Цэс

Холбоо барих

ХЗБХ: Ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 56 асуудал хэлэлцжээ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо 18 удаа хуралдаж, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 56 асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган ажиллаж, 3 хууль, Улсын Их Хурлын 9 тогтоолыг эцэслэн батлуулсан байна. Мөн Байнгын хорооны тогтоолын 10 төслийг хэлэлцэн баталжээ.


Байнгын хороо Улсын Их Хуралд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах үе шатанд 33 санал, дүгнэлт, танилцуулгыг бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажилласан байна. Байнгын хорооны тогтоолоор 10 ажлын хэсэг байгуулжээ.

Ээлжит чуулганы хугацаанд Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулжээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны дүгнэлтүүд, “Хууль тогтоомжий тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, “Монгол Улс дахь хүний эрх, эрх  чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” зэрэг Улсын Их Хурлын тогтоолуудыг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна.

Хууль зүйн байнгын хороо нь эрх зүйн бодлого; хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа; гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого; улсын хил хамгаалалтын бодлогын хэрэгжилт; хууль зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс, ялын бодлого; шүүх эрх мэдлийн эрх зүйн үндэс, хараат бус байдлыг хангах асуудал; прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэл; нийтийн болон хувийн өмчийн эрх зүйн үндэс; эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаан, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа; өршөөл үзүүлэх асуудал; патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг; цагаачлал, иргэний харьяалал; архив; эрх зүйн туслалцаа; өмгөөлөл; иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл; улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах зэрэг 17 асуудлыг эрхэлж, энэ хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй ажилладаг.


Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний талаарх Улсын Их Хурал болон Олон улсын парламентын холбооны хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлэг, "Эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн мэдлэгийг түгээх" Хүний эрхийн сургагч багшийн хөтөлбөрийн хүрээнд оюутан залуусд зориулсан сургалт Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний талаарх Монгол Улсын Их Хурал болон Олон улсын парламентын холбооны хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлэг болон “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг” зэрэг 11 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол, Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг сонсох ажлыг зохион байгуулсан байна.

Албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлын хүрээнд ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох санал, Монгол Улсын Ерөнхий сайдаас Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилуулах санал, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийн танилцуулгыг хуралдаанаараа хэлэлцэж, холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлсэн байна.

Иргэдээс Байнгын хороонд 197 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн бол албан байгууллага, аж ахуйн нэгжээс 77 албан бичгийг хүлээн авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, хариу өгч, холбогдох газарт явуулжээ.


Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай /Шинэчилсэн найруулга/, Төлбөрийн чадваргүйдлийн тухай /Шинэчилсэн найруулга/, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлэн хуулийн төслүүд хэлэлцүүлгийн шатанд байна хэмээн Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл