Цэс

Холбоо барих

“Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталж, зарим Байнгын хороодын дарга нарыг сонголоо


Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.07.08/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн О.Алтангэрэл уншиж дуулгав.

Байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан 1 санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг танилцуулгадаа дурдсан.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Мөнхтулга, Улсын хэмжээнд жилдээ гарч буй зам тээврийн ослын 28 мянган даатгалын тохиолдолд бүртгэгддэг гэсэн статистик байна. Үүний  40 хувь нь араас мөргөх, эгнээ байр буруу эзэлсэн гэсэн маргах шаардлагагүй тохиолдол гэж бүртгэгджээ. Ийм тохиолдлыг шийдэхийн тулд цагдаа ирж тодорхойлолт гаргах, даатгалын шуурхай алба ирж баталгаажуулах гээд цаг алддаг. Гэтэл зөрчил гаргасан машины урт түгжрэл бий болдог. Энэ асуудлыг цахим аргаар шийднэ гэж хуулийн төсөлд тусгасан байна. Цахим аргаар шийдэх дэд бүтэц нь бий болсон уу гээд, энэ ажлыг төр хийх үү, хувийн хэвшил хийх үү хэмээн тодруулав.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат, Жолоочийн даатгалын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлт нь тухайн осолд холбогдсон хоёр жолооч ямар нэгэн маргаангүй байвал даатгалын маягт бөглөөд даатгалынхаа компани руу илгээн асуудлаа шийдвэрлүүлэх зохицуулалт юм. Гэхдээ ослын улмаас хэн нэгний эрүүл мэнд, амь нас хохироогүй байвал энэ зохицуулалт үйлчилнэ. Хоёр жолооч маргаан үүсгэсэн бол даатгалын ажилтан, цагдаа дуудах зохицуулалт нь хэвээр байгаа. Осол гаргасан хоёр тээврийн хэрэгслийн жолооч ослыг баримтжуулаад гэрээ хийсэн даатгалын компанид илгээнэ. Даатгалын компани шалгаж үзээд, тухайн гаргасан зөрчил нь ямар нэгэн эргэлзээ төрүүлсэн тохиолдолд ойр орчмынх нь хяналтын камераар баталгаажуулах эрхтэй болж байгаа гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, Гэр хорооллын хөгжлийн сан ямар статустайгаар үйл ажиллагаагаа явуулахыг тодруулсан. Тус сан нь Нийслэлийн орон сууцын корпорацын дэргэд үйл ажиллагаа явуулах уу, нийслэлийн Засаг даргын шууд удирдлагад байх уу,  бие дааж үйл ажиллагаагаа явуулах уу гээд, сангийн хөрөнгө бүрдүүлэлт, зарцуулалтын ил тод, нээлттэй байдлыг хэрхэн хангах талаар лавласан юм.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Сан бие даасан хэлбэрээр үйл ажиллагаа явуулна. Сангийн хөрөнгө бүрдүүлэлт, зарцуулалтын мэдээлэл нээлттэй, ил тод буюу шилэн данс хөтөлнө. Жил бүр тайлангаа нийслэлийн ИТХ-д танилцуулна. Энэ санг яаран байгуулах гээд буйн шалтгааныг энд тодруулж хэлье. Өнгөрсөн жилүүдэд олон улсын хөгжлийн сангууд болон гадны хөнгөлөлттэй зээл тусламжаар орон сууцын хорооллууд Улаанбаатар хотод баригдаад эхнээсээ ашиглалтад орох гэж байна. Тухайлбал, Баянхошуу, Шар хаданд 800 гаруй айлын орон сууцын хорооллын ажлын гүйцэтгэл 98 хувьтай байна. Баянголын аманд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 2008 айлын орон сууц, Баянбүрдийн орчим 1008 айлын орон сууцууд баригдаж байна. Хөрөнгө оруулалтын ихэнх нь урт хугацаатай хөгжлийн зээл учраас эргэн төлөгдөх шаардлагатай. Тийм учраас орон сууцыг худалдан борлуулж, орлогоор нь дэд бүтэц татсан гэр хорооллын газруудыг чөлөөлөхөд зориулахаар төлөвлөсөн. Чөлөөлсөн газруудаа барилгын компаниудад шилжүүлж, барилгын компаниуд тэрхүү газар дээр барилга бариад борлуулсан орлогын тодорхой хувийг газар чөлөөлөлтийн санд эргэж төвлөрүүлэх юм. Ийм байдлаар сангийн хөрөнгө эргэж нөхөгдөж явна. Нийслэл Улаанбаатар хот өнгөрсөн жил гаруйн хугацаанд 2 санг амжилттай ажиллуулж байна. Нийтийн тээврийг хөгжүүлэх сан огт ажилладаггүй байсан бол одоо 40 гаруй тэрбум төгрөгийн эргэлт хийгээд байна. Мөн Хот тохижилтын тоног төхөөрөмжийн сан байгуулсан. Өөрөөр хэлбэл, портер машины ачаан дээрээс хүрзээр давс цацдагийг халж тоног төхөөрөмжүүдийг хувийн сектор, орон нутгийн өмчит байгууллагуудад авч өгсөн. Эргэн төлөлтийг нь тухайн санд төвлөрүүлэх замаар ашигтай ажиллаж байгаа гэсэн хариулт өгөв.

Гишүүд асууж, хариулт авсаны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.  

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн явуулав. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг үдээс өмнөх хуралдаанаар эхлүүлсэн бөгөөд УИХ-ын гурван гишүүн асуулт асууж, хариулт авсан юм. Үдээс хойших хуралдаанаар хийсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Энэхүү хэлэлцүүлгийн дараа Төсвийн байнгын хороо хуралдаж хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар уншиж дуулгасны дараа Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Мөн хуралдаанаар Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явууллаа.

Дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбоотой хэлэлцүүлэг үдээс өмнөх хуралдаанаар болж, УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ.

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлав

Мөн хуралдаанаар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд ирүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг Улсын Их Хурлын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаан даргалагчаас Хүний эрхийн Үндэсний Комиссоос дэвшүүлсэн зургаан бүлэг саналыг Байнгын хороодоор хэлэлцүүлж, холбогдох тогтоол, шийдвэрийг боловсруулж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхийг Хууль зүйн байнгын хороонд үүрэг болгосны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Ёс зүй, дэгийн байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд уг илтгэлийг хэлэлцэж холбогдох санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн байна.

Хууль зүйн байнгын хороо 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний 2024 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж, бусад Байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсныг Хууль зүйн байнгын хороо 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Тус байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр танилцуулсан юм.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар шүүхийн ил тод байдлын чиглэлээр гаргасан зөвлөмжүүд шат шатандаа хэрхэн хэрэгжиж байгаа талаар, Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан тодорхой зөвлөмжүүдээс хэрэгжээгүй, анхааралд өртөөгүй байгаа асуудал байгаа эсэх талаар, УИХ-ын гишүүн О.Номинчимэг сонгуулийн санхүүжилтийн ил тод байдал, зардлыг бууруулах, тэгш өрсөлдөөнийг хангах зорилгоор гарсан зөвлөмж болон Цэцийн дүгнэлтүүдийг хэрэгжүүлэх, мөн тойргийн сонгогчдын тооны харьцааг тэнцвэржүүлэх зэрэг асуудлуудад улс төрийн намууд манлайлан Улсын Их Хурлын түвшинд шийдвэрлэх нь зохимжтой бөгөөд эдгээр асуудлуудыг Засгийн газарт даалгах нь хэр зохистой талаар, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал тогтоолын төсөл дэх бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийг хамгаалах талаарх асуудлыг Гэр бүл, хүүхдийн шүүх байгуулахтай холбогдуулан уялдаа холбоог хангаж, салбар дундын зохицуулалтыг тогтоолд тусгах, тодорхой чиг үүргээр даалгах боломжтой эсэх талаар тус тус асуулт асууж, хариулт авсан гэлээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, С.Эрдэнэболд нар асуулт асууж үг хэлсэн. Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

“Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдлаа

Дараа нь “Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 173 дугаар захирамжаар “Төрийн үйлчилгээг хүн төвтэй болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг нэгдсэн арга зүйгээр хангах, санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажилласан бөгөөд ажлын хэсгээс “Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцсэн гэдгийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцуулсан.

Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Зулпхар процессын дахин инженерчлэл хийх явцад өмнө хэрэглэж байсан чиг үүргийн шинжилгээ болон ажлын байрны шинжилгээний аргачлалууд ашиглагдаж байгаа эсэх, өмнөх аргачлалуудтай харьцуулахад ямар давуу тал, онцлогтой талаар болон мэргэшсэн хүний нөөцийг хэрхэн бэлтгэх, зохион байгуулах талаар, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар процессын дахин инженерчлэлийн хүрээнд хүний нөөцийн бодлого, чиг үүргийн шинэ зохион байгуулалт хамрагдах эсэх, зөвхөн үйл ажиллагааны түвшинд хийгдэж байгаа эсэхийг тодруулаад төрийн өмчит компаниудын бүтцийг оновчлох, заримыг нь нээлттэй болгох, хувьчлах зэрэг бодлого тусгагдсан эсэх талаар асуулт асууж, хариулт авсан.

Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Зулпхар төрийн үйлчилгээний үр ашиг, хүнд суртлыг бууруулах, цахим шилжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэх чухал арга хэмжээ бөгөөд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг бүтцийн түвшинд нарийвчлан шинжилж, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг хялбар, ойлгомжтой болгох мөн төрийн байгууллагуудын чиг үүргийн онцлогийг харгалзан, арга зүй, хүний нөөц, сургалтын зохион байгуулалт зэрэгт үндэсний болон орон нутгийн түвшинд уялдаа холбоотойгоор хэрэгжүүлэх талаар, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир төрийн бүтцийн оновчлол, орон тооны цомхотголыг нарийвчилсан судалгаанд үндэслэн хийхэд ач холбогдолтой бөгөөд төрийн байгууллагууд ижил хандлагаар цомхотгол хийх гэж байгаа нь бодит ачаалал, хүний нөөцийн хэрэгцээг харгалзаагүй, үндэслэл багатай байж болзошгүйг анхааруулаад процессын дахин инженерчлэлийн хүрээнд шинжилж, илүү нарийвчилсан, бодитой шийдэлд хүрэх талаар үг хэлсэн гэлээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асууж, үг хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Процессын дахин инженерчлэлийн асуудлаа эхлээд хэлэлцээд, дараа нь орон тооны цомхотголын асуудлыг ярьсан бол зөв дараалалтай болох байлаа. Манай улсын цахим үндэстэн болох ажил амжилттай эхэлж байна. Цаасан байсан тодорхойлолт, мэдээллийг цахимаар авдаг болж, хэмнэлт гарч байна. Цаашдаа цахим үндэстэн болох ажил инженерчлэлтэй салшгүй холбоотой. Гэхдээ амьдрал дээр бэрхшээлүүд тохиолдсоор байна. Баялаг бүтээгчид төрийн худалдан авалт, бүтээн байгуулалтын ажлаа 20-30 хувь гүйцэтгэчихээд мөнгөө авахын тулд 20 гаруй хүний гарын үсгийг цуглуулж байна. Хэн нэг албан тушаалтан нь ээлжийн амралттай, томилолтоор явсан гэх мэт шалтгаанаар өчнөөн сар хүлээх нь бий. Тогтоолын төсөлд бидний байнга ярьдаг хүнд суртал, орон тооны хэтрэлт, чиг үүргийн давхардлын асуудлуудыг тодорхой болох асуудлыг тусгасан гэж харж байгаа учир дэмжиж байна хэмээлээ.

Эцэст нь тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, тогтоол эцэлэн батлагдлаа.

“Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

Мөн хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулж, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт заасны дагуу Байнгын хороогоор дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэмээв.

Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийг дахин хэлэлцээд, тогтоолын төсөлд дараах өөрчлөлтийг нэмж тусгажээ. Үүнд:

1.Банкны системийн тухайн хугацааны дундаж хүүгээс өндөр хүүтэйгээр тооцож байгаа хугацаатай хадгаламж нь банкуудын эх үүсвэрийн өртөг, зээлийн хүүг тогтооход хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийж, танилцуулах;

2.Банкнаас эрсдэл багатай зээлдэгчид олгох зээлийн хүүгийн мэдээллийг ил тод, нээлттэй зарладаг байх асуудлыг холбогдох журамд тусгах;

3.Банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанд тулгуурлан тооцох өнөөгийн журмыг зээлжих чадварын зэрэглэлийг харгалзаж боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулж, танилцуулахыг тус тус холбогдох албан тушаалтанд даалгах асуудлыг тусгажээ.

Мөн дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэх асуудлыг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгахын зэрэгцээ санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд даалгах нь зүйтэй гэж үзсэн байна. 

Ийнхүү боловсруулсан төслийн эцсийн хувилбарыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд зээлийн хүү,тэр дундаа тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг хөндөн энэ чиглэлээр  ямар алхам хийснийг Монголбанкнаас тодруулсан.

Монголбанкны Банк, санхүүгийн эрх зүйн хэлтсийн захирал Ө.Мөнх-Ундрага, Тэтгэврийн зээлтэй холбоотойгоор нийгмийн даатгалын сангийн банкуудад байршиж буй чөлөөт үлдэгдлүүдтэй уялдуулан эх үүсвэрийн зардлыг бууруулах бололцоо бий эсэхэд холбогдох бодлогын яамдтай яриа хэлэлцээг хийж байна гэсэн хариулт өгсөн.

Ингээд “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, тогтоолын төслийг эцэслэн батлав.

Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг сонгож, Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг улираан сонгов

Дараа нь Зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.

Төсвийн байнгын хороо 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хуралдан тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг сонгохыг дэмжсэн бол Хууль зүйн байнгын хороо 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг улираан сонгохоор санал нэгджээ.

Нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг сонгох, Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг улираан сонгохыг дэмжин, Байнгын хорооны даргыг томилж чөлөөлөх тухай, Байнгын хорооны даргыг улираан сонгох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл