Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.07.09) хуралдаан гишүүдийн 64 хувийн ирцтэйгээр 13 цаг 01 минутад эхэлж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.7 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороодоос бусад дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох бөгөөд дэд хорооны бүрэлдэхүүн нь тухайн Байнгын хорооны гишүүдийн хоёрны нэгээс илүүгүй байна” хэмээн заасан байдгийг Д.Цогтбаатар гишүүн хуралдааны эхэнд дурдаад Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, бусад Байнгын хороодын саналыг үндэслэн Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнийг тогтсон хэмээлээ.
Хуралдаанд холбогдох танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа танилцуулав. Хууль зүйн байнгын хорооны харьяа Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, Б.Энхбаяр, О.Номинчимэг, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд нар ажиллах юм байна.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд даргын дээрх танилцуулга, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа тодруулга хийж, санал гаргасныг хэлэлцээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, Б.Баярбаатар нарыг дэд хорооны бүрэлдэхүүнд нэмэхээр боллоо. Улсын Их Хурлын дээрх 12 гишүүнийг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд батлахыг дэмжих санал хураалт явуулахад гишүүд 87.5 хувийн саналаар дэмжсэн. Иймд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Хууль зүйн байнгын хорооны харьяа Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын бодлогын асуудлыг дагнан эрхэлж, энэ хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.