Цэс

Холбоо барих

ТБХ:Хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэж, Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг сонгохыг дэмжлээ


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.07.08/ хуралдаан 16 цаг 49 минутад гишүүдийн 72.0 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Хуулийн төслийн талаар асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй  тул  Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс гаргасан хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Төслийн талаар   Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал танилцуулав. 

Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн 5 дугаар зорилтод "Эдийн засаг болон нийгмийн үр өгөөж өндөртэй төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан, “Шинэ сэргэлтийн бодлого”-д нийцсэн төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрт Засгийн газрын өрийн баталгаа гаргах замаар дэмжлэг үзүүлэх" гэж заасан. Үүний дагуу “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан “Нэгдүгээр тойрог зам” төслийг санхүүжүүлэх зорилгоор “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2025 онд авах 260.3 сая ам.долларын зээллэгийн 85 хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн.


Сангийн яамны зүгээс Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг судлан, Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох эрсдэлийн үнэлгээг боловсруулсан бөгөөд Үндэсний аудитын газраас хөндлөнгийн аудит хийж, дүгнэлт гаргасан. Эрсдэлийн үнэлгээнд төслийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй, төслийн орлогыг тооцоолохдоо хөдөлгөөний эрчмийг өөдрөгөөр төсөвлөсөн зэрэг шалтгаанаар эрсдэлийн түвшнийг “дундаж” гэж үнэлсэн гэдгийг Тэргүүн шадар сайд танилцуулгадаа онцолсон.

Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гол гудамжуудын түгжрэл дунджаар 20 хувиар буурч, замын хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар өсөх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Үргэлжлүүлэн Үндэсний аудитын газрын улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн геологи, судалгааны ажлын хэрэгжилт, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан аудитын шалгалтад хамрагдсан төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болох бүтэц, зохион байгуулалт, геологийн судалгааны ажлын төлөвлөлт, төсөв, санхүүжилтийн асуудлыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан оновчтой болгох болон геологийн салбарын дунд хугацааны зорилтод хөтөлбөрийг боловсруулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцсэн.

Төсвийн байнгын хорооны 2025 оны 03 дугаар тогтоолоор байгуулагдсан уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал ахалж, Улсын Их Хурлын  Ж.Батжаргал, Ж.Баясгалан, Г.Ганбаатар, Г.Дамдинням нарын бүрэлдэхүүнтэй ажилласан байна.


Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Заяабал энэ талаарх санал, дүгнэлтийг танилцууллаа.

Ажлын хэсэг аудитын шалгалтад хамрагдсан геологийн салбарын төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, хууль эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, геологийн судалгааны ажлын төлөвлөлт, төсөв, санхүүжилтийн асуудал нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой хэрхэн уялдаж байгаа талаарх мэдээлэл, түүнчлэн геологийн салбарын дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай эсэх талаарх мэдээллийг холбогдох төрийн захиргааны төв болон бусад байгууллагуудаас тус тус гаргуулан авч танилцсан гээд ажлын хэсгээс зургаан заалт бүхий Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулан талаар дурдсан.

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. 


Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийг нэр дэвшүүлж буйг танилцуулсан.

Х.Ганхуяг нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр, гурван хүүхэдтэй. 1994 онд нийслэлийн Монгол-Оросын хамтарсан 3 дугаар дунд сургууль,1999 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан, 2014 онд АНУ-ын Харвардын их сургуульд Захирлуудад зориулсан бизнес удирдлага, ерөнхий менежмент, 2015 онд БНСУ-ын Үндэсний академид олон улсын эдийн засаг, 2018 онд Канад Улсын, Бритиш Колумбийн их сургуульд уул уурхайн инженер, тогтвортой хөгжлийн засаглал чиглэлээр тус тус суралцсан. 2003 оноос “Хера” группийг үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга, 2008-2014 онд “Ремикон” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2010-2014 онд Уул уурхайн ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн, 2010 оноос Архангай аймгийн Тариат сумын нутгийн зөвлөлийн дарга, 2013 оноос “CEO” клубийн гишүүн, 2013 оноос ҮРО, Монгол Улс дахь салбар байгууллагын гишүүн, 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын орон тооны бус зөвлөх, 2015-2017 онд МЭЗФ-ын зохион байгуулах комиссын гишүүн, 2017 онд МАН-ын Бага хурлын гишүүн, 2018 оноос Баянгол дүүргийн МАН-ын тэргүүлэгч, 22-р хорооны намын хорооны дарга, 2019 онд ЗхЗ UB клубийн эзэн, Удирдах зөвлөлийн гишүүн 2019-2020 онд ЗГХЭГ-ын даргын орон тооны бус зөвлөх, 2020-оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна гэж байлаа.


Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийг нэр дэвшүүлэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 18 гишүүний 15 нь буюу 83.3 хувь нь дэмжсэн тул Байнгын хороо холбогдох санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл