Цэс

Холбоо барих

НББХ: Залуучуудын хөгжлийг дэмжих асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлт, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны тайланг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.07.08) хуралдаж, Улсын Их Хурлын даргын 2024 оны 81 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлт болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв.

Улсын Их Хурлын даргын 2024 оны 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг ахалж, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг миний бие ахлан, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Н.Алтаншагай, Н.Батсүмбэрэл, Э.Батшугар, Э.Болормаа, Ш.Бямбасүрэн, Г.Лувсанжамц, М.Сарнай, С.Цэнгүүн, Ө.Шижир нарын бүрэлдэхүүнтэй ажилласан байна.

Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус ажлын хэсгийн ахлагч М.Ганхүлэг танилцууллаа. Ажлын хэсэг 2024 оны есдүгээр сараас 2025 оны долдугаар сар хүртэлх хугацаанд нийт дөрвөн удаа, Улсын Их Хурлын Тамгын газрын төслийн удирдлагын нэгж болон дэмжлэг үзүүлэх баг 20 орчим удаа хуралдаж, холбогдох төрийн байгууллага, яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, олон улсын байгууллагын төлөөлөл, залуусын нэгдлийн төлөөлөлтэй хоёр удаа уулзалт хийжээ.

Түүнчлэн ажлын хэсэг "Мэргэжлийн социологичдын холбоо" ТББ-аас 2023 онд хийсэн "Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээ", НҮБ-ын Хүн амын сангаас хийсэн "Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээний тайлан", Үндэсний статистикийн хорооны цахим санд бүртгэлтэй залуучуудын статистик мэдээлэл, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн хийсэн "Гадаадын зарим орны залуучуудын хөгжлийг дэмжих, эрхийг хамгаалах үндэсний хууль тогтоомжуудын мэдээлэл лавлагаа"-ны тайлантай тус тус танилцаж, Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яамны бодлого, үйл ажиллагаа, салбарын хэмжээнд тулгамдсан асуудал, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдлын дүн шинжилгээ, үр дагаврын үнэлгээнд Монгол Улсын Хууль зүйн сургуулийн дэргэдэх Герман, Европын эрх зүйн төвөөс өгсөн дүгнэлт, зөвлөмж, Улсын Их Хурлын Тамгын газрын хийсэн олон улс дахь Залуучуудын хөгжлийн дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй хууль, бодлогын баримт бичгийн харьцуулсан судалгааг тус тус сонссон байна. Мөн Дорнод аймагт ажиллаж, орон нутагт ажиллаж, амьдарч буй 70 орчим залуутай уулзаж, тэдний тулгамдсан асуудлыг сонсон, 25 залуугийн санал хүсэлтийг бүртгэж, орон нутгийн хэмжээнд зохицуулах боломжтой асуудлыг үе шаттайгаар шийдвэрлүүлэхээр Хэрлэн сум болон Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт уламжилжээ.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцахад сан байгуулах хуулийн заалтыг хүчингүй болгосноос санхүүжилтийн эх үүсвэргүй болсон, нийслэл, дүүрэг, аймгуудын Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хэлтэс болон залуучуудын хөгжлийг дэмжих төвд мэргэшсэн үйлчилгээ үзүүлэх тогтвортой, мэргэшсэн хүний нөөц дутмаг, шаардлагатай орчин нөхцөл, барилга байгууламж байхгүй, одоогийн санхүүжилт болон хүний нөөцөөр цаашид ажиллах нь үр дүнгүй, төрийн захиргааны байгууллагуудын уялдаа, чиг үүрэг тодорхойгүй, уялдаа холбоогүй, давхардал, хийдэл, зөрчил ихтэй, үйл ажиллагааг өргөжүүлэх, тогтворжуулах боломжгүй, хууль хоорондын уялдаа холбоо хангалтгүй, залуучуудын хөгжлийг дэмжих төвдүүдэд арга зүйн дэмжлэг сул зэрэг хүндрэлтэй асуудлууд байгаа нь тогтоогджээ. Хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийхэд 34 зүйл, заалтын хэрэгжилт хангалттай, 44 зүйл, заалтынх дундаж, 16 зүйл, заалтын хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэгдсэн байна.

Иймд ажлын хэсэг Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг үр дүнгийн үнэлгээ, тулгамдсан асуудлын талаарх тоон болон чанарын судалгаанд үндэслэн боловсруулж 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны хөтөлбөр, нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн хүрээнд боловсрол, залуу малчид, орон нутгийн залуус, хөдөлмөр эрхлэлт, зүрх сэтгэлийн боловсрол гэсэн таван чиглэлийн санаачилгыг улсын хөгжлийн төлөвлөгөө, төсөвт тусган хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Үүний хүрээнд эх орондоо дэлхийн боловсрол эзэмших нөхцөл бололцоог хангах, сургалтын байгууллагын чадавхыг нэмэгдүүлж, залуучуудыг дижитал ур чадварын сургалтад тэгш хамруулах, уламжлалт нүүдлийн мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, учирч болзошгүй эрсдлийг бууруулан, дасан зохицох чиглэлээр малчин залуусын хөгжил оролцоог нэмэгдүүлж, гэр бүл төлөвлөлтийг дэмжих, бүсийн хөгжлийг дэмжиж, төвлөрлийг сааруулах хүрээнд тэднийг түрээсийн болон хувийн орон сууцад амьдрахад шаардагдах санхүүжилтыг шидвэрлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг 5-7 хувь хүртэл бууруулж, ажил эрхлэлт, бүтээмжийг нэмэгдүүлэх, гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг дэмжих, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийн тодорхой хувийг залуучууд руу чиглүүлэх, залуучуудын бие хүн болж төлөвших болон ёс суртахууны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг санаачилга дэвшүүлж, Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэн холбогдох тогтоолын төслийг боловсруулсан байна.

Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Ганмаа, С.Зулпхар, С.Эрдэнэбат, О.Саранчулуун, Ж.Баярмаа, Байнгын хорооны дарга Л.Энхнасан нар залуучуудыг дэмжих талаарх төрийн бодлого, хууль эрх зүйн зохицуулалтын уялдаа холбоо, цогц байдлыг нэмэгдүүлэх, нөхцөл байдлын судалгаагаар гарсан тулгамдсан асуудлууд, нийгмийн баталгаа, тэр дундаа орон сууцны санхүүжилтийн тооцооллыг хэрхэн хийсэн, залуу гэр бүлүүдийн хүүхдүүдийг асрах яслийг сэргээн ажиллуулах, сэтгэцийн болон сэтгэл зүйн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлуудаар асуулт асууж, хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэбат, О.Саранчулуун, Ж.Баярмаа нар үг хэлж, гадаадад ажиллаж, амьдарч буй залуучуудыг эх оронд нь урьж, мэргэжил, ур чадварыг нь ашиглах хөтөлбөр хэрэгжүүлэх, гарааны бизнесийг дэмжих тусгай сан бий болгох, хөдөө, орон нутгийн залуусын сэтгэлзүй, тогтвор суурьшил, амьдрах нөхцөлийг дэмжиж, тэдний шилжих хөдөлгөөнийг нарийвчлан судалж, орон нутагт нь амьдруулахад дэмжлэг болж буй хүчин зүйлсийг сайжруулах зэрэг олон асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.

Ажлын хэсгийн санал дүгнэлтэд тусгагдсан асуудлууд, Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналыг тусган боловсруулсан Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гиишүүдийн олонх дэмжин баталлаа.

Дараа нь Байнгын хорооны хуралдаанд НДҮЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг тус зөвлөлийн гишүүн Б.Баяраа танилцуулав. 2024 оны жилийн эцсийн байдлаар нийгмийн даатгалын сан (НДС)-гийн орлогоор 5,893.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 5,609.7 тэрбум төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө 95.2 хувьтай биелжээ. Түүнчлэн 719.9 мянган хүний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардалд 5,107.2 тэрбум төгрөг зарцуулж, зардлын биелэлт 98.4 хувьтай гарсан байна.

Тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжих үйл ажиллагаа бодитойгоор хэрэгжиж, даатгуулагчийн нэрийн дансны орлогыг үе шаттай мөнгөжүүлэх, тодорхой хувийг хуримтлалын нэгдсэн санд байршуулах ажлыг эхлүүлээд байгаа талаар НДҮЗ-ийн гишүүн танилцуулж, "Цахим Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллагын цахим системийг бусад байгууллагын дэд системтэй шууд холбосноор шаардлагатай тооцооллуудыг автоматаар хийж, иргэд даатгуулагч, ажил олгогч, харилцагч байгууллагуудад үзүүлж буй нийгмийн даатгалын үйлчилгээний 85.0 хувь нь цахимжсан тухай мэдээллээ. Нийгмийн даатгалын шимтгэл (шимтгэл) төлж буй 1.2 сая даатгуулагч бүр "Миний тэтгэврийн мөнгөн хуримтлал"- тай болж, нийт 215.3 тэрбум төгрөгийн бодит мөнгөн хуримтлал үүсч, даатгуулагчийн нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогыг байршуулах тэтгэврийн нөөц санг үүсгэн, ажил олгогчийн төлөх 1,0 хувь, даатгуулагчийн төлөх 1,0 хувь, нийт 2,0 хувь, мөн сайн дураар даатгуулагчийн тэтгэврийн даатгалын 2,0 хувийн шимтгэлийг хуримтлуулж эхэлсэн байна.

Тэтгэврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 650.0 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 540.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоон, 500.6 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэмэгдүүлж, дундаж тэтгэвэр 785.6 мянган төгрөг болсон байна. Мөн дараалсан долоон жилийн цалин хөлсний дунджаас тэтгэврээ тогтоолгосон нийт 73.1 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг таван жилийн дундаж цалин хөлснөөс нь тооцож, тэтгэврийг нь нэмэгдүүлэн тогтоожээ. 0-3 нас, 18 нас хүртэлх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа сайн дураар даатгуулагч 24.4 мянган эх /эцэг/ болон 51.5 мянган малчны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлд 35.7 тэрбум төгрөгийг улсын төсвөөс тус тус хариуцан төлж, нийгмийн даатгалд хамруулсан бөгөөд өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт бүхий 2226 тэтгэвэр авагчийн тэтгэвэр нэмэгдсэн байна.

Хуулийн дагуу НДҮЗ-ийн үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөгөө, дүгнэлт, зөвлөмж өгөх Мэргэжлийн хороо (МХ), НДС-ийн чөлөөт мөнгөн хөрөнгийн зарцуулалтад хөндлөнгийн, хараат бус хяналт тавих Олон нийтийн хяналтын зөвлөл (ОНХЗ)-ийг байгуулсан байна. Засгийн газрын 2024 оны 14 дүгээр тогтоолоор НДС-ийн чөлөөт мөнгөн үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаатай бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг 300.0 тэрбум төгрөгөөр баталж, Засгийн газрын дотоод үнэт цаасыг 8.5-9.5 хувийн хүүтэйгээр 1-3 жилийн хугацаатайгаар худалдан авч, НДС-ийн мөнгөн хөрөнгийг 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн талаар НДҮЗ-ийн гишүүн Б.Баяраа танилцуулгадаа дурдав.

Капитал, Чингис хаан банкаас нэхэмжилсэн өр төлбөрийг барагдуулах ажлын хэсэг байгуулж, банкны өөрийн болон зээлийн барьцаанд байгаа нуугдмал хөрөнгийг илрүүлэн НДС-д учирсан хохирлыг арилгах, нэхэмжилсэн өр төлбөрийг бүрэн барагдуулахад хамтран ажиллах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт дахин гаргаж, Авлигатай тэмцэх газарт холбогдох нэмэлт материалыг хүргүүлсэн байна. 2024 онд Капитал банкаас 2.4, Чингис хаан банкаас 5.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон авч, борлуулан өр авлагыг барагдуулснаар Капитал банкаас 65.7, Чингис хаан банкаас 95.2 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байгаа ажээ.

НДС-ийн 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд төрийн аудитын байгууллагаас “Хязгаарлалттай” гэсэн дүгнэлт өгсөн байна. Аудитаар тус тайлан, гүйцэтгэлд 322.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрснийг дүгнэлтэд дурдсан байна. Үүний дотор Чингис хаан, Капитал банкны авлагыг барагдуулах ажил удаашралтай, эрсдэлтэй байгааг дурдаж, олон жилийн насжилттай 6.4 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулаагүй байгааг анхааруулжээ.

НДҮЗ-ийн 2024 оны тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэбат, Ж.Баярмаа, Ж.Баясгалан, Ц.Мөнхтуяа, Байнгын хорооны дарга Л.Энхнасан нар нийгмийн даатгалын уян хатан зохицуулалт, бодлогын нэгдмэл байдлыг хангах, эв хамтын тогтолцоог халах, НДС-гийн чөлөөт үлдэгдлийг ил тод, үр ашигтай удирдах, үр ашиггүй байдалд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох, хүлээлгэх, нэрийн дансны хүүг хэрхэн тогтоож байгаа, малчдын даатгалд хамрагдалтыг дэмжих, идэвхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа, шимтгэлийн хувь хэмжээг өөрчлөх талаар нийгэмд тодорхойгүй байдал үүсгэхийн эсрэг НДҮЗ тайлбар хийж, олон нийтийг мэдээллээр хангах, мөн төрийн аудитын байгууллагаас өгсөн “хязгаарлалттай” гэсэн дүгнэлт болон өр, авлагын талаар асууж, шийдвэрлэх арга зам, эх үүсвэр, хугацаа, өр, авлага барагдуулаагүйгээс бий болж буй эрсдэл, авч буй арга хэмжээний талаар асуулт асууж, хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, С.Зулпхар нар үг хэлж, олон нийтэд мэдээ мэдээлэл түгээж, иргэд, даатгуулагчдын итгэлийг алдахгүй байх, олон жилийн наслалттай өр, төлбөрийг шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүдээс санаачилж буй хуулийн төслийн үр дагавараар дутагдаж болзошгүй эх үүсвэрийг хэрхэн нөхөх, олон мянган даатгуулагч, тэтгэвэр авагчдын эрсдлийг дааж байгаа НДС-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарах зэрэг асуудлуудыг хөндөж, улс төрийн шийдвэрээс шалтгаалж бий болсон ачааллууд, түүний шийдлийн талаар нийгэм, олон нийтэд зөв ойлголт өгөх, нийгмийн даатгалын тогтолцооны талаар явуулж байгаа реформууд, тулгарч буй сорилт, шийдлийн талаар НДҮЗ-ийн гишүүд байнга ярьж, сануулж байх, салбарын хууль тогтоомжийг шинэчлэх, өөрчлөх асуудалд идэвхтэй оролцож ажиллах үүрэгтэйг анхаарууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл