Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өндөрлөв

 

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.07.09/ үдээс хойших нэгдсэн хуралдаан нийт 22 хууль тогтоолын төслүүдийн эцэслэн батлах санал хураалтаар үргэлжилсэн. Тухайлбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжсэн бол хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд хуулийн төслийг буцаалаа.

Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл бүрээр санал хураалт явуулж, баталсан.


Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийг батлав

Хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт  оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасны дагуу “Нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулж батлуулна.” гэсний дагуу төслүүдийн зүйл, заалт бүрээр  санал хураалт явуулсан. Тухайлбал, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.9 хувь, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 79.0 хувь, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.2 хувь, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт  оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувь нь тус тус дэмжсэн.


Хуралдаан “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн завсарлагын хугацаа дууссан тул Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах руу шилжүүлэх горимын саналыг дэмжье гэдэг томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 74.3 хувь нь дэмжлээ. Горимын санал дэмжигдсэн тул “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.


Дараа нь “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дахь хэсгийг үндэслэн боловсруулсан “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн байнгын хороо 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэн дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсныг танилцуулгад дурдсан байлаа. Тогтоолын төсөлд үйлдвэрийн салбарт гарсан ослоос үүдсэн зарим техник, тоног төхөөрөмж, өргөтгөлийн ажилд зориулсан хөрөнгө оруулалт болон төрийн үйл ажиллагаа, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад чиглэсэн зарим салбарын санхүүжилтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан төрийн худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах, төрийн байгууллагууд албан хаагчдаа салбарын онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлж сургалтын байгууллагаа сонгодог байх уян хатан, өрсөлдөөнд суурилсан зарчмыг нэвтрүүлэх, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтын зардалд зориулж Удирдлагын академид төсвөөс олгодог санхүүжилтийг тэглэх, төрийн албан хаагчийн үндсэн цалин, нэмэгдэл, урамшуулал, буцалтгүй тусламж, тэтгэмжийг бүх салбарт тэгш, шударгаар хэрэгжих байдлаар шинэчлэн зохицуулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах асуудлыг тусгалаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэж үзсэнийг Х.Ганхуяг гишүүн танилцуулгадаа онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг батлав

Үргэлжлүүлэн “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. 

Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын Болдын Уянгыг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Дамбын Батлутыг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Доржсүрэнгийн Үүрийнтуяаг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус батлахаар тусгажээ.

Ингээд “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.9 хувь нь  дэмжив.


Хуралдаан “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулсан. Тэрбээр, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу Байнгын хороодоос ирүүлсэн саналыг тусган, Төрийн байгуулалтын байнгын хороо уг тогтоолын төслийг боловсруулж, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх, төсвийн биелэлтийг хянан шалгах бусад асуудал зэрэг нийт 26 асуудлыг төлөвлөгөөт уг цаглаварт тусгасныг онцолж байлаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын А.Ариунзаяа, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авсны дараа тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.


Дараа нь  “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.  

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн  Б.Баярбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5, 45 дугаар зүйлд заасны дагуу “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулж, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцлээ. "Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг оруулна.” гэж заасны дагуу хэлэлцэх асуудлын жагсаалтад 39 хууль, тогтоолын төслийг тусгасан. Тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тогтоолын 1 дэх заалтад зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бурд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүилиин 5.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар зохицуулсан гэж байлаа.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Улсын Их Хурлын Байнгын хороод, Улсын Их Хурал дахь намын  бүлгүүд,  Засгийн газар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад тус тус үүрэг болгосныг дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.


Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөн, тусгасан байлаа. Үүнд:

1/Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл;

2/“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3/ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4/Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5/Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

6/Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

7/Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл;

8/Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд;

9/Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10/Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;

11/“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

12/Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

13/Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;        

14/“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

15/Нийтийн өмчийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд;

16/Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

17/Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

18/Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

19/Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

20/Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

21/Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

22/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

23/Арилжааны хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

24/Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

25/Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

26/Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

27/Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

28/Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

29/Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

30/Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

31/Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль,тогтоолын төслүүд;

32/Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулиин төслүүд;

33/Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

34/Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

35/Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;

36/Замын  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн  төслүүд;

37/Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн  төсөл;

38/“Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

39/“Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай”  Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл.


Дараа нь батлагдсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонслоо.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны  хаврын ээлжит чуулганыг хааж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, 126 гишүүнтэй шинэ парламентын 9 дэх бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд нийт 144 хууль, 146 тогтоол бид хэлэлцэн баталсан байна. Үүнээс 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 66 хууль, 59 тогтоол хэлэлцэн баталсныг дурдахын зэрэгцээ хүний эрхийн ноцтой зөрчил, хүнд суртал, авлига, албан тушаалын хэрэг бий болох боломжийг үгүй хийж, Засгийн газарт чиглэл болгож 350 орчим хууль дагасан журмуудыг цэгцлэх Улсын Их Хурлын тогтоол баталсныг онцолж байлаа.

Мөн намрын ээлжит чуулган эхлэх хугацааг наашлуулж, 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлж, төсөв хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг шинээр нэмж 4 байсныг 5 үе шаттай болгож өөрчилсөн. Ингэснээр Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо төсвийн төслийг мэргэжлийн байгууллага, ард иргэдийн дунд олон талын оролцоог хангаж илүү нухацтай хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэж чадсан гэдгийг Улсын их Хурлын дарга онцлон тэмдэглэсэн.


Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, хүртээмжтэй байх, иргэдийн оролцоог хангах, хариуцан тайлагнадаг байх нь Улсын Их Хурлын үнэт зүйлийн нэг гээд чуулганы завсарлагын хугацаанд баталсан хууль тогтоомжоо сонгогч түмэндээ ойлгуулан таниулах ажлыг идэвхтэй хийж, хэлэлцүүлгийн шатанд байгаа болон боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар иргэд, олон нийттэй нээлттэй санал солилцож, тэдний дуу хоолой, төлөөлөл байх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийг гишүүдээс хүсэж байлаа.

Ийнхүү Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл