Цэс

Холбоо барих

Байнгын хорооны дарга Б.Бейсен Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблей дахь Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Күенга тэргүүтэй төлөөлөгчдийг (2025.08.06) хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблей дахь Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Күенга Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсенд цаг гарган хүлээн авч буйд нь талархаад, өнгөрсөн 2024 оны Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн төрийн айлчлалаар уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бутаны Хаант Улсын Эрүүл мэндийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг онцолсон юм.


Үүний хүрээнд, эмийн ховор ургамлын бүтээгдэхүүнийг Монгол Улсад оруулж ирэх талаар талууд санал солилцлоо. Монгол улс болон Бутаны Хаант Улс цаг агаар, уур амьсгалын хувьд ижил төстэй тул Бутаны Хаант Улсын уулын өндөрлөгт ургадаг эмийн ховор ургамал нь монгол хүний биед илүү зохистой хэмээн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен тэмдэглэлээ.


Мөн өнгөрсөн 2024 оны төрийн айлчлалаар Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Бутаны Хаант Улсын Боловсрол, ур чадвар хөгжлийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны үр дүнд тус ондоо Бутаны Хаант Улсын 13 оюутан манай улсад уламжлалт анагаах ухааны мэргэжлээр суралцсан нь хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа хурдацтай өсөн дэвшиж байгаагийн илрэл хэмээв.


Уулзалтын төгсгөлд Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблей дахь Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Күенга болон бүлгийн бусад гишүүд Монгол Улсад анх удаа айлчилж байгаадаа сэтгэгдэл өндөр байгаагаа онцлон, хоёр улсын парламентын хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжин хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байгаагаа талууд санал нэгтэйгээр илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл