Цэс

Холбоо барих

ТББХ: Нийт 26 удаа хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох зэрэг 67 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо 23 удаа, бусад Байнгын хороотой хамтран гурван удаа, нийт 26 удаа хуралджээ. Энэ хугацаанд эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 67 асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган ажиллаж, 31 хууль, Улсын Их Хурлын 17 тогтоолыг эцэслэн батлуулсан байна. Мөн Байнгын хорооны тогтоолын 8 төслийг хэлэлцэн баталжээ.

Байнгын хороо Улсын Их Хуралд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах үе шатанд 34 санал, дүгнэлт, танилцуулгыг бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажиллаж, Байнгын хорооны тогтоолоор нэг ажлын хэсэг байгуулжээ.


Ээлжит чуулганы хугацаанд Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай; Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлуулжээ. Түүнчлэн Засгийн газар дахь хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; Монгол Улсын Хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай; Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулжээ.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу Байнгын хороодоос ирүүлсэн саналыг тусган Төрийн байгуулалтын байнгын хороо “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, Улсын Их Хурлын Тамгын газрын 2024 оны үйл ажиллагааны тайлан зэрэг 6 мэдээлэл, тайланг хэлэлцжээ.


Мөн ээлжит чуулганы хугацаанд Төрийн албаны зөвлөлийн орон тооны 3 гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу асуудлыг хэлэлцэн шийдвэрлээд, “Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 55 дугаар тогтоол, “Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын 56 дугаар тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанаар баталж, Цэнддаваагийн Амартөгс, Лхагвасүрэнгийн Золзаяа, Бадамдоржийн Төгсцэнгэл нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр тус тус томилсон.


Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр оруулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 06 дугаар сарын 10, 12-ны өдрийн хуралдаанаар, Улсын Их Хурал 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай” Улсын Их Хурлын 54 дүгээр тогтоолыг баталж, Монгол Улсын Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатарыг томилсон. Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлуудыг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд иргэдээс Төрийн байгуулалтын байнгын хороонд 6 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн бол албан байгууллага, аж ахуйн нэгжээс 25 албан бичгийг хүлээн авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, хариу өгсөн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл; Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байна хэмээн Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл