Цэс

Холбоо барих

НББХ: Нийтдээ 15 удаа хуралдаж, 29 асуудал хэлэлцэн, гурван удаагийн сонсгол явуулжээ

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороо нийт 15 удаа хуралдаж, 29 асуудал хэлэлцсэний дотор хуулийн 14, Улсын Их Хурлын тогтоолын дөрөв, Байнгын хорооны тогтоолын найман төсөл, эрхлэх асуудлын хүрээний салбар, яам, агентлаг, харьяа байгууллагын 14 тайлан, мэдээллийг сонсож, хэлэлцжээ. Өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд найман санал, дүгнэлт бэлтгэн хүргүүлж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 19 санал боловсруулсан байна. Эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах Улсын Их Хурлын дөрвөн тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, хууль, тогтоолын төслийн анхны болон хэлэлцэх эсэх тухай тус бүр хэлэлцүүлгийг явуулсан байна.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан гурван ажлын хэсэг ажилласан бол Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулж, ажиллуулжээ.

Хяналт, шалгалтын чиг үүргийнхээ хүрээнд тус Байнгын хороо Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаарх асуултын, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн нараас эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан асуулгын хариуг тус тус хэлэлцэж, Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг сонссон байна. Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн нийт гурван удаагийн сонсголыг хуулийн дагуу ил тод, нээлттэй зохион байгуулсан байна.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Улсын Их Хурлын даргын хамт Хэнтий, Архангай, Дундговь аймгуудад ажиллаж, Дорноговь аймагт Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар чуулганд оролцон, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Олон Улсын Парламентын Холбоо болон бусад олон улсын байгууллагатай хамтран “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтын “Хүүхэд гэр бүлийн бодлого” салбар хуралдааныг зохион байгуулж, Хүний эрхийн механизмуудад парламентын оролцоог бэхжүүлэх асуудлаарх уулзалт-хэлэлцүүлэгт илтгэл хэлэлцүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах бодлого, түүний хэрэгжилт, хүүхэд болон хүн амын хоол тэжээл, өндөр насны тэтгэвэр, тэтгэврийн зээлийн асуудлуудаар хоёр талын болон олон талын уулзалтуудыг зохион байгуулсан нь үр дүнтэй болжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл