Цэс

Холбоо барих

Шинээр байгуулагдсан дэд хороодын даргаар анх удаа сонгогдсон парламентчид ажиллана

Мажоритар тогтолцоогоор 78, хувь тэнцүүлсэн аргаар 48 гишүүн сонгогдон парламентат ёсыг бэхжүүлсэн, улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлсэн ес дэх удаагийн Улсын Их Хурал асуудлыг дагнан эрхэлж, энэ хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрх бүхий Дэд хороодоо өргөжүүлэв.


Улсын Их Хурлын гишүүдийн хамгийн залуу нь 27 настай, хамгийн ахмад нь 73 настай бөгөөд 17 инженер, 29 хуульч, эрх зүйч, 40 бизнес, эдийн засаг, санхүүгийн чиглэлийн мэргэжилтэн, хэл судлал, гадаад харилцааны чиглэлийн найм, багш найм, эмч тав, сэтгүүлч тав, улс төр судлаач дөрөв, геологич, дизайнер, жүжигчин, зураач, социологич, физикч юм. Нийгмийн бүлгүүдийн төлөөллийг жигд хангахаар 2023 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн үр дүн юм.

Иймд шинэ цагийн парламентат ёс, улс төрийн шинэ соёлыг эхлүүлсэн 126 гишүүнтэй Улсын Их Хурал төр төвтэй хуулиас хүн төвтэй хууль руу шилжих, хуулиас давсан журмыг цэгцлэх, хууль ба журмын зохист харьцааг хангах “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг хэрэгжүүлэхдээ ирэх ээлжит чуулгануудад мэдлэг, чадвар, туршлагатай шинэ, залуу гишүүдэдээ ажлын гүн рүү даруй орох, чиг үүргээ шуурхай хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн өгч, шинээр байгуулагдсан дэд хороодоо хариуцуулахаар шийдвэрлэсэн юм.

Байнгын хорооны бүрэлдэхүүнд тодорхой асуудлыг дагнан эрхэлж, энэ хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхийг хэрэгжүүлнэ. Улсын Их Хурлын дарга мэргэжил, туршлагад үндэслэн салбар салбарын эрх зүйн орчинд тулгамдсан асуудлыг тодорхойлох, холбогдох хууль эрх зүйн орчныг нарийвчлах, тодорхойгүй, тэгш бус байдлыг арилгах чиглэлээр гишүүн бүртэй тухайлан хамтран ажиллахаа анхдугаар чуулганы хаалтын үгэндээ тодотгож байв. Өнөөдөр шинээр байгуулагдсан

Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнд Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороог байгуулсан бөгөөд анх удаа сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Нацагдоржийн Батсүмбэрэл даргаар сонгогдлоо. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжлийн бодлогын асуудлыг дагнан эрхлэх Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар анх удаа сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Отгоншарын Батнайрамдал ажиллана. Мөн Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо нь өндөр технологи, үндэсний инновацыг дэмжих, хөгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, цахим хөгжлийн бодлогын асуудлыг дагнан эрхлэх Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны даргаар анх удаа сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Чинбаатарын Анар ажиллах юм.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар анх удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Болдын Уянга ажиллах юм.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны бүрэлдэхүүний хоёр дэд хороог шинээр байгуулахаар холбогдох хуулийг баталсан. Энэ дагуу анх удаа сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай Агаар орчны бохирдлын дэд хорооны даргаар, Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны даргаар мөн анх удаа сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар ажиллахаар үүрэгт ажлаа өнөөдөр (2025.07.09) хүлээн авсан юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд шинээр байгуулсан Бүсчилсэн хөгжлийн дэд хороог анх удаа сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн удирдах бол Ёс зүйн дэд хорооны даргаар анх удаа парламентын гишүүнээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар ажиллана. Харин Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар туршлагатай парламентч, тав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн  гишүүн Ц.Даваасүрэнг сонгосон юм.

Нэрээ өөрчилж, бүрэлдэхүүнээ өргөтгөсөн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнд Боловсрол, шинжлэх ухааны дэд хороо байгуулагдсан бөгөөд анх удаа сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар тус дэд хороог удирдаж, харьяалах асуудлыг дагнан эрхэлнэ. Соёл, спорт, залуучуудын дэд хороог мөн залуу парламентч, анх удаа сонгогдон ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг удирдан, ирэх чуулгануудад соёл, спорт, залуучуудын асуудлыг дагнан эрхэлж, судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхийг хэрэгжүүлнэ.

Монгол Улсын ес дэх Улсын Их Хурлын бүрэн эрх хэрэгжээд даруй нэг жил өнгөрөөд байгаа бөгөөд хийх ажил их, ард түмний хүлээлт өндөр байгаа тул нийгэмд үүссэн авлига хүнд суртал, хүний эрхийн зөрчил, тэгш бус байдлыг үндсээр нь халах “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн зорилго хэрэгжүүлэхдээ шинээр сонгогдсон, залуу парламентчдаа түшин үлдэж буй гурван жилийн хугацаанд илүү үр бүтээлтэй ажиллахаар шийдвэрлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл