Цэс

Холбоо барих

ЭЗБХ: Дэд хороодын дарга нарыг сонгов


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.07.09) хуралдаан 16 цаг 38 минутад гишүүдийн 56.1 хувийн ирцтэйгээр эхэлж, Ж.Бат-Эрдэнэ гишүүн даргаллаа. Хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн; Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн; Инновац, цахим бодлогын хөгжлийн; Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга нарыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Эдийн засгийн байнгын хорооны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарыг нэр дэвшүүлсэн талаар тус бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Мөн дээрх гишүүдийн намтарыг тус бүрд нь дэлгэрэнгүй танилцуулсан юм. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаан оролцсон Улсын Их Хурлын 20 гишүүний 80 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэлийг (намтрыг эндээс) Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны даргаар сонгохыг дэмжлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалыг (намтрыг эндээс) Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар сонгохыг гишүүдийн 80 хувь дэмжив. Мөн санал хураалтад оролцсон гишүүдийн 90 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Ч.Анарыг (намтрыг эндээс) Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дэд хорооны даргаар, 85 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгыг (намтрыг эндээс) Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар сонгохыг тус тус дэмжсэн.


Иймд хуралдаан даргалагч,  Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ энэ талаарх Байнгын хорооны тогтоолыг төслийг танилцуулаад, төслийг батлах санал хураалтыг явууллаа. Хуралдаанд оролцсон 20 гишүүний 18 нь дэмжсэнээр Эдийн засгийн байнгын хорооны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн; Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн; Инновац, цахим бодлогын хөгжлийн; Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга нарыг сонгосон талаарх Байнгын хорооны тогтоол батлагдсан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл