Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд нийт 10 удаа хуралдсаны хоёрыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран явуулсан байна. Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны хуралдаанаар нийт 31 асуудал хэлэлцсэний дотор хуулийн нэг, Улсын Их Хурлын тогтоолын хоёр, Байнгын хорооны тогтоолын 13 төсөл, эрхлэх асуудлын хүрээний салбар, яам, агентлаг, харьяа байгууллагын 16 тайлан, мэдээллийг сонсож, хэлэлцжээ. Мөн хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд гурван санал, дүгнэлт бэлтгэж ажилласан байна.
Эрхлэх асуудлынхаа хүрээнд Байнгын хороо хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах дөрвөн ажлын хэсэг байгуулсан нь үйлдвэрлэлийн ус, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйл, мега төслүүдийн хэрэгжилт болон хил орчмын худалдаа, хамтын ажиллагаа, бүс нутгийн аж үйлдвэржилттэй холбоотой байна. Ажлын хэсгүүдийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, С.Замира, Д.Үүрийнтуяа, С.Ганбаатар нар ахлан ажиллаж байна. Байнгын хорооны хуралдаанаар эдгээр асуудлын талаар холбогдох байгууллага, албан тушаалтны мэдээллийг сонсож хэлэлцсэний дээр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл, “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэр байгуулах төсөл, “Онтрэ” ХХК-ийн ашиглалтын лиценз зэрэг олон асуудлаар мэдээлэл сонсож хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргаж ажилласан байна.
Мөн Байнгын хороо “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”, Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бор тээг”-ийн нүүрс баяжуулах үйлдвэрүүд, “Тавантолгой төмөр зам” ХК-ийн үйл ажиллагааны асуудлыг шалган судлах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулан ажиллуулжээ.
Байнгын хорооны ажлын хэсгүүд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудад “Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль тогтоомжийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага” сэдвээр цуврал хэлэлцүүлэг, Инновац, цахим бодлогын байнгын хороотой хамтран ”Хаягдал үнсний ашиглалт, байгаль орчны нөлөөллийн талаар салбар дундын асуудал” сэдэвт уулзалт-хэлэлцүүлэг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, “Эрдэнэс ҮТП” ХХК-тай хамтран “Үйлдвэрлэл, технологийн парк-2025” сэдэвт хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан бөгөөд эдгээрт холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн болон мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг нээлттэй оролцуулсан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.