Цэс

Холбоо барих

ХХНББХ: Боловсрол, шинжлэх ухааны болон Соёл, спорт, залуучуудын дэд хорооны дарга нарыг сонголоо

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.07.09) дахин хуралдаж, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд ажиллах Боловсрол, шинжлэх ухааны болон Соёл, спорт, залуучуудын дэд хороодын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс дэд хороодын даргад Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, М.Ганхүлэг нарын нэрийг дэвшүүлж буй тухай танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга А.Ариунзаяа хийв.

Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар Турк Улсын Мимар синаны их сургуульд социологич мэргэжил эзэмшсэн, Удирдлагын академийн багш, тэнхимийн эрхлэгч, захирал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайдын албан хашиж байсан туршлагатай бөгөөд 2024 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бол Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг Социал Демократ Монголын Залуучуудын холбооны Бүс хариуцсан нарийн бичгийн дарга, Монгол Ардын намын Улс төрийн бодлогын газрын дарга, Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Ерөнхий сайдын зөвлөх, Социал Демократ Монголын Оюутны холбооны Ерөнхийлөгч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ажилласан, мөнхүү 2024 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс дэд хороодын даргад нэр дэвшигчдээс асуух асуулт, санал гараагүй тул тус бүр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 89.5 хувь нь дэмжлээ. Иймд Боловсрол, шинжлэх ухааны болон Соёл, спорт, залуучуудын дэд хорооны дарга нарыг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг тус Байнгын хорооны дарга Б.Найдалаа уншиж танилцуулав. Тогтоолын төслийг баталъя гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.2 хувь нь дэмжсэн тул тогтоол батлагдсанд тооцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл