Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблей дахь Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Күенга тэргүүтэй төлөөлөгчдийг (2025.08.07) хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд өнгөрсөн 2024 онд Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнд хоёр улсын харилцаа сайжирч байгаагийн тод илрэл нь парламентын түвшний анхны айлчлал болж байгааг Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж талархан тэмдэглэлээ.
Хоёр улсын худалдааны эргэлт 2024 оны 6 дугаар сарын байдлаар 51.27 мянган ам.долларт байгааг цаашид нэмэгдүүлэх бараа бүтээгдэхүүний нэр төрлийг сайжруулах боломжийг судалж, хэрэгжүүлэх шаардлагатайг Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж онцолсон юм.
Түүнчлэн, Монгол Улсын “Go Mongolia” болон Бутаны Хаант Улсын “Bhutan Believe” санаачилгуудыг хамтын брэнд болговол үд дүнд нь аялал жуулчлал хөгжиж, хүмүүс хоорондын харилцаа холбоо бэхэжнэ гэдэг дээр талууд санал нийлэв.
Уулзалтын төгсгөлд Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблей дахь Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Күенга болон бүлгийн бусад гишүүд Монгол Улсад айлчилж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэхүү айлчлал нь хоёр талын Хууль тогтоох байгууллага, Засгийн газар, ард түмний хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна хэмээн талууд санал нэгдсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.