Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль нь тухайн төсвийн жилийн хүлээгдэж байгаа макро эдийн засгийн болон төсвийн гүйцэтгэлийн төлөв, дунд хугацааны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн төсөөлөлд суурилсан төсвийн бодлогын эрх зүйн үндэс болох бөгөөд 2026 оны төсвийн төслийг боловсруулах үндсэн баримт бичиг юм.
Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцээд, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр баталсан юм.
Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн дунд хугацаан дахь төсөөллийн баримт бичгийн төслийг Улсын Их Хурлаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон төсвийн тусгай шаардлагад нийцсэн байна гэж үзэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн хувилбараар баталжээ.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон нийт зарлагын хэмжээ 2026-2028 онд тухайн жилдээ харилцан тэнцүү байх, дунд хугацаанд жил бүр нэгдсэн төсөв алдагдалгүй байна хэмээн төлөвлөсөн байна. Харин нэгдсэн төсвийн суурь тэнцлийг 2026 онд ДНБ-ий 3 хувь, 2027-2028 онд 2 хувийн ашигтай байхаар, суурь зарлагын ДНБ-д эзлэх хэмжээг үе шаттай бууруулж, 28.7 хувиас 27.6 хувь болгохоор, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдэл 2026 онд ДНБ-ий 50 хувь, 2027-2028 онд 45 хувьтай тэнцүү байхаар тооцжээ.
Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг
Төсөв, мөнгөний бодлогын хүрээнд Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийг баталдаг бөгөөд Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичигт дөрвөн үндсэн зорилтыг тусган баталжээ.
Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хэмжээ 2026-2028 оны хооронд 42 хувь орчимд тогтвортой хадгалагдах төсөөлөлтэй байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөлд ДНБ-ний бодит өсөлт 2026 онд 6.0 хувь, 2027 онд 6.5 хувь, 2028 онд 6.5 хувьтай тус тус тэнцэхээр, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хэмжээ 2026-2028 онд 0.0 хувьтай тус тус тэнцэхээр төсөөлсөн байх бөгөөд Засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх хэмжээг 2026 онд 50 хувь, 2027-2028 онд 45 хувьтай тэнцэхээр тусгасан. Энэхүү төсөөллийн хүрээнд Засгийн газрын өрийн хэмжээг тооцоолоход Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хэмжээ 2026 онд 40.7 хувь, 2027 онд 40.2 хувь, 2028 онд 40.4 хувьтай тэнцэхээр байгаа нь төсвийн хүрээний мэдэгдэлд туссан хязгаарт нийцэж байна.
Цаашид Засгийн газрын өрийн ДНБ-нд харьцуулсан харьцааны төсөөллийг өсгөхөд нөлөөлөх гол хүчин зүйл нь 2025-2028 онд Засгийн газрын өрийн баталгаа болон орон нутгийн өрийн өөрчлөлт байх хүлээлттэй байгаа бол бууруулахад нөлөөлөх гол хүчин зүйл нь дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт болон хүүгийн төлбөрийг цэвэрлэсэн төсвийн тэнцлийн үзүүлэлт байх төсөөлөлтэй байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.