Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан.
Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд буй Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос гадна Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хүрээнд Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хороог байгуулахаар тусгасан.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу эрх зүйн бодлого; хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа; гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого; улсын хил хамгаалалтын бодлогын хэрэгжилт; хууль зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс, ялын бодлого; шүүх эрх мэдлийн эрх зүйн үндэс, хараат бус байдлыг хангах тэргүүтэй 17 асуудлыг эрхлэх Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчилснээр 25 гишүүнтэй болсон юм.
Хууль зүйн байнгын хорооны харьяанд хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын бодлогын асуудлыг дагнан хариуцдаг Хүний эрхийн дэд хороо ажилладаг бөгөөд бүрэлдэхүүнийг мөн шинэчлэн баталснаар 12 гишүүнтэй болсон хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.