Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.07.09/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 9 гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар танилцуулсан.
Хууль зүйн байнгын хороо 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн гэдгийг Дав.Цогтбаатар гишүүн дурдсан. Байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасны дагуу хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн тул төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан хийв.
Тус танилцуулгад төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсан. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засвар хийснийг дурдсан байлаа.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Мөн өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангаас 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Р.Батболд, О.Батнайрамдал, Ч.Лодойсамбуу, П.Сайнзориг, А.Ундраа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсныг дурдаад Ажлын хэсэг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хуралдсан бөгөөд хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж, анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй хамтатган явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.1 хувийн саналаар дэмжсэн гэж байлаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны саналаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй хамтатган явуулах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.6 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.
Зарим Байнгын хорооны дарга нарыг сонголоо
Хуралдаан Зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлаар үргэлжилсэн.
Энэ талаарх Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа нар тус тус танилцуулав. Тухайлбал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ганзоригийн Тэмүүлэнг Байнгын хорооны даргад улируулан нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Мөн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Бадрах овогтой Найдалааг нэр дэвшүүлсэн байна. Б.Найдалаа нь 1975 онд төрсөн, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, 1993 онд Нийслэлийн 23 дугаар сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж, 1997 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, 2004 онд Япон улсын Кобе их сургуулийг эдийн засгийн ухааны магистр, хөгжпийн эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1997-2002 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд эдийн засгийн онолын багш, 2004-2008 онд Анод болон Хаан банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал, эдийн засагч, 2008-2011 онд МСиЭс группын Юнител ХХК-ийн газрын захирал, 2011-2020 онд Монголын эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал, “Тогтвортой, ногоон санхүүжилтийн хөгжил” холбооны гүйцэтгэх захирал, 2016-2024 онд ХҮН намын дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд түүнийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 94.7 хувь нь дэмжсэн хэмээн танилцуулгад дурдсан байв.
Түүнчлэн Өргөдлийн байнгын хороо 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны даргад хууль, эрх зүйн мэдлэг боловсрол, ур чадвар болон ажлын туршлагыг харгалзан Улсын Их Хурлын гишүүн Одсүрэнгийн Номинчимэгийг нэр дэвшүүлсэн байна. О.Номинчимэг нь 1998 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 2-р дунд сургууль, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн харьяа Монгол-Туркийн хамтарсан байгалийн ухааны төрөлжсөн дунд сургууль, 2004 онд Токиогийн Гадаад Хэлний Их Сургууль, 2008 онд Токиогийн Их Сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 2010 онд “Харьцуулсан эрх зүй”-гээр магистрын зэргийг Токиогийн Их Сургуульд, 2015 онд “Хууль зүй”-н магистрын зэргийг Колумбийн хуулийн сургуульд тус тус хамгаалж, амжилттай төгссөн. Тэрбээр 2010-2011 онд "Мицубиши" корпорацийн Улаанбаатар салбарын Хууль эрх зүй, ашигт малтмалын төсөл хариуцсан ажилтан, 2011-2017 онд “Хоган Ловеллс Монголиа”-д ахлах хуульч, 2017-2019 онд Өмгөөллийн “Авинекс Партнерс” Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг хамтран үүсгэн байгуулж, гишүүнээр, 2019-2021 онд Өмгөөллийн “Номин энд Адвокатс” Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар, 2021-2022 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга, 2022-2023 онд Монгол Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2023-2024 онд Нийслэлийн Засаг даргын орлогч, 2024 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгааг дурдахын зэрэгцээ Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэгийг нэр дэвшүүлснийг хэлэлцэж, санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн хэмээн дурдсан байлаа.
Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг Байнгын хорооны даргад улируулан сонгох, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Өргөдлийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэгийг сонгох санал хураалтыг тус тус явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд энэ талаарх тогтоол батлагдсанд тооцов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын зарим дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн.
Энэ талаарх Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байгуулалтын байнгын хороо болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд нар тус тус танилцуулав.
Улсын Их Хурлын дээрх зургаан Байнгын хороо 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах дэд хорооны бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцсэн.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Агаар орчны бохирдлын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, У.Отгонбаяр, Н.Наранбаатар, С.Замира, А.Ундраа, Ж.Золжаргал, С.Одонтуяа, Л.Мөнхбаясгалан, Ж.Чинбүрэн нарын, Хүнс, хөдөө аж ахуйн дэд хороог Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Ж.Батжаргал, Ц.Идэрбат, З.Мэндсайхан, С.Лүндэг, Б.Мөнхсоёл, Ц.Туваан, Д.Жаргалсайхан, Ц.Мөнхбат, Т.Мөнхсайхан, П.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Бүсчилсэн хөгжлийн дэд хороог Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, T.Болормаа, Ц.Идэрбат, Н.Номтойбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Г.Уянгахишиг нарын, Ёс зүйн дэд хороог УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Ч.Лодойсамбуу, Ч.Номин, О.Саранчулуун, Б.Хэрлэн, Д.Энхтуяа, Ө.Шижир нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо Төсвийн зарлагын хяналтын дэд хороонын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ч.Номин нарыг нэмэхийг саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Мөн Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Хүний эрхийн дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара, О.Номинчимэг, П. Сайнзориг, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд, Л.Соронзонболд, Б.Энхбаяр, О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Ж.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Боловсрол, шинжлэх ухааны дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, А.Ганбаатар, С.Зулпхар, Ц.Мөнхтуяа, Д.Рэгдэл, Г.Хосбаяр, Б.Хэрлэн нарын, Соёл, спорт, залуучуудын дэд хороог Ш.Бямбасүрэн, Д.Ганмаа, М.Ганхүлэг, М.Нарантуяа-Нара, О.Саранчулуун, М.Сарнай, Д.Энхтуяа, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Н.Батсүмбэрэл, Ш.Бямбасүрэн, Г.Лувсанжамц, Э.Одбаяр, Б.Тулга, М.Энхцэцэг нарын, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ц.Баатархүү, М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, П.Батчимэг, Ж.Ганбаатар, Р. Сэддорж нарын, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Ц.Баатархүү, Р.Батболд, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, П.Ганзориг, Б.Жаргалан, Л.Соронзонболд, Б.Тулга нарын, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Найдалаа, Б.Пунсалмаа, А.Ундраа, Б. Уянга, С.Цэнгүүн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг дэмжсэн гэдгийг Байнгын хороодын танилцуулгад тус тус дурдсан байлаа.
Ингээд “Монгол Улсын Их Хурлын зарим дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.
“Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Засгийн газраас 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо уг асуудлыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, “Тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг онцолсон.
Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин төслийн санхүүжилт, өртөг зардлын талаар тодруулав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариултдаа, Төслийн замын нийт өртөг 918 сая ам.доллар бөгөөд ТЭЗҮ боловсруулсан. Энэхүү үнийн дүнд нийтдээ 3800 нэгж талбар газар чөлөөлөлтийн өртөг 214 сая ам.доллароор тооцогдсоныг дурдаад ойролцоогоор 10 жилийн дотор төслийн гаргасан зардлыг эргэн тоолуураараа төлөх нөхцөлтэй. Харин зардал төлөгдөж чадаагүй тохиолдолд Засгийн газрын баталгаа руугаа шилжинэ. Үүнийг Засгийн газар өр төлбөрийг нь төлнө гэсэн агуулгаар ойлгож болохгүй гэж байлаа.
Энэ үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл уг асуудлыг нягтлан үзэж, мэдээлэл авах шаардлагатай тул тус намын бүлгээс 30 минутын завсарлага авахаар мэдэгдсэнийг хуралдаан даргалагч зөвшөөрөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.