Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан өнөөдрийн /2025.07.08/ хуралдаанаар Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд хийгдэж байгаа ажлын талаарх Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонслоо.
Хуралдааныг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен даргалсан.
Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд хийж буй ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү танилцуулав. Тэрбээр мэдээлэлдээ, Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт нэгэнт бодит аюул болж, ган, зуд, цөлжилт болон үүнийг дагасан хуурайшилт, ой, хээрийн түймэр зэрэг гамшиг илүү олон давтагдаж, удаан үргэлжлэн хүн амын тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын эмзэг байдлыг нэмэгдүүлж байна. Түүнчлэн эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, дэд бүтэц хуучирсан, чадлын дутагдалтай байдал нь хот суурин газруудын эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байгааг дурдлаа. Мөн сүүлийн 15-20 жилд ган зудын давтамж ойртож, үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл нь нэмэгдсээр байгааг онцлоод Монгол орны бэлчээрийн ургамлын ургалтын байдал 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 3 хувьд муу, 61 хувьд хэвийн, 36 хувьд дунд зэргийн ургацтай. Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн зарим нутгаар, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь аймаг, төвийн ганц зарим сумдаар бэлчээрийн ургац муу байна. Энэ үнэлгээ ойрын өдрүүдэд шинэчлэгдэх бөгөөд хэт халалтын улмаас гантай нутаг дэвсгэрийн хэмжээ нэмэгдэх магадлалтай байна гэв.
Түүнчлэн Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс сансрын мэдээлэлд суурилан боловсруулсан гангийн үнэлгээнээс үзэхэд, нийт нутаг дэвсгэрийн 0.2 хувь нь маш хүчтэй гантай, 0.9 хувь нь хүчтэй гантай, 4.2 хувь нь гантай, 11.3 хувь нь гандуу байна гэсэн тоон мэдээллийг танилцуулсан.
Олон улс, бүс нутагт үүссэн хямралт нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, зуншлагын төлөв байдал зэргээс хамаарч ирэх 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг эртнээс хангах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч, ажиллаж байна. Энэ чиглэлээр Улсын онцгой комиссын 2 дугаар хуралдааныг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулж, салбарын сайд, аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдох үүрэг чиглэлийг өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байгааг Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга мэдээлэлдээ дурдсан.
Үргэлжлүүлэн Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийн талаарх мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.
Тэрбээр, салбарын яам нь холбогдох бусад мэргэжлийн байгууллагаас бэлтгэсэн бэлчээрийн ургамлын ургац, гангийн зураглал, хур тунадас, агаарын температурын 7 хоногийн болон сарын төлөвт суурилсан хөдөө аж ахуйн салбарын технологит арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байгааг тодотголоо.
Бэлчээрийн ургамлын ургацын байдал 36 хувьд нь дунд зэргийн ургацтай, 61 хувь нь хэвийн, 3 хувьд нь муу гангийн байдалтай байна гээд ирэх найм дугаар сарын 20-ны өдөр гэхэд ургац, гангийн зураглалыг гаргаж дуусна. Үүнд суурилаад мал аж аухйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, хэрэгжүүлэх арга хэмжээ, онцгойлон анхаарах бүс нутгийг тогтоож, төсөв хөрөнгө, зохион байгуулалтын арга хэмжээгээ авч эхэлнэ гэв. Холбогдох мэдээллийг доорх зурагнаас харна уу.
2024 оны жилийн эцсээр 57.6 сая толгой мал тоологдлоо. 2025 онд 20.8 сая төл бойжиж, нийт 77 сая 680 мянган толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 110 сая мал Монгол Улсын хэмжээнд бэлчээрлэж байна. 2025 онд 7 сая малыг дотооддоо хэрэгцээлэхийн зэрэгцээ зах зээлд 20 сая толгой малыг худалдаалж, экспортлох боломж байна. Нийт хонин толгойд шилжүүлснээр 83 сая мал өвөлжиж, хаваржихаар тооцож, бэлтгэж хангах шаардлага үүсэж буйг Ж.Энхбаяр сайд мэдээлэлдээ дурдаад цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцуулав.
Дараа нь Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаашид анхаарах асуудлын талаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ерөн-Өлзий танилцуулсан.
Өвлийн их ачааллын үед төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1655.6 МВт хүрч, өмнөх оны өвлийн оргил ачааллаас 1.2 хувь буюу 19.6 МВт-аар өссөн. 2025-2026 оны төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал нь 8.7 хувь буюу 144 МВт-аар нэмэгдэж, 1800 МВт хүрэх таацтай байгааг дурдаад дулааны цахилгаан станцуудын тоноглолын насжилт 32-65 жил, цахилгаан дамжуулах, түгээх шугамын насжилт 32-62 жил болж байгаа бөгөөд нийт ашиглалтын хугацаа өндөртэй тоног төхөөрөмжийн эзлэх хувь, хэмжээ 40 орчим хувийг бүрдүүлж байна гэлээ.
Мөн Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн эх үүсвэрийн чадлын дутагдлаас шалтгаалан өвлийн их ачааллын үед дулааны цахилгаан станцуудын уурын генератор, турбин генератор, дулааны сүлжээний халаагч зэрэг үндсэн тоног төхөөрөмж бүрэн ачааллаар бэлтгэл нөөцгүйгээр ажиллаж байгааг мэдээлэлдээ онцолсон бөгөөд эрчим хүчний салбарын 2024 оны алдагдал 231 тэрбум төгрөг хүрч, өмнөх оныхоос оноос 2.3 дахин нэмэгдсэн. Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрийн дагуу эрчим хүчний тарифыг нэмэгдүүлснээр 546 тэрбум төгрөгөөр борлуулалтын орлого нэмэгдэж салбарын алдагдлыг бууруулсан гэлээ.
Эрчим хүчний салбарын нийт 46 компаниудын хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үндсэн болон туслах тоноглолын их засвар болон техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явц 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар дунджаар 36.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт 1781 нэр төрлийн ажилд 407.1 тэрбум төгрөг, үүнээс их засварт 761 нэр төрлийн ажилд 150.6 тэрбум төгрөг, техник зохион байгуулалтын арга хэмжээний 431 нэр төрлийн ажилд 101.9 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын 589 нэр төрлийн ажилд 154.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн гэдгийг мэдээлэлд дурдсан байв.
Хуралдаан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын “Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах талаар” мэдээллээр үргэлжилсэн.
Нийслэлийн харьяа 22 байгууллага, есөн дүүрэг бүхэлдээ 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийтдээ 750 ажил хийж хэрэгжүүлэхээс 7 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 40.6 хувьтай байгаа бөгөөд тухайлбал, дулаан хангамжийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 46, цахилгаан хангамжийн бэлтгэл 28.9, ус хангамж, ариутгах татуургын ажил нийтдээ 35 хувийн гүйцэтгэлтэй. Урсгал засварын ажлын тухайд 3387 шугам тоноглол, аянгын улирлын өмнөх бэлтгэл ажлаар 35квт-ын 21 дэд станц, 400км агаарын шугам, 6-10квт-ын 271 дэд станц,1765км цахилгаан дамжуулах агаарын шугам засвар, шинэчлэлийн ажил 76.7 хувийн гүйцэтгэлтэй байгааг мэдээлэлд дурдсан байлаа.
Мөн Улаанбаатар хотын оршин суугчдыг ундны цэвэр усаар хангах, бохирын усыг татан зайлуулах ажлын хүрээнд нийтдээ 27 нэр төрлийн ажил төлөвлөснөөс биелэлт 35 хувьтай байгааг дурдахын зэрэгцээ Улаанбаатар хот ус хангамжийн төв нэг эх үүсвэртэй байсан бол ирэх 08 дугаар сараас эхлэн баруун эх үүсвэр ашиглалтад орно. Баруун эх үүсвэр хоногт 180 мянган тонн куб метр ус нийлүүлэх чадалтай гэж байлаа.
Түүнчлэн мэдээлэлд, Орон сууц, нийтийн аж ахуйн хорооллын доторх шугам сүлжээний шинэчлэлийн ажил 34.2 хувь, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын төлөвлөсөн ажлын гүйцэтгэл 34.2 хувь, хувийн хэвшлийн орон сууцын конторуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 32 хувьтай байгааг дурдсан байв.
Мөн нийслэлийн үерийн хамгаалалт, барилга байгууламжийн ашиглалт, хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд 218км авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээний ажлын гүйцэтгэлд 40 хувь, борооны болон хөрсний ус зайлуулах насос станцын ашиглалт засвар, шинэчлэлийн ажил 40.5 хувь, шугам сүлжээний 75 худгийн нөхөн сэргээлт 80 хувь, барилга байгууламжийн лаг цэвэрлэгээний ажил 40 хувь, далангийн засвар, шинэчлэлийн ажил 100 хувьд хүрсэн хэмээн мэдээлэлд дурджээ.
Түүнчлэн авто зам засвар шинэчлэлийн ажил 60 хувь, нийслэлийн зам талбайн цэвэрлэгээ арчилгаанд нийтдээ 240 ширхэг тусгай зориулалтын автомашиныг авч, парк шинэчлэлт хийснээр ирэх өвөл авто зам дээр гар аргаар давс, бодис цацах, цэвэрлэх ажлуудыг хийхгүй гэдгийг Х.Нямбаатар дарга онцолж байлаа.
Боловсролын байгууллага, эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд, нийтдээ боловсролын салбарт 139 төсөл хэрэгжиж байгаагаас 2025 оны оны эхний хагас жилийн байдлаар 4 сургууль, 5 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орсон байна. Нийслэлийн хэмжээнд 2025 онд 177 барилгын их засварт 27.1 тэрбум төгрөг батлагдаж, засварын ажил үргэлжилж байна. Эрүүл мэндийн салбарт өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 92 арга хэмжээ хийх төлөвлөснөөс 7 сарын 5-ны өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 36 хувьтай байна гэж байлаа.
Мөн тэрбээр Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу 2025-2026 оны өвөлжилтийн хүрээнд Сүхбаатар, Чингэлтэй Баянгол дүүргийн нийтдээ 5 мянган өрхийг хийн халаагуурын системд шилжүүлэхээр төлөвлөгөө гарган, бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байгааг дурдахын зэрэгцээ хагас коксжсон түлшний талаар гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Ц.Идэрбат С.Ганбаатар, Г.Ганбаатар, Д.Энхтуяа, М.Мандхай, С.Цэнгүүн, Д.Жаргалсайхан, Б.Уянга нар асуулт асууж, үг хэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.