“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Журам шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлж, тус тогтоолуудын хавсралтаар “Өрийн удирдлагын зөвлөлийн ажиллах журам” болон “Бүсийн зөвлөлийн ажиллах журам”-ыг тус тус баталсантай дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, “Өрийн удирдлагын зөвлөлийн ажиллах журам”-ын зорилго нь Өрийн удирдлагын тухай хуулийн 21.1-д заасан Өрийн удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүн, чиг үүрэг, үйл ажиллагааны зохион байгуулалт болон зөвлөмж гаргах, түүнийг олон нийтэд танилцуулах, мэдээлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино. Зөвлөл нь үйл ажиллагаандаа Өрийн удирдлагын тухай хууль, энэ журам болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгох юм байна. Түүнчлэн Зөвлөл нь үйл ажиллагаандаа Өрийн удирдлагын тухай хуульд заасан өрийн удирдлагын зарчмыг хангах, хууль дээдлэх, хараат бус, ил тод, хариуцлагатай байх зарчмыг баримтлах бөгөөд тогтоосон загвараар үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэж болох ажээ.
Харин “Бүсийн зөвлөлийн ажиллах журам”- аар бүс нутгийн хөгжлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг зохицуулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах бөгөөд Зөвлөл нь Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа удирдлага болгоно. Мөн Зөвлөл нь хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Ажлын албатай байж, улмаар бүсийн нийгэм, эдийн засаг, байгаль орчин, дэд бүтцийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлтэй уялдуулан дэргэдээ салбар зөвлөлтэй байж болох бөгөөд салбар зөвлөлийн ажиллах журмыг үйл ажиллагааны онцлогтой уялдуулан Бүсийн зөвлөлийн дарга баталж, мөрдүүлэх ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.