Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд нийт 4 удаа хуралдаж, есөн асуудал хэлэлцэж, дөрвөн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын хоёр тогтоолын төсөл хэлэлцүүлж, санал, дүгнэлт гурав, зарчмын зөрүүтэй саналын томьёолол дөрвийг бэлтгэсэн байна.
Мөн ээлжит чуулганы хугацаанд “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмэлт оруулах тухай”, “Чиглэл өгөх тухай” зэрэг Байнгын хорооны нийт гурван тогтоол хэлэлцэн баталсан бөгөөд хянан шалгах ажлын хэсэг 10 байгуулан ажилласан байна.
Түүнчлэн эрхлэх асуудлынхаа хүрээнд Дээд боловсролын тухай хуулийн хүрээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Зүүн хотхоны үйл ажиллагаатай танилцсаны зэрэгцээ үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн орчин, нөхцөлийг сайжруулах хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын спортын дунд сургуулийн асуудлаар Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний олимпын хороо, Үндэсний шигшээ багийн төлөөлөл болон спортын холбоодтой уулзалт хийж, санал солилцлоо.
Мөн Байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх” үүрэг бүхий ажлын хэсгийнхэн 2025 оны 4 дүгээр сарын 19-22-ны өдөр Төв, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймагт ажиллав.
Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлын хүрээнд “Нийгмийн хариуцлага ба хөрөнгө оруулалт”, Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж, төлөвлөгөөний дагуу “Багшийн хомсдолын өнөөгийн нөхцөл байдал, шийдвэрлэх арга зам” зэрэг нийт дөрвөн хэлэцүүлэг зохион байгуулж ажиллав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.