Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны дөрөвдүгээр сард эрхэмсэг ноён Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийснээс хойш дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй, манай чухал “гуравдагч хөрш”, Зүүн хойд Азийн бүс нутаг дахь ойр дотно түнш БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байдгаа онцлон тэмдэглэв.
Түүнчлэн, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад хэрэгжиж буй “10 аймгийн төвд дулааны станц барих” төсөлд тулгараад буй саад бэрхшээлийг цаг алдалгүй шийдвэрлэж, шинэ гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахад анхаарал хандуулж өгөхийг хүслээ.
Мөн хоёр улсын иргэд харилцан адил нөхцөлөөр зорчих, эрүүл мэнд болон хүмүүнлэг, хүндэтгэн үзэх шалтгаанаар БНСУ-д зорчиж буй монгол иргэдийн нөхцөлийг дорвитой хөнгөвчлөх, тус улсын хил дээрээс буцаагддаг асуудалд Үндэсний Ассамблейн зүгээс үргэлжлүүлэн онцгойлон анхаарч өгөхийг хүсэв.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа мөрөөр ажиллаж, “10 аймгийн төвд дулааны станц барих” төслийг богино хугацаанд хэвийн байдалд оруулж, амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч буйгаа онцоллоо.
Мөн монгол иргэдийн БНСУ руу зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар судалж байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, цахим виз олгох, Элчин сайдын яамны консулын ажилтны тоог нэмэгдүүлэх, зохион байгуулалттайгаар, бүлгээр зорчиж буй иргэдийн визийг хөнгөвчлөх боломжуудыг судалж байгаа гэлээ.
Хоёр тал Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр эдийн засгийн бодит хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх хүрээнд хэлэлцэж тохирсон асуудлуудаар харилцан санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.