Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан.
Долдугаар сарын 9-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн уг хуулиар хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй ажиллах найман Байнгын хороодыг байгуулсан.
Энэ хүрээнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, 29 гишүүнтэй үргэлжлүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Байнгын хороо 32 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар заасан бөгөөд Төсвийн байнгын хороо 29, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 12 гишүүнтэйгээр үргэлжлүүлэн ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.