Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.07.09) хуралдаан 12 цаг 12 минутад гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, Дэд хороодын бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалсан юм.
Улсын Их Хурлын 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан бөгөөд энэ дагуу Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүн дэх дэд хороодыг өөрчлөн байгуулж байгаа юм. Энэ хүрээнд Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнд Аялал жуулчлалын хөгжлийн; Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн; Инновац, цахим бодлогын хөгжлийн; Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог байгуулж, өнөөдрийн хуралдаанаар Дэд хороодын бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд холбогдох танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Н.Батсүмбэрэл, Ш.Бямбасүрэн, Г.Лувсанжамц, Э.Одбаяр, Б.Тулга, М.Энхцэцэг нар ажиллах юм байна.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжлийн бодлогын асуудлыг дагнан эрхэлж, энэ хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороог Ж.Алдаржавхлан, Ц.Баатархүү, М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, П.Батчимэг, Ж.Ганбаатар, Р.Сэддорж нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулах аж.
Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо нь өндөр технологи, үндэсний инновацыг дэмжих, хөгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, цахим хөгжлийн бодлогын асуудлыг дагнан эрхэлж, энэ хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй. Тус дэд хорооны бүрэлдэхүүнд Ч.Анар, Ц.Баатархүү, Р.Батболд, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, П.Ганзориг, Б.Жаргалан, Л.Соронзонболд, Б.Тулга нарын Улсын Их Хурлын 9 гишүүн ажиллана хэмээн Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцууллаа.
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг дагнан эрхэлж, энэ хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй юм. Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Найдалаа, Б.Пунсалмаа, А.Ундраа, Б.Уянга, С.Цэнгүүн нарын 8 гишүүн ажиллахаар төсөлд тусгажээ.
Хэлэлцэж буй асуудал болон дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, М.Мандхай, Б.Тулга нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Аялал жуулчлалын хөгжлийн; Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн; Инновац, цахим бодлогын хөгжлийн; Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороодын бүрэлдэхүүнийг хуралдаанд оролцсон 20 гишүүний 13 буюу 65 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.