Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар, тус бүлгийн дэд дарга Д.Бум-Очир нар өнөөдөр /2025.07.29/ Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын гишүүн Каяхан Туркменоглу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд бүлгийн дарга С.Зулпхар Монгол, Турк хоёр орны ард түмэн олон жилийн түүхэн найрсаг харилцаатай бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад энэ оны 1 дүгээр сард хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.
Энэхүү түүхэн айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн агуулгаар баяжуулж, олон салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ хамтын ажиллагааны ирээдүйн зорилго, зорилтыг тодорхойлсон үр дүнтэй айлчлал болсон гэдэгт итгэл төгс байна гэлээ.
Мөн Бүгд Найрамдах Турк Улсын Ван мужаас сонгогдсон Үндэсний Их Хурлын гишүүн Каяхан Туркменоглу нь хоёр талын харилцаанд идэвх, санаачилга гарган ажилладагт талархал илэрхийлэв.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дэд дарга Д.Бум-Очирын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Турк Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Ван мужийн хөтөлбөрийг зохион байгуулахад өөрийн санаачилгаар оролцож, Ван мужийн Хан тосгонд олдсон Хүлэгү хааны зуны ордны туурийн малтлагын ажлыг урагшлуулах, энэхүү төсөлд түшиглэн цаашид хоёр улсын түүх, соёлын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл хэрэгжүүлэх санаачилга дэвшүүлэн ажиллаж байгаад мөн талархал илэрхийлэв.
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын гишүүн Каяхан Туркменоглу өөрийн сонгогдсон Ван мужид Монгол Улсын төрийн тэргүүн хүрэлцэн ирсэнд баяртай байгааг илэрхийлж, Ван мужаас олдсон Ил хаант улсын хаан Хүлэгүгийн ордны олдвор нь хоёр орны түүх, археологийн харилцааг хөгжүүлж, Монгол, Турк хоёр үндэстний чухал олдвор болохыг онцлов. Мөн Турк Улсын Хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Налайх дүүрэгт хэрэгжүүлж буй Мэргэн тоньюкукын гэрэлт хөшөөний музейн төсөл нь хоёр орны соёлын гүүр болно гээд цаашид Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.