хуулийн 7.5-д заасан хязгаарлалт хамаарахгүй байх агуулгатай заалтыг нэмэхээр тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар жилийн төсөв болон төсвийн тодотголыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг хууль санаачлагчийн илтгэлд дурдсан.


Хуулийн төслийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Байнгын хороо 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулаад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал, Ж.Батжаргал, Г.Тэмүүлэн, Ө.Шижир нар асуулт асууж, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт тайлбар авсан юм. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгийн гаргасан дэгтэй холбоотой саналыг нягтлах шаардлагатай хэмээн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан шийдвэрлэж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг түр хойшлууллаа.



Ингээд Засгийн газраас 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Чуулганы нэгдсэн хуралдаанд хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулав.

Нийтийн өмчийн хууль батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчийн төрөл, хөрөнгийн ангилал, өмчлөх эрх болон өмчийн удирдлага хэрэгжүүлэх субьектын чиг үүрэг, үйл ажиллагааны үндэслэл, журам тодорхой болж, төрийн болон орон нутгийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үр ашиг, үнэлгээг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзжээ.

Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн үр ашигт байдлыг дээшлүүлж, хөрөнгийг бүрэн бүртгэж, өмчлөх эрхийг баталгаажуулснаар төрийн өмч нэрийн дор хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтан хувьдаа шамшигдуулах, зүй бус үйлдэл гаргахаас сэргийлэх, улмаар төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Зардлын тооцооллын хувьд тус хуулийн төслөөр хувь хүн, хуулийн этгээдэд ямар нэгэн нэмэлт үүрэг хүлээлгээгүй тул хуулийн хэрэгжилттэй холбоотой тэдгээрээс нэмэлт зардал шаардахгүй гэж үзжээ. Иймд энэхүү ажлын хүрээнд иргэн, хуулийн этгээдэд үүсэх зардлын тооцоолол хийгдээгүй байна.

Харин төрийн байгууллагад шинээр хүлээлгэсэн зарим чиг үүрэгтэй холбоотойгоор шинээр үүсэх тодорхой зардлыг тогтоож, түүнийг хялбарчлах боломжтой эсэх талаар дүгнэлт хийж, боломжит хувилбарыг санал болгоно үзжээ.


Төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулав. Байнгын хороо 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгааг санал, дүгнэлтэд дурдсан юм. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцээд Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 64.3 хувь дэмжсэн байна. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн 41 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 2 төсөл нэг бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн гэв.


Хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, П.Сайнзориг, О.Номинчимэг, Х.Баасанжаргал, Х.Булгантуяа, Ц.Баатархүү, Б.Энхбаяр нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Цаг үедээ нийцүүлэх зорилгоор хуулийг өөрчлөх шаардлагатай гэсэн үндэслэлтэй санал нэг байгаагаа Н.Наранбаатар гишүүн хэлээд төсөл дэх нутгийн өмчтэй холбоотой зохицуулалтууд нь одоо муу байгаа нөхцөлийг бүр дордуулсан хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Төвлөрлийг сааруулж, орон нутгийн хөгжлийг дэмжин, улс орноо бүсчлэн хөгжүүлэхээр бодлого гаргаж, төлөвлөх хэрнээ хууль, аливаа шийдвэрээрээ орон нутгийн эрх мэдлийг хязгаарлаад байгааг хэллээ. Орон нутгийн удирдлагыг яамнаас томилж, бүх татвар, хураамжийг төр татаад авдаг атлаа төсөвлөхдөө маш багыг хуваарилдаг хэмээн байр сууриа илэрхийлсэн. “Улсын Их Хурал нь Монгол Улсын ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байна” хэмээн төсөлд тусгасан нь анхаарал татахуйц зохицуулалт хэмээн тодорхойлоод, хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн тохиолдолд ажлын хэсэг байгуулж, сайтар нягтлах шаардлагатай гэлээ. Орон нутгийн өмчийн удирдлагын асуудал одоо хүчин төгөлдөр байгаа хуульд бараг зохицуулагдаагүй тул удирдлага, хяналтын асуудал үндсэндээ орхигдсон байгаа хэмээн С.Бямбацогт сайд хэлээд “Энэ төрлийн харилцааг зохицуулахаар төсөлд нарийвчилсан зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, орон нутгийн өмчийн өмчлөгч нь Засаг дарга байхаар, удирдлагыг нь иргэдийн Төлөөлөгчийн Хурал хэрэгжүүлэхээр тусгасан” гэлээ. Мөн гишүүний тодруулсны дагуу ажлын хэсгээс  орон нутаг бие дааж компани байгуулах асуудал хязгаарлагдаагүй хэмээн хариулсан. Төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах үндэслэл журмыг төсөлд нарийвчлан тусгажээ.


Хэлэлцэж буй хуулийн төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг уялдуулан боловсруулсан гэлээ. Энэхүү уялдуулан боловсруулсан хуулийн төсөлд нь нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулах; үндэсний эдийн засгийн ашиг сонирхлыг хангах зорилгоор стратегийн ач холбогдолтой салбарт зайлшгүй үйл ажиллагаа явуулах; тодорхой салбарт зүй ёсны монополь үйл ажиллагаа эрхлэх; үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой батлан хамгаалах, хил хамгаалах, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг дэмжих; хууль болон олон улсын хувийн эрх зүйн гэрээнд заасны дагуу гэсэн 5 үндэслэлээр төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулахаар тусгасан гэв.


Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа П.Сайнзориг гишүүн илэрхийлсэн. Гэхдээ анхаарах зүйлүүд бий гэдгийг тэмдэглээд холбогдох бүх талын төлөөллийг оролцуулан хэлэлцэх, Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, шаардлагатай бол Төрийн байгуулалтын байнгын хороо хамтран хэлэлцэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн. Төслийн зохицуулалт нь төрийн байгууламжийн нэгдмэл байдал, нийтийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах иргэний эрх зүйн суурь асуудлууд, баялагийн өгөөжийг ард түмэн хүртэх эсэхтэй холбоотой байгаль орчны эрх зүй, орон нутгийн эрх хэмжээний талаар гэх мэт олон харилцааны эрх зүйн суурь болох учраас нягт, нямбай хандах ёстой хэмээсэн.

Өмчийн ангилалаа сууриар нь ойлгож, шинэчилж буй төсөлдөө зөвөөр ангилж томьёолох шаардлагатайг О.Номинчимэг гишүүн, хамт өргөн мэдүүлсэн Нийтийн өмчийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4.4 дэх хэсэгт “батлан хамгаалах, зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагаас бусад төрийн байгууллагын дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа амралт, сувиллын газар, спорт, соёлын төв зэрэг чиг үүрэгт нь хамаарахгүй хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх” гэсэн зохицуулалт, үүнтэй холбоотойгоор үүсэх үр дагаварын талаар Х.Баасанжаргал гишүүн хэлж, тодруулга хийсэн. Мөн тэрбээр тухайн төсөл дэх “төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж” гэснийг Нийтийн өмчийн тухай хуульд заасан “төрийн болон орон нутгийн өмчийн нийтийн үйлчилгээний байгууллага” гэж ойлгоно гэсэн заалтад их, дээд сургуулиуд, дотуур байрын асуудлыг яагаад орхигдуулсан болохыг лавлав. Дурдсан дээрх асуудлууд нь хүний эрх, хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой төдийгүй эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн асуудалтай шууд хамааралтай байдгийг онцолсон юм.


Үргэлжлүүлэн хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн эсэх байр сууриа Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал илэрхийлж, индрээс үг хэлэв. Төслийг үзэл баримтлалынх нь хүрээнд хэлэлцэхийг тэрбээр дэмжиж байгаа хэдий ч хэлэлцүүлгийн шатанд ажлын хэсэг байгуулж, маш нухацтай хандах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх санал хураалтыг үдээс хойших чуулганы хуралдаанаар явуулахаар Улсын Их Хурлын дарга товлов.


Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүний энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав.

Сүүлийн жилүүдэд манай улсад иргэд, ялангуяа 18 нас хүрээгүй хүүхэд, залуучууд шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгслүүд, түүний дотор суррон загварын цахилгаан дугуй, цахилгаан скүүтерээр замын хөдөлгөөнд оролцох явдал эрс нэмэгдсэн. Мөн хүн амын хэт төвлөрөл, хотжилт, авто замын түгжрэлээс үүдэлтэйгээр нийслэл Улаанбаатар хотод нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, скүүтер түрээсийн шинэ төрлийн үйлчилгээ бий болж, иргэдийн хэрэглээ нэмэгдэж байгааг хууль санаачлагч илтгэлдээ онцлов.  Үүний улмаас явган зорчигчид төдийгүй дээрх төрлийн цахилгаан хэрэгсэл унаж буй иргэдтэй холбоотой зам тээврийн осол гэмтэлд өртөх, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах явдал эрс нэмэгдэж байгаа гэв. Тодруулбал, сүүлийн 3 жилийн хугацаанд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 985 осол гэмтэл бүртгэгдсэн байна. Насны бүлгээр авч үзэхэд нийт осол гэмтлийн тохиолдлын 39 хувийг 10-19 насны хүүхэд залуус эзэлж байгааг П.Батчимэг гишүүн танилцуулсан.


2024 оны байдлаар манай улсад нийт цахилгаан дугуй, скүүтер, тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч гурван аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн импортолсон цахилгаан дугуй, скүүтерийн тоо 2022 онд 1050, 2023 онд 8157, 2024 онд 16783 болж өссөн, цаашдаа өсөх хандлагатай байгааг дурдаж байв. Иймд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй, суррон, цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулсан юм. П.Батчимэг гишүүн ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар, Г.Лувсанжамц, Н.Алтаншагай, Д.Ганбат нар ажиллажээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2020 онд дэлхий даяар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах асуудлаар холбогдох тогтоол баталж, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирох, гэмтэл бэртлийн тохиолдлыг 2030 он гэхэд 50 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлээд байгааг тэрбээр дурдсан. Энэхүү тогтоолоор замын хөдөлгөөний эмзэг оролцогчид болох явган зорчигч, унадаг дугуйн жолоочийн аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарал хандуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад анхаарал хандуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого арга хэмжээнүүдийг баталж хэрэгжүүлэхийг гишүүн орнуудадаа үүрэг болгосон гэдгийг тэмдэглэв.

Улсын Их Хурлын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг зургаан сарын хугацаанд хуулийн төсөл боловсруулах чиглэлээр холбогдох судалгааг гүйцэтгүүлэх, гадаад орны сайн туршлагыг судлах, мөн Монгол Улсын Засгийн газар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн экспертүүд, иргэд, олон нийт, цахилгаан дугуй, скүүтер нийлүүлэгч, түрээсийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийн саналыг авах зэрэг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу үе шаттай, цогц ажлуудыг хийсэн байна.


Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь гурван зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй дараах зохицуулалтуудыг тусгажээ. “Цахилгаан скүүтер”, ”Цахилгаан дугуй”, ”Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл” гэсэн тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, эдгээр тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн замыг хуульчлах нь зүйтэй хэмээн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. Мөн цахилгаан скүүтер, цахилгаан дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн эрх, үүрэг, жолоочид хориглох зүйлсийг төсөлд тусгасан байна. Цахилгаан скүүтерийн хөдөлгүүрийн хүч чадал, техникийн дээд хурд, тээврийн хэрэгслийн жин, тээврийн хэрэгслийн тоноглол зэргийг агуулсан цахилгаан скүүтерийг ашиглах замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндсэн шаардлагыг шинээр нэмэх нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ”Нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч” нь зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх, мөн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүргийг шинээр тодорхойлжээ.

Хууль зүйн байнгын хороо энэ сарын 07-ны өдрийн хуралдаанаараа төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхэд гишүүдийнх нь олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны Г.Уянгахишиг гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, О.Номинчимэг, Х.Баасанжаргал нар асуулт асууж, хууль санаачлагч болон ажлын хэсгээс хариулт авав. Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн эсэх байр сууриа Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, М.Мандхай нар илэрхийлж, индрээс үг хэллээ.



Тэрбээр Улсын Их Хурлын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан болохоо дурдаад өргөн хүрээний судалгаа, талуудын оролцоог хангасан хэлэлцүүлгийн үр дүнд хуулийн төслийг боловсруулсан гэлээ. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг ирэх чуулганаар байгуулагдаад, сайтар нягталсны дараа батлагдах тохиолдолд ирэх жилээс хэрэгжих тооцооллыг төсөл санаачлагчид хийсэн учир нийт хэрэглэгч, аж ахуйн нэгжүүд, нийслэл, дүүргийн албан хаагчид болон Зам тээврийн цагдаагийн албаныхан анхааралдаа авахыг хүссэн. Үүнтэй уялдуулан Их тойруу дотор явган дугуйн замыг бүрэн болгох, жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд буюу урин дулаан цагаар авто замын I эгнээг зөвхөн автобус бус дугуй болон бичил цахилгаан тээврийн хэрэгслүүд зорчих нөхцөлийг бүрдүүлэх, цахилгаан дугуй, скүүтер, тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч гурван аж ахуйн нэгжүүд их өгөгдөлд суурилсан шинжилгээ хийж, хэрэглэгчдийнхээ голлох маршрутыг тодорхойлж, Хот байгуулалтын газартай хамтран дэд бүтцийг бий болгох төлөвлөгөө гаргаж, үүнийгээ хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгах шаардлагатайг хэлээд холбогдох бэлтгэл хангах талаар саналаа хэлсэн.


Нэгэнт эрчтэй нэвтэрч буй энэ төрлийн хэрэглээг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, холбогдох зохицуулалтуудыг шуурхай хийх шаардлагатай гэдэг байр суурийг М.Мандхай гишүүн илэрхийлээд төсөл дэх зохицуулалтуудыг хэрэгжүүлэхийн тулд хугацаа шаардлагатайг, хурдны хязгаартай холбоотой төслийн зохицуулалтыг мөрдүүлэхийн тулд хэтрүүлсэн тохиолдолд автоматаар унтрах гэх мэт технологийн шийдлүүдийн талаарх санаачилга дутмаг байгааг, батлагдсан тохиолдолд хэрэгжилтэд хяналт тавих, дэд бүтцийн асуудал тодорхой бус байгааг тэмдэглэж байсан.

Ийнхүү Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буй эсэхээ гишүүд илэрхийлж, үг хэлж дууслаа. Холбогдох санал хураалтыг үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар шийдвэрлэснээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл