Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.07.09) хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай болон Дэд хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан даргалан явууллаа.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан танилцуулав. Нэр дэвшигч, Улсын Их Хурлын гишүүн Бадрахын Найдалаа эдийн засагч, санхүүч мэргэжилтэй, 2024 оны Япон Улсын Кобегийн Их сургуульд хөгжлийн эдийн засгийн сэдвээр эдийн засгийн ухааны магистр зэрэг хамгаалсан тухай тэрбээр дурдаад, 1997-2000 онд өөрийн төгссөн Санхүү, эдийн засгийн дээд сургууль (СЭЗДС)-д багш, 2004-2008 онд Анод болон Хаан банканд Эрсдэлийн удирдлагын газрын захирал, 2008-2011 онд MCS ХХК, Юнител ХХК-ийн газрын захирал, 2011-2020 онд Монголын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал, Монголын банкны холбооны ерөнхий нарийн бичгийн даргын ажил эрхэлж байгаад 2016-2024 онд ХҮН-ын дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, 2024 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь ХҮН-ын зөвлөлийн даргаар ажиллаж байгааг танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүдээс нэр дэвшигчийн тухай танилцуулгатай холбогдуулан асуулт, санал гараагүй тул санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд ажиллах Боловсрол, шинжлэх ухааны болон Соёл, спорт, залуучуудын дэд хороодын бүрэлдэхүүнийг батлах асуудлыг дараа нь хэлэлцлээ. Дэд хороодын бүрэлдэхүүнийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа танилцуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Дэд хороодод давхар ажиллах эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир асуухад боломжгүй гэсэн хариултыг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа өгөв.
Дэд хороодын бүрэлдэхүүнийг батлах талаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.